Ж.Эрдэнэбат: Төрийн өмчийн эзэд нь олон нийт

🕔 2017/04/07 15:34

"Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 80 гаруй компани  аж ахуй нэгжийн нэгдсэн үзэсгэлэн Тэнгэр плаза төвд өнөөдөр нээгдлээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын ерөнхий  сайд оролцож Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны танилцуулгыг үзэж, удирдлагуудад зарим чиглэл даалгаварыг өглөө. Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод байлгах ажлын эхлэлийг үүгээр тавьж тухай бүрт нь тайлагнахыг үүрэг болгосон.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үг

 

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан өнөөдрийн өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна.

 

Ж.Эрдэнэбат: Төрийн өмчийн эзэд нь олон нийт

 

Надад сая өгсөн мэдээллээр төрийн өмчийн 90 гаруй компани, тэдгээрийн удирдлагууд энэ арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Энэ өдөрлөг ямар нэгэн баяр ёслол юмуу, эсвэл Төрийн өмчийн компанийн захирал тайзан дээрээс ярьж, бусад нь заалнаас сонсох арга хэмжээ биш юм. Энэ арга хэмжээ төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нь хаалттай, худалдан авалт нь далд явдаг, хамтарч ажиллахад хүнд суртал ихтэй гэх зэрэг бодитой шүүмжлэлүүдийг засах ажлын эхлэл болох ёстой. Эцэст нь хэдэн компани иргэдэд нээлттэй болов, тендер, худалдан авалт нь шилэн болсон уу, дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг хэрхэн дэмжив гэдгээр энэ өдөрлөгийн үр дүнг тодорхойлох ёстой. Энэ үр дүнг яг нэг сарын дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт даалгаж байна. Цаашид өнөөдрийнх шиг заавал бүх компани нэг дор бөөгнөрч хамтдаа биш, төрийн өмчийн компаниуд ганц ганцаараа ийм нээлттэй өдөрлөгийг сар, улирал бүр хийж, үр дүнгээ нийтэд мэдээлж байх хэрэгтэй. Тэр бололцоог олгож, зохицуулалтыг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хий.

 

Бид, Монгол Улс өнөөдөр гоё сайхан нэртэй ганц удаагийн арга хэмжээнүүдээр дутаагүй. Харин ч тийм арга хэмжээнүүдээс олон түмэн залхаж, үр дүнд нь итгэл алдарч байгаа. Бидэнд бодитой үр дүн л хэрэгтэй. Миний бие, манай Засгийн газар энэ зарчмыг л барьж ажиллана. Ерөнхий сайдын хувьд миний бие цаашид та бүхний албаны үгтэй ажлын тайланг цаасан дээрээс уншихгүй, харин бодитой үр дүнг амьдрал дээрээс харах, очиж танилцахад цаг зав гаргахад бэлэн байх болно гэдгийг зориуд хэлье.

 

Би 20-иод хоногийн өмнө төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудтай уулзах үеэрээ тодорхой үүрэг даалгавар өгсөн. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажиллах ёстой, хэрвээ удирдлагын ур чадвараас болж ашиггүй ажиллаж байгаа бол тэр хүн ажлаа өгөхийг сануулсан. Мөн цалин хөлс, хангамж урамшуулалтай холбоотой зардлыг боломжит хэмжээгээр танаж хасахыг анхааруулсан. Тэр үүрэг даалгаврынхаа хүрээнд харвал хариуцсан компаниа ашигтай ажиллуулж чадна гэж үзсэн, тэгж өөртөө итгэсэн төрийн өмчийн компанийн захирлууд өнөөдрийн өдөрлөгт хүрэлцэн ирлээ гэж ойлгож байна.

 

Төрийн өмчийн компани бол бирж дээр хувьцаа гаргаагүй л болохоос бүх монголчуудын, олон нийтийн компани. Төрийн өмчийн эзэд нь олон нийт. Тийм учраас олон нийт буюу өмчийн эздийнхээ өмнө төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, худалдан авалт нь ил тод, үйлчилгээ нь элдэв чирэгдэлгүй, шуурхай байх ёстой. Төрийн өмчийн компанийн захирлуудад хувийн компанийн захирлуудынх  шиг эрх ямба, элдэв хангамж байх ёсгүй. Та бүхэн бол ард түмний өмчийг зөвхөн арвижуулах, компанийг ашигтай ажиллуулах үүрэг хүлээж төрөөс томилогдсон менежерүүд. Төрдөө, хариуцсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж, өмчийн эзэд болох иргэддээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргах эрх төрийн өмчийн компанийн аль ч шатны менежерүүдэд байх ёсгүй. Манай иргэдийн олонх нь төр муу менежер гэдэг. Төрийн өмчийн компаниуд, түүний удирдлагуудаас болж төр өнөөдөр ийм муу нэр хаяг зүүж байгаа. Зарим хүн төр сайн менежер байх ёстой гэдэг. Би ч хувьдаа тэгж үздэг, тийм боломжтой гэдэгт итгэдэг. Төр сайн менежер байх, үгүй нь төрийн өмчийн компаниуд, тэдний удирдлагаас шууд хамаарна. Төрийн эдийн засаг дахь оролцоо, төрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд дээр л байгаа. Эдгээр компаниудын олонх нь олон жил алдагдалтай ажиллаж ирсэн. Цаашид алдагдалтай ажилласан гэдэг ганц санхүүгийн тайлангаар бүхнийг хаахгүй, яагаад, юунаас болж алдагдалтай ажилласныг шалгаж тогтоон буруутай эздэд нь хуулийн хариуцлага тооцдог тогтолцоог чангатгах болно. 

 

Эдийн засгийн хүндрэлтэй өнөө цаг үед эх орныхоо төлөө ашигтай ажиллах ганцхан сонголт төрийн өмчийн болон төрийн өмчийн компаниудын өмнө байгааг би Ерөнхий сайдын хувьд үүрэг болгон энд анхааруулж байна. 

 

Ашигтай, алдагдалгүй ажиллахын тулд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод шударга болго, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажилла. Худалдан авалтын тендерээ ил тод зарладаг шигээ шалгаруулалтын үр дүнг нь бас олон нийтэд ил болго. Тендер, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, улмаар "шилэн” болгох хэрэгтэй.

 

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэл маш их хэрэгтэй. Ийм ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Засгийн газар зуучлалын үүргээ гүйцэтгэж өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Боломжийг үр дүнтэй ашиглахыг хувийн хэвшлийн бизнес эрхлэгчиддээ уриалж байна.

 

Та бүхэнд ашиг орлого нь арвин байхын ерөөл дэвшүүлье. гэлээ гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!