Дөжирсөн Монголын даварсан “ДОХ” 221-үүлээ болов
Ийнхүү ДОХ, Монгол хоёр хүзүү холбон тэврэлдээд, гар барин хөтлөлцөөд бүр салах шинжгүй дотносож, ижилсэн дасаж, ихэрлэн үржиж эхэллээ. Хар нөмрөгтэй, хохимой толгойтой, хадуур барьсан эрлэгийн элч "ноён” ДОХ-ын төрх өдгөө өөрчлөгдөж, зүс царай нь хүртэл аядуу зөөлөн харагдах болов. Хорь гаруй жилийн өмнө түүнтэй анх "танилцаж" асан монголчууд ...1...3...5 гэж тоолох бүртээ айдсыг мэдрэн, амьсгаа даран түгшдэг байсан. Сенсаци тарьсан энэ мэдээнүүдийг хэвлэлийнхэн ч алдалгүй шүүрч, хэсэгтээ баахан шуугисан.
Харин одоо салбарын яам нь, хэвлэл мэдээллийнхэн, цаашлаад монголчууд бүгдээрээ цочирдохоо болиод удаж байна. ...100, ...113, ... 181, .... 194, ... 221 гээд өсөлтийн хурд авсан тоон үзүүлэлтийг түгдэрч, гацалгүй дуржигнуулдаг болчихлоо. Шинэ зууны аймшигт тахал ДОХ ийнхүү эртний танилын буурь заан, хойморт заларч эхэлсэн нь энэ. Сүүлийн тоог тогтоож амжаагүй шахам байтал ноён ДОХ-ын "найзуудаар” 25-39 настай залуус тодрох болов. Бүр ахлах сургуулийн хүүхдээс ДОХ илэрсэн талаар нэг хэсэгтээ шуугисан. Гэхдээ энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй ч ДОХ-ыг мартсан монголчуудыг сэрээж, нийгэмд дахин цочроо өгөх цаг болсныг гэрчилж байна. Угтаа бол ноён ДОХ Монголын залуусаар хүрээгээ тэлж, эгнээгээ өргөсгөж байгаа нь аюулын харанга дэлдэхэд ч багадахаар дохио юм.
Өмнө нь ДОХ-оор өвчилсөн нэг хүний ард халдвар авсан байх магадлалтай 10 хүн байдаг гэж ярьдаг байсан бол одоо үүнийг ДЭМБ-ын нарийн технологиор хэмжиж, тооцоолдог болж. Өнөөдрийн байдлаар Монголд ДОХ-ын 221 тохиолдол бүртгэгдсэн бол тэдгээрийн ард 457 хүн энэ халдварыг авсан байх магадлалтай гэнэ. Энэ тоо зүгээр л толгой сэгсрээд өнгөрөх тоон үзүүлэлт биш.
ДОХ газар авч, Монголыг бүхэлд нь залгиж магадгүй бас нэг том шалтгаан бий. Энэ нь манай хоёр хөрш халдвар тээгчид хийгээд "хамсаатныхаа” хүрээгээр дэлхийд толгой цохидог явдал юм. Мөн сүүлийн үед манайхан нэлээд зорчих болсон Тайланд, Тайваньд ДОХ-ын халдвар хүчээ авчээ.
ДЭМБ-аас 2013 онд гаргасан тоон мэдээллээс харахад ур хөршид 780 мянган хүн ХДХВ халдвартай амьдарч байгаа бөгөөд 28 мянган хүн ДОХ-ын улмаас хорвоог орхисон байна. Гэхдээ хөндлөнгийн шинжээчдийн үзэж буйгаар Хятадад энэ тоо аль хэдийнэ 1 саяд хүрсэн гэх албан бус баримтыг дурдаж байгаа юм. Мөн манай улсын баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарт халдварын тархалт хамгийн өндөр байна гэсэн мэдээ бий. Хятадын Эрүүлийг хамгаалах яамны судалгаанд дурдсанаар шинээр илэрсэн тохиолдлуудын 50 орчим хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, 28 хувь нь хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох үедээ халдвар авсан байжээ.
Харин хойд хөршийн хувьд ДЭМБ-ын 2014 оны есдүгээр сарын 15-нд гаргасан судалгаанд дурдсанаар ХДХВ-ын халдвартай нийт 847 мянга 291 хүн байгаа бөгөөд эдгээрийн 18 мянга 592 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. Бидэнтэй хамгийн ойр Эрхүү мужид л гэхэд 36 мянга 102 хүн ХДХВ-ын халдвартай байгаагийн 66 хувь нь 30 хүртэлх насныхан байгаа ажээ. Эндээс бид хялбар дүгнэлт хийчихэж болно.
Хөршүүдэд ийнхүү ДОХ-ын гинжин хэлхээ улам бүр тэлсээр... Юутай ч Хятад улс сүүлийн үед ДОХ-ын илрүүлэлтэд онцгой анхаарал тавьж эхэлжээ. Энэ асуудалд төрийн бодлогоор гар бие оролцсоноор Хятадын эрдэмтэд шүлсээр энэ өвчнийг 30 минутын дотор илрүүлдэг тест бүтээсэн сурагтай. Ингэснээр хүмүүс өөрийгөө бие даан шалгах боломжтой болсон бөгөөд сексийн хамтрагчаа ч эрүүл эсэхийг мэдэж болох гэнэ. Гэтэл Монголын төр ард түмнийхээ яг хэд нь ноён ДОХ-той "найзлаад” байгааг илрүүлж тогтоох тал дээр хөдлөх шинж алга.
Ийнхүү нүдэн балай чихэн дүлий суухын оронд балчир жаахан хүүхдүүдээс эхлээд настнуудыг хүртэл толгой дараалан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах талаар нэгийг бодох цаг болсон юм биш үү. Үнэндээ монголчууд иймэрхүү зүйлд "Хүний эрх, миний эрх” гээд орилоод байдаггүй ард түмэн. Энэ ч утгаараа шинжилгээ өгөх албан даалгаврыг сайн биелүүлнэ гэдэгт эргэлзэх юм алга.
Гадаадаас ирсэн хүн бүхнээс "ДОХ”-ын шинжилгээ авдаг болъё
Цаашлаад Монголд цөөнгүй хугацаагаар ажиллаж амьдрах, аялж жуулчлахаар ирдэг гадаадын иргэдээс ДОХ-ын шинжилгээг заавал авдаг хууль өнөөдөр үгүйлэгдэж байна. Халдвар тээж яваагаа Монголд ирээд мэдэж байгаа гадаадын иргэдийн тоо өнөөдөр нэмэгдсээр... Тэд хэчнээн монгол хүнийг золиосолсныг бид харамсалтай нь мэдэхгүй. ДОХ-той тэмцэх талаар Монгол Улсын төр, засгийн бодлого хөтөлбөрөөс цухас сөхье. ДОХ-ын асуудал манай улсад хөндөгдөж эхлэх үед буюу 1987 онд ХДХВ-тэй тэмцэх тухай Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч байсан. Харин 1993 онд бие даасан хууль гаргасан байна. Энэ хуулийг 2004 онд шинэчилсэн гэж тэмдэглэжээ. Чухам тэр үед ДОХ-той хүн ердөө таваар тоологдож байлаа. Тэгвэл одоо 221-д хүрчихээд байна. График үзүүлэлт дахиад дээшилнэ.
Магадгүй өнөөдөр дахиад нэг, хоёр хүн нэмэгдэж мэднэ. Ийм атал 13 жилийн өмнө баталсан хуулиар ДОХ-ын тархалтыг зогсооно гэж үү. Уг нь тус хуулийг шинэчлэн засварлах талаар ярилцаж, УИХ-д оруулдаг ч өнөөг хүртэл өөрчлөгдсөн зүйл алга. Хамгийн чухал нь тэрхүү өөрчлөлт, шинэчлэлүүд өнөөдөр хийгээд ирээдүйтэйгээ хэр нийцэх вэ гэдэг чухал.
...Төв Ази, Зүүн Европт ДОХ-ын халдвар сүүлийн зургаан жилийн байдлаар огцом нэмэгдэж, Вьетнам, Индонези зэрэг улсад халдвар тээгчийн тоо хоёр дахин өсөв. Дэлхий дээр 36.7 сая хүн ХДХВ тээн амьдарч байгаа бөгөөд эдгээрийн 2.6 сая нь 15-аас доош насныхан байгаа юм. 2015 оны байдлаар 2.1 сая хүн шинээр ХДХВ-тэй гэж оношлогдсон бол эдгээрийн 220 мянга нь 15-аас доош насныхан байгаа юм.
Өнгөрсөн оны байдлаар 1.2 сая хүн ДОХ-оор хорвоог орхижээ. Нас барагсдын 150 мянга нь 15-аас доош насны хүүхдүүд. Тэр дундаа Африк улс нас барагсдын тоогоороо дэлхийн нийт хүний гуравны нэгийг эзлэх болжээ.
Харин манай улсын ДОХ-той иргэдийн 35 нь аль эрт хорвоог орхиж, амар амгаланг мэдэрсэн гэх. Тэгвэл монголчууд бид хэдүүлээ билээ!?!
Манай улсын хувьд ХДХВ/ДОХ-ын шинжилгээг нийт 79 цэгт авдаг. ДОХ-ын шинжилгээг өдөрт 500-700 хүн хийлгэдэг бөгөөд тухайн иргэн хүсвэл 15-20 минутад шинжилгээний хариуг гаргаж өгөх боломжтой аж. ХДХВ-ийн шинжилгээг сайн дураар, үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэсэн хоёр хэлбэрээр хийдэг. Ихэвчлэн сайн дурын үндсэн дээр авдаг байна. Харин эрүүл мэндийн байгууллагын заавал авах ёстой гэсэн зөвлөгөөгөөр шинжилгээ өгөхийг үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар гэж нэрлэдэг аж. Заавал шинжлэх хүмүүст жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ болон бэлгийн замын өвчний улмаас оношлуулж байгаа иргэд орно.
ДОХ-ын халдвартай 10 ээж амаржиж, 14 хүүхэд эрүүл саруул өсч байна
ДОХ ийнхүү Монголыг төдийгүй дэлхий дахиныг донсолгож байхын хажуугаар дандаа саарыг ярихгүй басхүү сайныг өгүүлж болох. Тодруулбал, Монгол Улсад ДОХ-ын халдвар тээгч 10 ээж амаржсан бөгөөд одоо ДОХ-той ээжээс төрсөн 14 хүүхэд энх мэнд амьдарч байна. Нэг ээж нь бүр дахин төрсөн гэхээр ДОХ-ыг "давраахгүй" дарж болох итгэл төрөх шиг. Гэхдээ төрүүлсэн үрээ хөхөөрөө хооллохгүй, өвдөхөд нь цусаараа тэтгэхгүй байхын зовлон их биз.
Тэдний талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн "Улаан тууз эмнэлэг”-ийн ДОХ/БЗДХ-ийн их эмч Н.Түвшинжаргалаас тодруулахад "ДОХ-той ээжээс ДОХ-той хүүхэд заавал төрнө гэсэн ойлголт байхгүй. ДОХ-ын халдвартай гэдгээ мэдсэн эхчүүд амаржитлаа эмчийн хяналтад байж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэдэг. Энэ нь учирч болох эрсдлээс хамгаална гэсэн үг юм. Манай улсад төрсөн 10 ээжийн зарим нь хамтран амьдардаг найз залуутай. Дөрвөөс тав нь нөхөртэй байсан. Эдгээр эмэгтэйчүүдийн гурван нөхөр халдвартай гарсан. Хамгийн гол нь тэд бүгд залуу гэр бүл. Ингээд үзэхээр бэлгийн хавьталын идэвхтэй насны хүмүүс байгаа юм. Хамгийн гол нь залуучууд маань ямар ч тохиолдолд бэлгэвч хэрэглэх нь хамгийн найдвартай өөрийгөө хамгаалах арга” хэмээн ярьж байв.
Яг гурван жилийн өмнө бичигч миний бие ДОХ-ын 147 дахь тохиолдлын талаар бичиж байв. Гэтэл гурван жилийн хугацаанд энэ тоо 74-өөр нэмэгдсэн байна. ДОХ-ын хамгийн сүүлчийн тохиолдол энэ оны 11 дүгээр сард бүртгэгдсэн гэж бодохоор аймшигтай...
Энэ өвчнөөр өвчлөгсдийн олонх нь 25-39 насны хөдөлмөрийн идэвхтэй насныхан. Энэ улсын ирээдүйг түүчээлэх эрхэм нөхөд юунд дэгээдүүлээд байна вэ. Уг нь энэ өвчнийг дайрах бус тойроод гарах боломж байх. Гэтэл яагаад жил ирэх бүр энэ тоо нэмэгдээд байдаг болов. Үүнд хэн буруутай вэ.
Өнөөдрийн энэ өдрийг тохиолдуулан нэлээд олон арга хэмжээ зохион байгуулагдана. Эрүүл мэндийн яам нь ДОХ-ын тохиолдол хэдэд хүрснийг ард түмэнд зарлаж, сургуулиуд болоод гудамжинд бэлгэвч тараах, их аян өрнөнө. Иймэрхүү үйлдлийг жил бүр зохиож байна. Тэглээ гээд өвчлөл буурах биш харин ч нэмэгдэх хандлагатай. Зарим нь тэдний энэ үйлдэлд бүр ч эгдүүцдэг гэх. Энэ өвчнөөс иргэдээ хамгаалах ажил бэлгэвч тарааснаар дуусч боломгүй мэт. Угтаа бид энэ өвчний талаар мэддэг юм шиг атлаа мэддэггүй юм шүү дээ. Түүнийг нь мэдүүлээгүй байж бэлгэвч тарааснаар асуудлыг орхиж болохгүй. Хамгийн чухал нь найман настайгаас 80 настай буурлуудад ч энэ өвчний талаарх мэдээллийг алхам бүрт нь өгөх учиртай. Орой бүр телевизүүдээр гардаг алдарт савангийн дууриудынхаа дундуур ДОХ-ын талаарх мэдээллийг тогтмол өгдөг болмоор байна. Гудамж талбай бүрт мэдээллийн самбар байрлуулж яагаад болохгүй гэж. Автобусны буудал дээр унаа хүлээж зогсохдоо хуурай сүүний сурталчилгааг биш ДОХ-ын талаарх мэдээллийг уншиж зогсоход бүгд биш юм аа гэхэд нэлээд олон хүний бодолд "Энэ чинь аюултай шүү” гэх зүйл үлдэнэ биз дээ.
Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь залуус минь өөрсдөдөө болоод гэр бүлдээ үнэнч байцгаая...
О.ТУЯА