ЗАР »
Ухаангүй ухаантан
Supposed to be smart, but not so smart.
Би хотоос хөдөөд очлоо. Хөдөөнийхөн ч шавж, хотоос ирсэн ухаантан, гэгээнтэн аятай л аяглаж хамаг байдгаа дэлгэнэ. "Хотод юу болж байна, яах гэж байна" гэж шалгаана.
Үнэндээ хотод юу болж байгаа, хот цаашид яах гэж байгаа, ноолуурын үнэ өсөх үү яахав, би огт мэдэхгүй. Гэхдээ би хотоос ирсэн учраас хөдөөнийхний хувьд Ухаантан. I am supposed to be smart. Ерөөсөө би ухаангүй, ухаантай нь огт хамаагүй болж ирэв.
Би ч байр сууриа алдахгүй, шинэ хонь, шинэ өрөмнөөсөө салахгүйн тулд амандаа орсноо бурна. Нэг мэдэхэд надад мэдэхгүй чадахгүй зүйл ч гэж үгүй болж. Ер нь бодоод байсан би супер ухаантан байж.
Зөв буруу, үнэн худал, хот яах гэж байгаа, хотод амьдрал яг яаж өрнөдөг зэрэг хотод байхдаа огт ойлгодоггүй байсан зүйлсээ бүрэн ойлгож хөдөөнийхөнд тайлбарлана. Ухаантан царайлж дүрэмдэнэ, мэдэмхийрнэ.
Математикчид
Би математикчидийг биширдэг. Би зарим математикчдийн боддог шиг тэдэнд дургүй ч биш. Харин би нэг ойлголтыг залруулах гэж л их хичээдэг.
Манай эцэг эхчүүд хүүхдээ тооны олимпиадад оруулаад, тоочин болгочихвол тэгээд болох юм гэж боддог. Маш том эндүүрэл. За тэгээд хүүхэд нь гай болж дүүргээс медал авчихвал тэгээд л хөөргөөд л Ухаантан болчихлоо л гэж тунхаглана. Ингээд нэг хүүхдийн хувь заяаг алаад хаячихаж байгаа юм. (80 хувийн магадлалтайгаар)
Тоо сайн боддог болчихоор хүн ухаантай, эсвэл амьдралд амжилт гаргах нь ойлгомжтой болдог байсан бол мөн сайхнаа. Харамсалтай нь үгүй.
Хүүхдийг болоогүй байхад нь хөөргөөд, supposed to be smart болгочихоор, ирээдүйг нь баллачихаж байгаа нь тэр. Амьдрал тоогоор хэмжигдэхгүй шүү дээ. Нийгэмд тоогоор тайлбарлаж чадахгүй, магадгүй боломж ч үгүй олон хэмжигдэхүүн бий.
Хүүхдээ, дүүгээ битгий баллаарай.
Гадаад явж галуу шувууны мах идэгсэд
Би гадаадад төгссөн, доктор хамгаалсан, олон жил амьдарсан хүмүүсийг бишрэн хүндэтгэдэг. Тэдний ихэнх нь мундаг хүмүүс байдаг. Харин зарим нь асуудалтай.
Гадаадад төгссөн, supposed to be smart буюу ухаангүй ухаантанг ажиллуулах гэж оролдсоноос зүгээр дотоодын бүтээгдэхүүнээ авсан нь дээр.
Америкт 7 жил амьдраад Монгол улсаа хөгжүүлэхээр ирсэн хичнээн ч ухаангүй ухаантантай уулзав даа. Бүүр тоть шиг "Монгол улсаа хөгжүүлэхээр эргэж ирлээ." гэж дургүй хүрмээр давтахыг нь яана. Юу ч чадахгүй байж. Америкт бүүр 20 жил амьдарчихаад тэр улсынхаа тухай ямар ч ойлголтгүй байвал би гайхахгүй.
Харин ирээд яг би дээр хөдөө очдог шиг л аяглана. Ухаангүй мөртлөө ухаантай дүр эсгэнэ.
"Аяа би мэдэхгүйгээ мэдлээ!" гэж 3000 жилийн өмнө, философийн эцэг уулга алдсан байдаг. Мэдэхгүйгээ мэдэхгүй хүн хаана ч гай болно. Бүүр тэгээд хамраа сөхсөн бол дуусаа.
Докторын диплом яг үүнтэй адил. Эдийн засгаар доктор хамгааллаа гэдэг нь эдийн засаг мэддэг боллоо гэсэн үг огтхон ч биш. Түүний маш олон салаа мөчрийн нэгээр нь докторын ажил хийгээ л биз дээ. Ер нь амьдралдаа нэг хүн ажиллуулж, нэг бүтээгдэхүүн бүтээж, улсад компаниараа татвар төлж, нэг харилцагчид загнуулж үзээгүй эдийн засагч гэж юу байдаг юм.
Зүй нь докторын диплом авсан хүн өөрийнхөө мэдэхгүй, тэнэгээ гайхаж суух учиртай юм. Юун мэддэг царайлах. Ухаантай царайлах.
Сүүлийн үед Харвардад, Стэнфордод төгссөн энэ, тэр гэж ирээд бас ярьж бахархах болж. Сайхан л даа. Жил бүр хэдэн мянган хүн ч Харвард төгсдөг юм. Тэрнээс нь хэд нь архичин болж, хэд нь амьдралдаа бүтэлгүйтэж, хэд нь үнэхээр улс орондоо бахархуулахаар зүйл хийдэг юм бол доо. Бодох л асуудал. Ер нь хийсэн бүтээсэнээр нь хүнээр бахархдаг болохоос, бид чинь юу л болоод байна даа. Оюуны хоосрол гэдэг энэ үү.
Google-д монгол хүн ажилладаг гэнэ. Мэдээж шүү дээ. 50 мянган хүнтэй компанид, арай ч дээ Монголоос нэг хүн ажиллах байлгүй дээ. Бид чинь тийм дүүрчихсэн тэнэг мангар ард түмэн биш шүү дээ. Гүүглэд хар шар бүх л хүн ажилладаг байлгүй дээ.
Бахархаад бичээд байхаар үйл явдал юм болов уу. Шинэ систем зохиосон, шинэ бүтээгдэхүүн гаргасан, шинэ нээлт хийснийг нь ярьж болохгүй юм байх даа.
Сүүлийн үед хараад байхнээ гадаадад амьдардаг мундаг эрдэмтэн Монголчууд бас гараад иржээ. Ерөөсөө л тэндээсээ комментлоод байх нь тэр. Энд ирээд бодит байдлыг нь нэг харчихаасай. Бас амьдарч байгаа гадаадын улс орныхоо нийгэм, соёл, эдийн засгийг бүрэн ухаад ойлгочихоосой. Хотоос хөдөөд ирсэн хотын хүү шиг л сонсогдох юм. Бичсэн, ярьсан юмнууд нь. Ичээсэй.
Эдийн засгийн шинэчлэлийн талаар миний бодит амьдралаас ургуулж, өөрийн биеэр туулж үзэж байж хэлж ярьдаг олон зүйлсийг хотоос ирсэн хотын талаар юу ч мэдэхгүй докторууд гутааж, унтрааж, үгүй хийдэг. Хэцүү ч юм даа. Ухаангүй ухаантанууд.
Одоо ч би тооны олимпиадын хагархай медалтнууд, гадаадад сураад юу ч сураагүй хэрнээ юм сурсан гэж өөртөө итгүүлэгчид, докторын хугархай зэрэгтнүүдийн дургүйг хүргэчихлээ дээ. Ихэнх нь ойлгохгүй эгдүүцэх биз. Нэг хоёр нь харин ойлгоод улс орондоо үнэхээр хэрэгтэй зүйл хийгээсэй билээ.
Өлзийбаярын Ганзориг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!