Б.Чойжилсүрэнг бүх цаг үеийн хамгийн муу Сангийн сайдаар тодруулахад гайхах юмгүй!

🕔 2016/11/28 13:02

Б.Чойжилсүрэнг  бүх цаг үеийн хамгийн муу Сангийн сайдаар тодруулахад гайхах юмгүй!

 

Олон улсын үнэлгээний Moody’s  агентлаг Монгол Улс болон, арилжааны 7 том банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан шийдвэрээ танилцуулсны араас  Fitch агентлаг мөн манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Тэгэхээр манай улсын амаргүй нөхцөл байдлыг үнэлгээний байгууллагууд ийн дүгнэж байгаа. Засгийн газар хийгээд Төв банкны зүгээс хэчнээн хамтарсан мэдэгдэл гаргалаа гээд ашиггүй. Тэгж их эмзэглэж мэдэгдэл сэлт гаргах байсан л юм бол Сангийн сайдаасаа эхлээд ам хэлээ мэдэж ярих хэрэгтэй байсан баймаар. Б.Чойжилсүрэн гэж нөхөр Сангийн сайд болонгуутаа айхтар мэдэгдлийг хийсэн билээ.

Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна гэсэн. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна гэсэн.

Улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болж байна. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм хэмээн мэдэгдсэн юм. Хэрэг дээрээ бол тэрбээр олон улс даяар Монгол Улс хямралд орлоо хэмээн ингээд зарлачихсан.

Тэгэхээр үнэлгээний байгууллагуудын таагүй дүгнэлттэй холбоотойгоор бухимдаж мэдэгдэл сэлт гаргахаасаа өмнө Сангийн сайдынхаа задгай аманд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Эдийн засгийг улстөржүүлж шоудах нь хортой гэдэг нь нотлогдсоор атал, эрх баригчийн эрэмбэнд гарч ирэнгүүтээ эртнээс  хаяагаа манасан нь даанч нэг бүтэлгүй явдал боллоо доо

Эдийн засагч Н.Дашзэвэг  "-Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо. Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна. Бусад оронд Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий гэж хэлсэн байна билээ.

Б.Чойжилсүрэн сайд хөөрхий юу бодож суугаа бол. Бүх цаг үеийн хамгийн муу Сангийн сайдаар түүнийг тодруулахад гайхах юм алга байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!