Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна

🕔 2016/11/23 13:54

 

Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг "үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт,  зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж,  уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай.

Тэгвэл энэ удаад уул уурхайн бүтээгдэхүүнээс түүхий нүүрсний үнэ өсөх хандлагатай байна. Харин яагаад нүүрсний үнэ өсөв гэдэг асуудалд бид анхаарлаа хандуулах нь чухал.

Нүүрсний үнэ өсөж байгааг сонсоод бид эдийн засгийн хүндрэлээс удахгүй гарчих мэтээр асуудалд хандаж байгаа нь буруу юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар нүүрсний үнэ  өсөж байгаа нь түр зуурын хэрэг гэнэ. Учир нь манай урд хөрш БНХАУ-ын  хувьд хойд хэсэг болох ӨМӨЗО-ны газар нутгаар нүүрсний том жижиг  олон тооны уурхай байдаг. Гэтэл  урд хөршид удаа дараалан гарсан нүүрсний уурхайн осол, Өвөр монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас Хятад улсын зүгээс хойд зүгийн  нутгийнхаа  нүүрсний уурхайнуудыг өнгөрсөн намараас эхлэн түр хаасан. Үүний улмаас хойд  бүс нутгуудаар нүүрс угаах, бүтээгдэхүүн боловсруулах зорилгоор  барьсан томоохон үйлдвэрүүд нь зогсонги байдалд орсон байна. Товчхондоо хятад улсад нүүрсний нийлүүлэлт багассаны улмаас манайхаас авах нүүрсний эрэлт нэмэгдсэн хэрэг.

Иймээс тэдгээр үйлдвэрүүдийг  түүхий нүүрсээр хангахын тулд манай улсаас нүүрс авч байгаа ажээ.  Бидэнд ирсэн мэдээллээр хятадууд ойрноос нүүрсний уурхайнуудынхаа үйл ажиллагааг  нээж эхэлсэн бөгөөд 2017 оны 1-2 сард багтаж 100 хувь уурхайнуудаа нээж олборлолтын ажилд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ нөхцөлд Монголдоос авч байгаа нүүрсний хэмжээ болон үнэ буурах нь тодорхой юм.

Харамсалтай нь бид энэ  нөхцөл байдлын улмаас нүүрсний үнэ  түр зуур хөөсрөн өсөж байгааг  анзаарах сөхөөгүй дор бүрнээ хөөрцөглөж,  хоосон төлөвлөгөө боловсруулан,  тархи угаасан, бие биенээ хөөргөсөн мэдээлэлтэй сууж  байна.

Дээр нь энэ жил  цас эрт орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор уурхайн нөхцөл байдал улам хүнд байдалд орсон. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Таван толгойн нүүрсний уурхайгаар зочлохдоо  "Машиныг жолооч барьдаг,  Цагаан хад боомтонд хүн амьдардаг” гэдгийг бид мартах ёсгүй гэсэн үг өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа юм. Монголчууд бид нүүрс зарж, тээвэр хийж ашиг олно гэж бодохоос  нөхцөл байдал хүндхэн байгааг тооцож байна уу.

Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайгаас Цагаан хад хилийн боомт хүртэлх 240 км асфальтон зам нь энд тэндээ олон хагарсан,тээвэр хийх нөхцөл маш муу,  эвдрэл ихтэй, замаасаа гарч орох байдалтай, цас орсон нөхцөлд түүнийг нь цэвэрлэдэггүйн улмаас хальтиргаа гулгаа үүсэж, осол аваар гарах нөхцөл бүрддэг зам дээр бүтэн өдөржин гэлдэрч арай ядан хилийн боомт дээр очин ачиж хүргэсэн нүүрсээ буулгах болоход  2-4 км урт очер дараалалд зогсдог,  жолооч нар машин дотроо  2-5 өдөр хонож өнжин дугаарладаг гэх зэрэг  хүнд нөхцөлд ажиллаж байгааг анзаарах сөхөөтэй  хүн байна уу.

Ерөнхий сайд  уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцах үеэрээр "нүүрсний үнэд нэг цонхны бодлого барьж” ажиллах чиглэлийг уул уурхайн компаниудын удирдлагад өгснийг мань удирдлагууд буруу ойлгож монголоос олборлож байгаа нүрсний үнээ өсгөсөн нь "дайран дээр давс” гэгчийн үлгэр болж нүүрсний бизнес буцаад  огцом саарч эхлэлээ. Монголын тал нүүрсний үнээ нэмснээс болоод Хятадын талын нүүрс худалдан авалт эрс буурсан байна.

Бодит нөхцөл байдал ийм атал нүүрсний үнэ өсөж байгаатай холбогдуулан  их хэмжээний ашиг олж, улс орны эдийн засгийн хүндрэлээс гарах мэтээр ойлгож болохгүй гэдгийг дээрх мэдээлэлүүд бидэнд тодорхой хэлж байгаа юм.

Нэг алдвал аргагүй байдал гэж үзье. Харин тухайн алдаагаа хоёр давтвал тэнэг хэрэг болно. Иймээс нүүрсний бизнес тойрсон асуудалд төр засаг зөв бодлого гаргаж ажиллахгүй бол  ашиг олно хэмээн тооцож автамашин худалдан авсан, түрээслэсэн монголын компаниуд,  нүүрсний уурхайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-ууд өр зээлийн хуудсанд дарагдаж, хятадуудад дараа тооцоо хийхээр төлөвлөн нүүрс зөөсөн олон арван ядарсан жолооч нар үймээн дэгдээхэд ойрхон болчихоод байна.

Хоёрхон сарын дотор бий болсон  нүүрс тойрсон "бужигнаан”-ны үр дүнд энэ чиглэлийн бизнес хөөсөн  Монголын олон кампаниуд уналтанд орох нөхцөл бүрдчихлээ.

Тэгэхэд нүүрсний үнэ өсөж, их  хэмжээний ашиг олж байгаа мэтээр  олон нийтэд мэдээлж байгаа  нь бодит байдалд нийцэхгүй байгааг дээрх баримтуууд бэлхнээ илэрхийлж байгаа юм.

Эцсийн эцэст энэ  "бужигнаан”-ы далимд цөөн тооны олигорхиуд улам баяжиж, ядарсан хэдэн жолооч нар ялыг нь үүрч  хоцордог  жишиг  нүүрс тойрсон  бизнест дахин давтагдах ёсгүй.

Эдийн засагч  С.Норовлин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!