Ерөнхийлөгч Г.Уянгын шаардлагаар бус утааны асуудлаар суудлаасаа унах уу
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа хагас жил орчмын дараа дуусна. Харин түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай юу гэх асуулт өнөөдөр улс төрийн болоод олон нийтийн дунд хөвөрч байна. Учир нь нэр бүхий гишүүд болоод УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулахыг шаардаж байгаа билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон намын гурван гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг өнгөрсөн оны сүүлчээр тавьсан бөгөөд үндэслэлүүдээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тэгвэл Г.Уянгын хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авч, тэд Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Ингэснээр С.Жавхлан гишүүн УИХ-ын чуулганд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулах боломжтой болсон.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мөн л Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө яаралтай огцруулах хэрэгтэй хэмээн уриалсан нь олны анхаарлыг эрхгүй татав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Утааны асуудлаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн. Тэрбээр энэ үеэр "2011 онд намайг дэлхийн агаарын бохирлын талаар хамгийн их санаачлага гаргаж байгаа Ерөнхийлөгч гэж НҮБ-ын байгаль орчны шагналаар хүртэл шагнаж байсан. Та нар сонсоогүй байж магадгүй л дээ. Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Үүнийг ойлгооч. Утааг гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй хэн нэгэн хүн сууж байгаа. 120 мянган өрх, айл гээд тоо яриад байгаа. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүмүүс сэтгэл нь өвддөг байх хэрэгтэй болъё. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эмч нарыг муулаад суугаад байхын үүнийхээ оронд дуудлага хүлээж авдаг болчих л доо. Хэцүү байгаа юм уу. Ер нь утаа их гаргаад байгаа зүйл түлж байгаа хүмүүсийг бүртгээд олонд илчлээд өгчих. Тэгвэл алдаагаа засдаг болно.
Үнэндээ утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үг гишүүдийн төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим ертөнцийнхөний "дайсан” болоод байгаа гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрье. Тэгээд онцгой горимоор ажиллах хэрэгтэй боллоо. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Тодорхой эрхүүд хязгаарлагдаж, үүрэг биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэдэг болгоно. Гамшгийн бүсээс нүүдэг, иргэдээ энэ аюултай орчноос нүүлгэдэг байх ёстой. Би Улаанбаатар хот амьдрахад таатай, сайхан хот гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин Улаанбаатар амьдрахад аюултай хот боллоо. Тиймээс Улаанбаатар руу битгий зүглээрэй гэдгийг долоон жилийн өмнө хэлж байсан. Гамшгийн хэмжээнд хүрсэн ийм хотод хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ” гэсэн.
Тэгвэл түүний энэ үг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн эгдүүцлийг төрүүлсэн бололтой. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Ерөнхийлөгч өчигдөр Агаарын бохирдлын талаар мэдээлэл хийхдээ "Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай юм ярьсан байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” хэмээсэн юм.
Үнэндээ утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үг гишүүдийн төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим ертөнцийнхөний "дайсан” болоод байгаа гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Ерөнхийлөгч утааны асуудлыг аль эртнээс л ганцаараа хэлж, хийж байсан мэт зүйлийг өгүүлсэн нь ийнхүү олны дургүйцлийг төрүүлсэн нь лавтай. Тэрбээр энэ удаагийнхаа мэдээллийн үеэр сэтгүүлчдийг хүртэл утааны асуудлаар дуугарч байгаагүй, утааны талаар бичиж, сурвалжилж байсан бол өнөөдөр Улаанбаатар "утаанбаатар” болохгүй байсан гэгчлэнгийн зүйл ярьсан нь ч хэвлэлийнхэний эгдүүцлийг төрүүлээд авсан. Тиймээс ч зарим хэвлэл мэдээллийнхэн утааны асуудлыг бичиж байсан гэх баримтыг хүртэл дэлгэж, Ерөнхийлөгчид хариу бариад авна лээ. Үнэн зүйл үнэнээрээ сайхан гэдэг энэ.
Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах нь зүйтэй эсэх, энэ асуудлыг УИХ-ын гишүүд хэрхэн хүлээн авах бол гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Ямартай ч Ерөнхийлөгчийг огцруулах галт тэрэг хэдийнэ хөдөлсөн бололтой. Харин асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах буй за.
Б.Энхжин
Эх сурвалж: 24 tsag.mn