Хэрвээ би охинтой байсан бол

🕔 2017/04/25 13:26

Хэрвээ би охинтой байсан бол

 

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будахгүй. Тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуулах байсан. 
Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэлэх байсан. 
Эрхлүүлж байна гэж элдэвийг авч өгөхгүй. Үүний оронд түүнтэй хамт өдөрт ядаж 30 минут тоглох байсан. 
Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заах байсан. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сургах байсан. 
Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж хэлэхгүй. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуулах байсан.
Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөө амьдар гэж бурхан нас өгснийг хэлэх байсан.
Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласны учрыг асуух байсан.
Балетаар бүжиглэж, төгөдөр хуур дар гэж шаардахгүй. Морь унуулж, jazz dance бүжиглүүлж, дуу заах байсан. 
Гэрийн чимэг болгож биш, бусдад харуулах гэж биш, охиноороо уншуулах гэж ном худалдаж авах байсан. 
Нарны тос түрхэж, малгай өмсгөхгүй. Зүлгэн дээр хэвтээд тэнгэр харж, дэлхийгээс өөр гараг дээр хүн амьдрана гэдгийг хэлэх байсан. 
Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуулах байсан. 
Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлэх байсан.
Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өгөх байсан. 
Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэж хэлэх байсан. 
Хүслийг нь хорьж тандахгүй байх байсан. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэх байсан.
Алдартай хүн болгох гэж би хичээхгүй. Амьдралд хайртай хүн болохыг хүсэх байсан. 
Ээжийгээ дэлхийгээс явчихвал байгалийг хайрла. Ганцаараа гэж битгий бод. Уул ус, мод, нар, од, тэнгэртэй ярилц, тэгэх бүрт ээж нь тэнд байх болно гэдэгт итгэл төгс итгүүлэх байсан.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!