Эртхэн л уяач болдог байж
Эртхэн л уяач болдог байж
Монголчууд бид хурдан морины уралдаан үзэж, баярлах, бахархах, омогших дуртай ард түмэн. Тэр ч битгий хэл соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээж чаддаг шидтэй хүмүүс. Сүүлийн жилүүдэд толгойтой бүхэн уяач болж, улсын наадамд морь сойх хүсэлтэй болсон.
Ядаж байхад уяачдад манлай, алдарт гээд зүйл бүрийн цол гуншин өгдөг болсон цаг. Тийм болоод ч тэр үү жаахан л мөнгөтэй хүн хурдан морь худалдан авч, хүнээр уяулдаг болчихоод байгаа. Цаашлаад өөрсдөө хүртэл уяачийн эрдэмд суралцаж, аймгийн ч болтугай алдарт болохын төлөө зүтгэх боллоо. Яагаад тэгтлээ уяач болж, морь уралдуулахаар хүн бүр хичээх болов гэдгийн нарийн учрыг олж чадахгүй, гайхаж байсан цаг саяхан. Тэгвэл өнгөрсөн жилээс уяач сэтэртнүүд борооны дараах мөөг шиг олшроод байсны учир сая олдлоо.
Нэг уяач сонгуулиар ялалт байгуулаад, томоохон албан тушаалд оччихлоо. Угаасаа л эрх мэдэл сайтай хүн байсан юм. Өнгөрсөн жилийн сонгуулиар нам нь үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш эрх мэдэл нь улам нэмэгдэхгүй юу. Ингээд л хэд хэдэн уяачид албан тушаал "бэлэг” болгон өглөө. Эхнээсээ зарим нь сайд ч болж байх шиг. Сүүлд "Эрдэнэт” үйлдвэрийн дэд даргын суудалд хоёр уяач заларлаа гэсэн мэдээлэл гараад байсан. Цаашлаад аймаг, сум, нийслэл, дүүрэгт хэчнээн ч уяач ажиллаж байгааг бүү мэд л болчихоод байна. Ер нь бол Монголын морин спорт уяачдын холбоо гэдэг чинь зарим нэг албан тушаалыг зохицуулаад байгаа юм биш үү.
Тийм болохоор эртхэн л уяач болдог байж халаглаж сууна. Ер нь энд тэнд сургууль соёлд суралцаад, боловсрол эзэмшээд, хэл ус сураад байх ч шаардлага алга. Эртхэн хэдэн малтай болоод, уяачийн эрдэмд суралцаж, овооны наадмаас гараагаа эхэлж байсан бол өдийд ядаж аймгийн манлай болчихоод, нэг газрын хурган дарга ч болтугай болчихсон байхгүй юу. Ер нь бол одоо ч оройтохгүй дээ. Хурдхан байгаа бүх мөнгөө шавхаад ч болов нэг хурдан морь Сүхбаатар зүгээс худалдаж аваад, уяач болчих хэрэгтэй. Хэдэн жил хичээгээд, гайгүй амжилт гаргаад, нөгөө хэн гуайн нүдэнд өртчихвөл аяндаа л албан тушаалд хүрнэ. За тэгээд томоохон үйлдвэрийн дэд дарга, эсвэл зөвлөхийн сэтэртэй болчихвол ч цалин мөнгө талийгаад өгнө шүү дээ. Юун махаа зулгааж сар ажиллаад, хэдхэн төгрөгийн цалин авах. Дарга нэртэй, том цэлгэр өрөөнд суугаад, сардаа л хэдэн саяар нь цалин аваад, хүн зараад л байж байна. Уяачийн эрдэм морь уяхад биш өндөр цалинд хүрэхэд хэрэгтэй болчихож, өнөө цагт. Ер нь дарга хийж, өрөөнд суугаад, гэдсээ илэхэд уяач ч бараг дээр байж магадгүй дээ.
Эх сурвалж: mminfo.mn