Хямд буудлуудын “хар” бизнес

🕔 2017/04/21 12:11

Хямд буудлуудын “хар” бизнес

 

Цэцэг цэврүү шиг жаахан охин, ахимаг насны эртэй зочид буудлын үүдийг зүглэнэ. Харин үүдэнд нь тамхи зууж, шар айраг барьсан хөлчүү залуус нэгнээ үгээр "идэж” харагдана. Энэ бол Улаанбаатар хотын зочид буудлуудын дүр зураг. Таван алхмын зайтай байрлах гэмт хэргийн үүр болсон эдгээр газарт хариуцлага тооцож, хяналт шалгалт хийдэг газар нэг ч алга. Том толгойтой, тооцох хариуцлагагүй болсон зочид буудлууд хэн мөнгөтэйд нь үйлчилж байна. Зоосны нүхээр хардаг зочид буудлуудын дүр төрхийг илчлэхийн тулд бяцхан туршилт явууллаа.

НАС ХЭНД Ч ХАМААГҮЙ

Сонгинохайрхан дүүрэг хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэмт хэргийн гаралт ч энэ дүүрэгт өндөр хувийг эзэлдэг.

Саппорогоос Хархорин хүртэлх зам дагуу ярайх зочид буудлуудаар Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч хүүг дагуулан орлоо. Эдгээр буудлын үйл ажиллагаа 21.00 цагаас эхэлдэг аж. Сүржин хаягаас нь харахад басхүү дундаждаа тооцогдох эхний буудлаар оров.

Өнгөрсөн онд 359 гэмт хэрэг зочид буудалд үйлдэгджээ

Угтан авагчаас хоноглох өрөө байгаа, эсэхийг асуухад "Энгийн, хагас, люкс зэргээс хамааран үнэ нь харилцан адилгүй өрөөнүүд бий. Алинд нь орох вэ” хэмээн дуржигнатал асуув. Харваас л дунд сургуулийн хүүхэд байхад насанд хүрсэн, эсэхийг асуух нь битгий хэл ямар хүн орж байгааг үл анзаарч, бушуухан шиг л өрөөндөө "тууж” оруулах дөхнө. Дараа нь I хорооллын орон сууцны арын замаар байрлах дэн буудлуудыг зорив. Гаднаас нь харахад тоос шороонд дарагдсан 2-3 давхар 10 гаруй буудал эгнэжээ. Тэр хавьдаа л арай өнгө үзэмжтэйг нь "онилтол” мөн л туршилтад бүдэрлээ. Арга ч үгүй биз, гурав, таван одтой буудлууд нь насны хязгаар харгалзахгүй "ор” гээд байхад тэд хэн мөнгөтэйд нь үйлчлэх нь ойлгомжтой.

Биднийг үүдээр нь ороход хана нь дээд хэсгээрээ цуурсан, архи, тамхи, өөр юуны ч байж болох нэвширсэн үнэр хамар цоргино. Хонгилын шал нь нэг гишгэхэд л хяхтнаж, өрөөнүүдээс нь хөлчүү хүмүүсийн дуу хоолой дэргэд минь зогссон мэт талцах, маргах яриа тод сонсогдов. Тэдний өндөр дууг эмэгтэй хүний цангинасан инээд намжаана.

Ингээд угтагчийн санал болгосон хамгийн үнэтэйд тооцогдох 20 мянган төгрөгийн өрөөнд орж үзэв. Цагаан хэрэглэл нь хэдэн ч удаа угаасан юм бүү мэд өнгө нь гандаж нимгэрсэн, энд тэндгүй шарласан толботой, угаалгын өрөөны суултуур нь хагарчихсан байв. Хажууханд байрлах бас нэгэн зочид буудлаар ортол бүр угаалгын өрөөгүй, ганц жижиг ортой байх нь тэр. Хамгийн гайхмаар нь бие засах суултуургүй хэрнээ орныхоо чанх урд талд шүршүүр байрлуулсан нь хачирхалтай байлаа.

Хямд буудлуудын “хар” бизнес

 

ОХИД БА ХЯТАД

Хамгийн сүүлд нь Саппорогийн орчимд байрлах эрээн мяраан бичигтэй нэгэн буудлын үүдэнд олон хүн бужигнаж байгаа нь нүдэнд тусаж, зорьж орохоор шийдэв. Угтагчаас өөр монгол хүнгүй энэ газарт хоноглох өрөө авахаар зогссон хүмүүс нь дандаа хятадууд байлаа. Нэг хятад иргэн хажуудаа нэг монгол охин дагуулжээ. Хэсэг ажиглатал ойролцоогоор 10 гаруй хятад ар араасаа цувран өрөөний түлхүүр авч, зарим нь өөр хоорондоо чанга дуугаар инээлдэн дээш гарлаа. Бидний туршилтад орсон сурагч хүү энэхүү дүр зургийг хараад мэл гайхаж "Ямар аймшигтай юм бэ. Яагаад энэ бүхнийг анхаардаггүй юм бэ” хэмээн дуу алдан, ам асуулаа.

Мөнгө л олж байвал насанд хүрээгүй байсан ч хамаагүй үйлчилнэ

ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ

Уг нь нийслэлийн ИТХ-аас гаргасан журамд 21-ээс доош насны хүн зочид буудлаар үйлчлүүлж болохгүй гэж заасан. Гэтэл амьдрал дээр хууль хэрхэн хэрэгжиж байгааг дээрх зочид буудлууд ганцхан орой нотлон харууллаа. Тэд зөвхөн ашиг хонжоо хайж, хэн дуртайд нь ямар ч цензургүй үйлчилж байна. Харин үүнийг хэн анхаарч байна вэ.

Түүгээр ч үл барам гэмт хэргийн нууц үүр болсон энэ газарт хүмүүс дур зоргоороо авирлах нь их. Хөлсөлж авсан өрөөнийхөө хаалгыг цоожилж садар самуун үйл хийж, гаж донтнууд насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, архидан согтуурч, хар тамхи татаж, зарим нь бүр араатнаас дор авир гарган дөнгөж төрсөн нялх үрээ орон доор нь хаяад явсан гээд гашуун жишээ олон бий. Энэ мэт хариуцлагагүй замбараагүй байдлаас болж насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэргийн золиос болсоор байгааг яах вэ. Цэцэг цэврүү шиг охид минь буудлын үүдээр эргэлдэж, цэл залуухан эрчүүд нь архинд живж, авгай хүүхэн эргүүлэхээс хэтрэхгүй болсон байна.

ХЭН Ч ШАЛГАДАГГҮЙ

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2016 онд улсын хэмжээнд зочид буудалд үйлдэгдсэн 359 гэмт хэрэг гарснаас 298 нь нийслэлд болжээ. Эндээс харахад гэмт хэргийн үүр болсон энэ газрыг даруй цэгцлэх шаардлага гарч буй. Уг нь нийслэлийн МХГ- аас зочид буудлуудад хяналт, шалгалт хийдэг байж.

Гэтэл 2014 оноос ажил үүргийн хуваарьт зөвхөн хүний биед хохирол учруулж болзошгүй буюу архи, тамхи худалддаг тусгай зөвшөөрөлтэй газрыг шалгах ёстой гэсэн өөрчлөлт оруулж, зочид буудлуудыг шалгах эрхийг нийслэлийн Аялал жуулчлалын газарт шилжүүлжээ. Харамсалтай нь, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх зочид буудал болон дэн буудлуудад ердөө ганцхан хүн хяналт тавьдаг юм байна. Мэдээж нэг хүн бүх газрыг шалгаж, бүх зөрчлийг илрүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас тус газраас зөрчилтэй гэж үзсэн зочид буудлуудыг жилд нэг л удаа шалгадаг гэсэн тайлбарыг албаны хүн өгсөн.

Буудлуудад хяналт тавьдаг ганцхан хүн бий

Нийслэлийн хэмжээнд нийт 299 зочид буудал байна гэсэн мэдээлэл эргэлзээтэй санагдсан учир албаны хүнээс тодруулахад "Зөвшөөрөлгүй ажилладаг олон газар байдаг байх. Бид бүгдийг нь илрүүлэх боломжгүй.

Хяналт шалгалтаар явж байхдаа манайхаас зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа газрыг 50-250 мянган төгрөгөөр торгох, хамгийн эцсийн арга хэмжээ нь цахилгаан, дулааныг нь хязгаарлах” гэв. Түүнээс гадна ихэнх жижиг зочид болон дэн буудал орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг учраас дулаан, цахилгааныг нь таслаад байж чаддаггүй гэдгээ ч тэрбээр тайлбарлалаа. Тэрчлэн зөвшөөрөлгүй газрыг хааж, лацдаж, ломбодох эрх ганц мэргэжилтэн болон цагдаа нарт ч байдаггүй юм байна. Тэгэхээр нийслэлийн хаана ч, хэн ч энэ үйлчилгээг чимээгүйхэн эрхлэх боломж бүрдсэнийг тав алхаад таарах дэн буудлууд гэрчилж байна.

Хамгийн гол нь зочид буудалтай холбоотой ямар нэгэн асуудалд хэн хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй, цөөн хэдэн төгрөгөөр торгох төдий л өнгөрдөг. Энэ бугшсан асуудлыг нэг тийш шийдэхгүй бол Улаанбаатар хот зочид буудлуудаар дүүрэх нь.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!