АН Их хуралдаа зориулж төлөөлөгчдөө ”худалдан авах” лобби зохион байгуулжээ

🕔 2016/11/29 11:43

АН Их хуралдаа зориулж төлөөлөгчдөө ”худалдан авах” лобби зохион байгуулжээ

УИХ-ын сонгуульд хоёр ч удаа  ялагдаж Засгийн эрхээс буусан АН энэ сарын 16-нд Үндэсний зөвлөлдөх хурлаа хийсэн. Тэд энэ хурлаар намын дүрмийн шинэчлэл, ирэх сарын 6-нд болох Их хурлынхаа ажлын хэсгийг байгуулсан юм.

Сүүлийн үед тус намынхан намаа шинэчилж, тархай бутархай олон фракциас бүрдсэн намын гишүүдээ нэгтгэх тухай ярих болсон. АН-ынхан өнгөрсөнд хийсэн алдаатай бүхнээ ойлгож, засч залруулж намаа шинэчилж чадна гэсэн найдлага олон нийтийн дунд бий.

Саяхан тус намын анхан шатны байгууллагууд хуралдаж, намын дүрмийн шинэчлэл болон Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлэлцэх үеэрээ Ардчилсан намын үзэл баримтлал намын дүрмийн шинэчилсэн төслийг хамтад нь хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолд заасан байх ба эдгээрээс өөр асуудал хэлэлцэж болохгүйг тогтоолоор үүрэг болгожээ.

Тодруулбал, Үндэсний зөвлөлдөх хорооны эрх  мэдлийг  Гүйцэтгэх зөвлөл өмнөөс нь шүүрэн авч хэрэгжүүлсэн хэрэг болов. 

Орон нутгийн намын гишүүдийн байр суурь бие даан шийдвэр гаргах эрхийг ийнхүү Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр хязгаарлаж, юуг хэлэлцэх, хэлэлцэхгүйг нь тогтоолоор буюу захиргааны аргаар хянах хэмжээнд хүрсэн байна.

 

Энэ сарын 6-нд болох намын их хуралд 1210 төлөөлөгч оролцож намын үндсэн дүрмийг шинэчлэн батлах юм.

АН анхан шатны байгууллага орон нутгийн түвшиндээ өөр асуудлыг ярьж хэлэлцэж болох байсан. Ялангуяа ялагдлынхаа уг үндэс учир шалтгааныг Их хурлынхаа өмнө хэлэлцсэн байх учиртай. Тэрхүү дүгнэлтдээ тулгуурлан Дүрмийн шинэчлэлийг хийх ёстой.  Гэвч энэ удаад тийм зүйл болсонгүй.

Их хуралд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсэг Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг уг нь  дүрмийн дагуу Үндэсний зөвлөлдөх хороогоор батлуулах учиртай. Гэтэл зөвхөн Гүйцэтгэх зөвлөлд танилцуулан дэмжүүлэв.

Дүрмээ хэрэгсдэггүй, хэрэгжүүлдэггүй энэ байдалд Ардчилсан намд шинэчлэл ярихаас өмнө бий болсон. Шинэчлэл ярьснаас хойш ч үргэлжилсээр байгаагийн нэг жишээ энэ боллоо.

АН өнгөрөгч онд улсын хэмжээнд 330 сумаас 104 суманд санал авсан. Хоёр ч шатны сонгуульд дараалан ялагдчихаад байна. Үүнд намын дарга З.Энхболд намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар  хариуцлагаа  хүлээх нь бүү хэл өнөөдөр Гүйцэтгэх зөвлөл нэрээр өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлсээр явж байх аж.

Үүний цаана намын шинэчлэлийн хүрээнд албан тушаал, хариуцлагын асуудал хөндөх вий гэсэндээ "өөр асуудал хэлэлцэхгүй байхыг үүрэг болгов” гэдэг шийдвэр гаргасныг гишүүд нь анзаарсан биз ээ. Түүнчлэн энэ хурлаар Их хурлын төлөөлөгчдөө сонгож эхлэх үед тэдгээр төлөөлөгчдийг "худалдан авах бэлтгэл” ажил Нийслэлд төлөвлөгдсөн гэх мэдээлэл байв.

Намын анхан шатны байгууллагаас Их хуралд оролцох төлөөлөгчийн нэрсийг энэ сарын 30-ны өдөрт багтаан Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх ёстой.  Одоогоор Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдийн нэрс нь нам дээрээ ирээгүй байгаа ч тэдгээрт зориулсан меню бэлэн болсон байх аж.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ буюу "Шонхор”-ынхон "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй хийх уулзалт” нэрийн дор Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Архангай аймгийн намын гишүүдийг Баянгол дүүргийн ажилтай танилцуулангаа оройд нь Хандгайт дахь цогцолбортоо аваачин амраахаар хөтөлбөр гаргажээ.

Орон нутгийн намынхнаа угтан дайлж, уулгаж идүүлэх гэж байгаа нь угтаа Их хурлын төлөөлөгчдийг "худалдах авах” гэсэн лобби гэж ойлгогдож байгааг тэдгээр анхан шатны намын гишүүд нь сэм ярилцаж байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Линк: http://www.24tsag.mn/content/143070.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!