ТОЙМ: Эмэгтэйчүүдийн баяртай давхцан эрчүүд БНСУ-д ажиллахаар дугаарласан долоо хоног
Өнгөрч буй долоо хоногт улс оронд олон онцлох үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу 3 сарын 8 энэ долоо хоногт тохиож, баярын өдрөөр эмэгтэйчүүд Сүхбаатарын талбайд эмэгтэчүүдийн эрхийн төлөө нүцгэн жагсаал цуглаан хийж гоо сайхан биеэрээ талбайг чимсэн нь анхаарал татлаа. Харин эл явдалтай зэрэгцэн БНСУ руу гэрээгээр ажиллах бүртгэл явагдаж гадаадад ажиллах хүсэлтэй эрчүүд урт дараалал үүсгэн дугаарлав. Дээрх хоёр үйл явдал нь манай улсад залуусын ажиллах хүчин, амьдралын байдал, эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг харуулж буй за. Түүнчлэн сар шинийн өмнө хоригдсон УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёрыг батлан даалтад гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч найман жил хэрхэн ажилласан талаараа ард түмнээрээ дүн тавиулсан долоо хоног байлаа. Ингээд мэдээллийн BOLOD.MN сайт өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэж байна.
Эмэгтэйчүүд нүцгэн жагсаал хийв
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /2017.03.08/ тохиолоо. Эл өдөр Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй нүцгэн жагсаал хийжээ.
Тэд "Оффшорчдыг зайлуул”, "Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж, нүцгэн жагсаал хийсэн байна. Энэхүү үйлдлээ Б.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй "Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ” хэмээн фэйсбүүк хуудсаар видео бичлэг хийж олон нийтэд цацжээ. Нүцгэн жагсаал хийсэн гурван эмэгтэй оффшорчдод хариуцлага хүлээлгэхийг Ерөнхийлөгчөөс шаардсан байна.
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл явагдлаа
Бүгд
найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй
иргэдийн шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэллээ. Хөдөлмөрийн гэрээгээр тус
улсыг зорих иргэдийн хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг. Эдгээр
шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
байдаг юм. Шалгалтыг энэ жил 11 дэх удаа зохиож байгаа нь энэ юм.
Энэ жилийн хувьд Солонгосын хүний нөөцийн газраас шалгалтын квотыг
бууруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил солонгос хэлний түвшин тогтоох
шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх юм. Өнгөрсөн жил энэ тоо 1000 байсан.
Харин сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорих иргэдийн урсгал багассан хэмээн тэд
үзжээ. Ер нь жил бүрийн үзүүлэлт буурсан дүнтэй гарсан гэв. Тиймээс энэ
жил шалгалтын квотыг багасгасан байна. Ингэж квотыг бууруулснаар
шалгалт өгөх иргэдийн шалгуур өндөрсч буйг сануулав.
Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтаар гаргалаа
Тэднийг
өнгөрсөн сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан
хорьсон билээ. Улмаар хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон
тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг энэ сарын 6-нд суллалаа. Харин "Фортуна” Н.Батбаярын тухайд хоёр хоногийн дараа мөн батлан даалтад гаргаж сулласан юм. Улмаар тэднийг суллаж, гадуур байцаах шийдвэр гаргажээ.
Ерөнхийлөгчийн гадаад бодлогод "Ардын эксперт”-үүд 10-аас 8.9 оноо өглөө
Монголын медиа корпорациас зохион байгуулж буй "Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг "Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 6-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн "МЕС” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэд (Ардын эксперт) оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт үнэлгээ өглөө. Ийнхүү сэдэвчилж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.
Монголын Консулын хэлтсийн эзэмшлийн байранд казино ажиллуулж байжээ
ОХУ дахь Монголын Засгийн газрын эзэмшлийн байранд нууц казино ажиллуулж байсныг илрүүлэн, шалгаж буй гэх мэдээлэл Оросын хэвлэлд гарсан. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийсэн билээ.
Москва
хотод Монгол Улсын эзэмшлийн гурван обьект байдаг аж. Тэдгээрийн нэг
болох 105 дугаар байранд казино ажиллуулж байсан гэх мэдээлэл гарсан юм.
Тэгвэл уг байрыг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2007 онд ОХУ-ын Центр
Регион Стиль гэх компанид түрээсэлжээ. Түрээсийн гэрээ 10 жилийн
хугацаатай бөгөөд энэ оны есдүгээр сард дуусгавар болох аж.
Гадаад
харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Москва хотын
захиргаа, мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ байрыг ашиглах
боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2005 онд гал гарч байсан учраас засч
сайжруулж, инженерийн шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт
гаргасан учраас манай Элчин сайдын яамны ажилтнууд болон худалдааны
төлөөлөгчийн газрын албан хаагчид нүүж, байрыг чөлөөлсөн” гэх мэдээллийг
өгөв.
BOLOD.MN