ГОВИЙН БҮСГҮЙН МӨРӨӨДӨЛ-SAKURA GARDEN

🕔 2017/05/19 13:57

Монголд тарьсан сакурай жижигхэн ягаан цэцэг бундуйлан дэлбээлж байгаа ийм нэгэн зураг Дундговиос нисэн ирэв. Ердөө л зургаа хоногийн өмнө буюу Мод тарих өдрөөр Дундговийн шаргал хөрсөнд бидний тарьсан мод ийн өхөөрдөм хөөрхнөөр дэлбээлэн ургаж байгаа зургийг харахад үнэхээр сэтгэл догдлов. Техник, технологи харилцаа холбоо хөгжсөн юм болохоор амихандаа тарьсан моддоо хэрхэж байгаа талаар асууж лавлаж байсан ч тав зургаахан хоногийн дотор ийн тарьсан модод маань бултаараа урган цэцэглэж байгааг харахад үнэхээр гайхалтай. Бидний хэсэг хүмүүс буюу Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, эмэгтэй сэтгүүлчдийн "Үгийн хүч” клубынхан Дундговийн уугуул Нямаа бүсгүйн санаачлагаар ийн 200 гаруй км замыг эвхэн давхиж Дундговьд очиж мод тарьсан нь бас хөөрхөн түүхтэй.

 

Зарим хүн ч хотын утааны эсрэг мод тарья гэж байхад хаа байсан Дундговьд очиж мод тарих гэдэг "бяртай бүсгүйчүүд” гэж нөхөрсгөөр шоглохын зэрэгцээ Говьд мод ургах уу гэсэн эргэлзээг бас дайж байлаа. Арай түргэдсэн байж болох ч энэ зураг эхний эргэлзээг бага ч болов няцаах болов уу?

Яагаад заавал Дундговьд гэж үү?

Үнэндээ говьд очиж мод тарина гэж төсөөлөө ч үгүй шахам байсан хэсэг хүмүүсийг Гурвансайханы уугуул Нямаа бүсгүй уриалсан хэрэг. Аль хавар Дундговьд очиж мод тарих тухай дуулгасан л даа. Харин яг газар дээрээ давхиад очиход хэдийнэ 10 га газрыг хашаалаад 300 гаруй нүх ухуулж, хоёр машин ус сойчихож. Нүхийг нь ухчихсан байхад 300 хан мод юухан байх вэ гэлцсэн хүмүүсийн хувьд үнэндээ ч хөөрхөн ажил байв. Хамгийн гол нь мод тарих нэг хэрэг модыг ургуулах нэг хэрэг гэж хөөрхөн цэцэрхээстэй. Мэдээж ургуулахын тулд зөв тарих чухал. Нямаа үүнийг аль хэдийнэ тооцоолон аймгийн ой үржүүлгийн газрын даргыг, хоёр мэргэжилтэнтэй нь урьж. Өвгөчөөр ах бидэнд хэрхэн мод тарихыг заангаа "Арван га газар мод тарьж ургуулна гэдэг бас их зориг шүү дээ. Бид чинь төсвийн хөрөнгөөр олуулаа ажиллана. Гээд арван га газар гэж лав зүрхлэхгүй. Яасан зоригтой охин бэ” гэж шогшрох. Төвөөс ирсэн төлөөлөгч гэгчээр нийслэлээс ирсэн бид хэд сүр бадруулан хугас өдөр мод суулган, ихээ додигор буцах замдаа гарахад Нямаа бүсгүй худаг гаргах, мод услах арчлах хүмүүстэйгээ ярилцах гэх мэтчилэн ажлаа амжуулах бололтой үлдэв. Ердөө маргааш нь худгаа гаргасан, усалгааны систем тавьж мод сувилагчдынхаа ажлыг хөнгөвчлөх, зөвхөн мод усалгаагаар мэргэжил дээшлүүлсэн хоёр хүнийг цэцэрлэгтээ ажиллуулах болсон тухай цахим мэдээ нисч ирэв. Хөөрхөн нь цэцэрлэгт ажиллах хүмүүсээ модны сувилагч гээд нэрлэчихэж. Нэг үеэ бодоход монголчууд мод тарьдаг болсон ч усалж, сувилж ургуулж амьдруулахдаа дутмаг байгаа шүүмжлэлийг соргог тусгаж авч. Эхний үр дүн нь дээр өгүүлсэн зураг. Бас хойноос нь төрсөн дүүгийнхээ хашаандаа ургуулсан монгол сакурайн зургийг илгээж, бидний тарьсан мод ийм болно гэж урам зориг бадраана. Үүн шиг сайхан зүйл хаа сан? Энэ намар эсбөгөөс ирэх хавар дахин очно оо гэцгээн манай багийнхан хөөрөлхсөөр.  Хэзээ мөдгүй ягааран найгах модод дундаа хөгжилдөн зогсоно гэж бүр нүдэнд харагдана.

Нямаагийн мөрөөдөл

Нямаа бүсгүй арван га газартаа зүгээр ч үгүй сакура тарьж Говийн Sakura garden байгуулах том зорилготой. Эхлээд Монгол сакура хэмээх буйлс, бас Хятадаас захиалж авчруулсан Хятад сакураг тарьж үзээд, ирэх жилээс Япон сакура тарина, алдсаа моддынхоо гол хэсэгт чацаргана тарих юм байна. Гайхмаар романтик бас зоригтой ч юм шиг. Зөвхөн 10 га газрыг хашаалж, худаг ус гарган, мод сувилагч ажиллуулж 1000 мод асарч ургуулахад ямархуу зардал гарах нь тодорхой. Шавилхан хөөрхөн, залуухан бүсгүй энэ бүхнийг хувиасаа гаргаж байгаа, ах, эгч дүүс нь бас ирж эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа харагдана. Харваас гэр бүлээрээ ажилсаг, шоволзуур хүмүүс гэдэг нь андашгүй. Ээж нь төрөлх Гурвансайхандаа машин бариад малаа эргүүлж явдаг ажилсаг хөгшин байдаг гэж дуулдана.

Нямаа талбайнхаа голд чацаргана тариад, жимсийг нь сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд хандивлах санаатай байгаа гэхэд "Яагаад...?” гэж асууж төвдсөнгүй. Үнэндээ бол энэ бүхнийг яагаад хийнэ вэ гэсэн асуултын хариулт нь тодорхой Төрсөн нутагтаа сайн үйлс бүтээх, хүүхдүүдэд буян үйлдэх санаа байн байн цухалзана. Сүүлд сонсох нь ээ, хүүхдүүдэд биеийн тамирын хувцас бэлэглэх, ээжүүд эмэгтэйчүүдэд сургалт явуулах гээд сүүлийн хэдэн жил дандаа л нийгмийн, буяны ажил хийсэн аж. Бүр Дундговьд хүүхдийн эмнэлэг бариулах зураг төсөл гарган, гадны хандивлагчдыг хайж уйгагүй явж байгаа сурагтай. Яагаад гэсэн асуултад "Дундговь хүүхдийн эмнэлэггүй ганцхан аймаг. Хүүхдийн эмнэлэгтэй болгочихвол...” гээд л цааш урсаад л урсаад л. Гэвч мод тарихаас эхлээд дандаа буяны ажил хийж байгаагийн учрыг хожим сонсвол хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчнөө давахдаа чадах бүхнээ хийж амжих, буян үйлдэх, бусдын төлөө хөдөлмөрлөх их хүчийг ухаарч ойлгосон, бүтээж босгож яваа гэнэ лээ. Хорь хүрээгүй шахам байхдаа л бизнес хийж, холын Англи, Японд сурч хөдөлмөрлөж, амьдралтай танилцсан, ээж ааваасаа өвлөсөн хөдөлмөрч бүсгүй чамгүй ажил амжуулсан, цаашдаа ч ихийг бүтээх зориг, хүч ундрам харагдана.

Ховор тохиолдох өвчнөө даван гарч, сөрөн зогссоор байгаа түүний мөрөөдөл биелнэ ээ. Улам илүү ихийг бүтээх болтугай, говийн хөөрхөн бүсгүй минь ээ.

А.Алтантуяа



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!