АН-ын шинэчлэлийн талаар хэн юу гэв

🕔 2016/11/25 14:18

АН-ын шинэчлэлийн талаар хэн юу гэв

 

Ардчилсан намын Их хурал болоход арав гаруйхан хоног үлдээд байна. УИХ-ын сонгуулиар эрх мэдлээ алдсан Ардчилсан намд шинэчлэлийн тухай яриа өрнөөд таван сар болох гэж байна. Бямба, ням гаригт буюу энэ сарын 26,27-нд Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хуралдаж Их хурлын төлөөлөгчдөө сонгох юм байна. Мөн намын шинэчлэлийнхээ дүрмийг хэлэлцэж аж. Арванхоёрдугаар сарын 6-нд зарласан Их хуралд нийтдээ 1210 төлөөлөгчийг оролцуулахаар болжээ.Адчирсан намын зургадугаар их хурал намын гишүүдэд төдийгүй Монголын улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу, шинэ дарга нь хэн болох вэ гэсэн асуулт Монголын улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байна. Ингээд Ардчилсан намын шинэчлэлтэй холбоотойгоор намын гишүүдийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь тоймлон хүргэе.

Д.ЭРДЭНЭБАТ: ЗӨВХӨН АН-ЫН ДАРГЫГ СОЛЬСОНООР АСУУДАЛ ДУУСАХГҮЙ

-Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрэмээ нийтээр хэлэлцээд өгийдөж авна. Арванхоёрдугаар сарын 6-нд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийсэн томоохон улс төрийн илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно.


С.ЭРДЭНЭ: "СУПЕР ЛИДЕР” ГАРЧ ИРЭЭД Л ЭНЭ НАМЫГ ӨӨРЧИЛЧИХ ЮМ ШИГ САНААД БАЙНА

-Намаа шинэчлэх шаардлага бий. Бидэнд аливаа асуудалд түргэн гоомой хандах эрх байхгүй. Ямар ч тохиолдолд асуудалд нухацтай, ултай суурьтай хандаж, урт хугацаанд амьдрах үзэл баримтлал, дүрэм, холбогдох шийдвэрүүдээ гаргах ёстой. АН-ын шинэчлэлийг янз янзын өнцгөөс харж, ярьж байна. Шинэчлэнэ гэдэг үгийг хүн бүхэн ярьж байгаа. Харин яг яаж шинэчлэх юм бэ гэхээр онолын түвшинд, өөрчлөх ёстой асуудал дээр тогтож ярьж байгаа хүмүүс цөөн байна. Миний харж байгаагаар намын шинэчлэлийн асуудал дээр заримтай нь санал нийлж байгаа. Заримтай нь огт санал нийлэхгүй байгаа. Зарим хүмүүс "Супер лидер” гарч ирээд л энэ намыг өөрчилчих юм шиг санаад байна. Мэдээж, хувь хүний үүрэг роль байна л даа. Гэхдээ намын бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, онол гээд маш олон зүйлийг бид иж бүрдлээр нь өөрчилж байж шинэчлэл явагдана. Манай нам бол онцлогтой нам. 18 улс төрийн хүчин, эвслүүд нэгдэж байж энэ АН боссон түүхтэй. Энэ олон эвслийг нэгтгэж нэг нам болгоно гэдэг бол амар зүйл биш. Одоо бид төлөвшлөө зөв тогтоох хэрэгтэй байна.


Л.ЭРХЭМБАЯР: ДАРГАА БҮХ ГИШҮҮДЭЭСЭЭ СОНГОДОГ БОЛОХ БАЙХ

-Ганцхан Ардчилсан намын шинэчлэл биш юм аа. Энэ бол Монголын улс төрийн намуудын, Монгол төрийн, Монголын нийгмийн шинэчлэл байх ёстой. Монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон. Миний танай гэж хэрэлддэг биш хийдэг болох хэрэгтэй юм. Харин үүний түүчээ, хонх нь Ардчилсан нам болох ёстой гэж бодож байна. Монголын ирээдүй, хөгжил, нийгмийн төлөө Ардчилсан нам заавал шинэчлэгдэх зүйн хэрэг. Гэхдээ тэр шинэчлэлийг нь залуучууд, дунд үеийнхэн, ахмадууд бүгдээрээ оролцож хийх ёстой. Манай нам цаашдаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог болох байх. Үндэсний зөвлөлдөх хороогоо аймаг, дүүргээс биш бүх гишүүдээсээ сонгодог болох байх. Фракцийн буюу эдийн засгийн болон албан тушаалтай хүчирхэг хэдхэн хүнээс намын бодлого шалтгаалдаггүй тийм тогтолцоо руу орно. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлснээр фракциуд нь хөдөлмөрлөдөг болно. Хөрсөн дээрээ очдог болох байх.


Х.Тэмүүжин
Х.Тэмүүжин

-АН-ын шинэчлэл гэж ярьж байгаа боловч энэ нь дан ганц АН-ын шинэчлэл биш юм. Монгол Улсад ардчиллыг эрүүл саруул, зүй зохистой хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд нь өөрсдөө шинэчлэгдэх үү, үгүй юу гэдэг салхины эхлэл. МАН жигтэйхэн ариун тунгалаг, АН бохир муухай болчихсондоо шинэчлэл яриад байгаа юм биш. Шинэчлэлийн үйл явцыг харахад бидэнд ярих ёстой долоо, найман сэдэв байна. Шинэчилнэ гэдэг нь АН-ыг цоо шинээр бий болгох тухай асуудал биш. Ядаж анх ярьж байсан үзэл баримтлал, үнэт зүйл, бодлого дээрээ ирж зогсооч ээ л гэж байгаа юм. АН-ыг шинэчлэхийн тулд хамгийн нэгдүгээрт АН мөн чанар дээрээ зогс. Мөн чанараасаа хазайсан хэсгээ татаж ирээд хариуцлага тооц. АН олон нийтийн төлөөллийг бүрэн дүүрэн хангаж чадах нээлттэй гишүүнчлэлтэй байхаасаа гадна үнэт зүйлийнхээ төлөө тууштай зогсох чадвартай байх ёстой.


П.ЦАГААН: УЛС ТӨРИЙН СОЁЛТОЙ НАМ БОЛГОНО

-Ардчилсан нам намайг дэмжиж итгэвэл би намаа Монголын ард түмний нам хэвээр байлгахын төлөө 2020 он хүртэл өөрийгөө зольж ажиллана. Шинэ намын даргын ажил, хүлээгдэж байгаа үүрэг асар их. Хавсарч буюу давхар дээлтэй хийж барах ажил ч биш. Болдогсон бол ирэх 3 жил 24 цагаар ажиллах тийм л их ачаалалтай ажил. Тэгж ажиллаж байж л дүрмээ дагадаггүй даргаас болж байр суурь нь ганхдаггүй, үйл ажиллагаа нь гацдаггүй, он-лайн, өдөр тутам тасралтгүй ажилладаг, өрсөлдөх чадвартай, улс төрийн шинэ соёлтой нам болгоно. Үүний тулд бүх нөөц боломжоо дайчилж ажиллана.


Л.ГАНТӨМӨР: ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ НАМ БОЛОХ ЁСТОЙ

-Нэгд, үзэл бодолдоо үнэнч нам болох ёстой. Энэ нь бодлогын нам байхыг хэлнэ. Хоёрдугаарт, алсын хараатай нам болох ёстой. Гуравдугаарт, гишүүдийн, олон нийтийн нам болох шаардлагатай. Дөрөвдүгээрт ямар ч фракцгүй, нээлттэй нам болох хэрэгтэй. Тавдугаарт иргэдээ сонсдог нам болох учиртай. Ардчилсан намын шинэчлэлийг ингэж төгс, бүрэн хэлбэрээр хийх ёстой. Яг үнэндээ бол Ардчилсан намыг шинэчлэх хүсэлгүй, шинэчлэлийг хүсэхгүй байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс л больчих хэрэгтэй. Ардчилсан намыг өмчилчихсөн, ардчиллыг өмчилчихсөн хүмүүс ч бий. Бүгд л харж байна. Дарга болоод төрчихсөн юм шиг байрнаасаа хөдлөх дургүй тийм хүмүүс одоо больчих хэрэгтэй. Ардчилсан намыг гишүүдэд нь өгөх хэрэгтэй. Тэгвэл Ардчилсан намын шинэчлэл хурдан явна. Эсэргүүцээд яваад байвал удаан явагдана. Гэхдээ, тэд яаж ч саад болсон бай Ардчилсан нам шинэчлэгдэнэ.


М.БАТЧИМЭГ: МАНАЙ НАМЫГ ШИНЭЧЛЭГДЭЖ ЗӨВ ТӨЛӨВШӨӨСЭЙ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ИХ БАЙГАА

Нийгэмд манай намыг шинэчлэгдэж зөв төлөвшөөсэй гэсэн хүлээлт ямар их байгааг бид алхам тутамд мэдэрч байгаа. Өнөөдөр бид эрх бариагүй байгаа нь дотоод асуудалдаа алхам, алхамаар нухацтай хандах боломжийг олгож байгаа. Нөгөө талаас заавал хурц зөрчилд орохгүйгээр өрнөөд явах ёстой хэлэлцүүлэг, үйл явцыг удаашруулж байгаа нь намын удирдлагад хоосон орон зай үүсч, манлайлал дутаж байгаагийн шинж. Нөгөө л өмчлөх хандлагын ч илрэл. Ийм байдлыг зориудаар бариад байлгаад байх сонирхол намын өмнөх удирдлагуудад байна гэж бодож байгаагаа хэлсэн. Гэхдээ их удаан барих боломжгүйг хаана хаанаа ойлгож байгаа байлгүй дээ.

Эх сурвалж: http://www.news.mn/r/318350

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!