Говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна

🕔 2016/12/09 15:51

 

Говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна

Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас 16.0 мянган өрхийн 7.0 сая мал отроор өвөлжиж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 3 дугаар тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий хоёр шуурхай бүлгийг 21 аймагт томилон ажиллуулав.

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон, мөн цас орж цасан бүрхүүл тогтох үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байсан тул тал хээрт тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудын орон нутгийн чанартай зам, даваа цас орох, шуурах үеэр хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд ихээхэн хүндрэл бэрхшээл үүсэх явдал гарсаар байна.

Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж  байгаа тул мал сүргээ  тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг Улсын онцгой комисст  ирүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, бэлэн байдалд ажиллах саналаа илэрхийлээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!