БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо

🕔 2016/11/27 19:47
 

БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо

 

СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын ард иргэд 1987 оны ардчилсан хувьсгалаас хойших хамгийн том жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан байна.

270 мянга орчим хүн оролцсон энэ эсэргүүцлийн жагсаал бямба гарагт эхэлж, ням гарагийн өглөөний 05:00 цаг хүртэл үргэлжилжээ.

Жагсагчид Пак Гын Хэг огцрохыг шаардсан уриа лоозон барьж, Ерөнхийлөгчийн ордон руу алхсан байна. Тэдний зарим нь цагдаа нартай тулгарсан боловч хараахан мөргөлдөөн гараагүй байна.

Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын прокурорууд мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Пак Гын Хэ хуучны найз Чой Сүн-сил болон хуучин туслах байсан хоёр хүний хамт хуйвалдаанд оролцсон гэсэн байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр сөрөг хүчний гурван нам тус тусдаа жагсаал зохион байгуулжээ. Тэд Пак Гын Хэг огцруулах саналыг парламентад өргөн барихаар төлөвлөсөн байна.

Энэ саналыг батлахын тулд Өмнөд Солонгосын парламент дахь эрх баригч Сэнури намын наад зах нь 28 гишүүний дэмжлэг хэрэгтэй юм.

Сэнури намын зонхилох бус гишүүдтэй хамтран ажилладаг тус намын 40 гаруй хууль тогтоогч уг саналыг дэмжихээ мэдэгдсэн гэж БНСУ-ын хоёр дахь том сөрөг хүчний Ардын намын томоохон албан тушаалтан мэдэгдэв.

Сөрөг хүчний гурван нам Пак Гын Хэг огцруулах саналыг ирэх долоо хоногтоо багтаан батлах зорилготой байна.

Д.Нямтулга

МОНЦАМЭ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!