Бондын өр+Эрдэнэтийн өрийг ард түмэн төлөх үү?

🕔 2016/11/21 16:42

Бондын өр+Эрдэнэтийн өрийг ард түмэн төлөх үү?

 

Н.Жавхлан

 

Ирэх оноос бид бондын өрөө төлж эхэлнэ. Эрх барьж буй МАН-ынхны сонгуулийн үед ярьж явсан гол "эмзэглэл” бол энэхүү 18,5 тэрбум амдолларын өрийн асуудал байсан. Монгол улсад шинээр мэндэлж буй хүүхэд хүртэл өртэй төрж байна гэж айлгаж байв. "Өрөө төлнө, бүсээ чангалаарай” гэх энэхүү мессеж тархинд нь гүн суусан ард түмэндээ нэмж өр хуваарилахаар талцан хэрэлдэж буй улстөрчдийг яалтай.

Монголын хувийн компани худалдаж авсан Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар аваад, ард түмэндээ хувьцаа болгон тараах ёстой гэх боллоо. Энэ зарчмаар явбал 490 сая амдоллар буюу 1,2 их наяд төгрөгөөр худалдан авна. Үүнийгээ гурван сая иргэндээ хуваагаад нэг хүнд 400 мянган төгрөгийн хувьцаа буюу өр хуваарилах болоод байна.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай МҮТВ-ийн "Нээлттэй хэлэлцүүлэг”-т оролцохдоо, "Ростех компани удаан жилийн судалгаа, сайн ажиллагааны явцад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа үнэ хүргэж амжилттай зарснаа компанийнхаа сайтад мэдээлсэн байна лээ. Тэгэхээр Оросын тал өөрөө гарч явсан байна. Ингэх нь ч зөв. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 511 тэрбумын өртэй байна” гэж хэлсэн. Тэгвэл тэрхүү 511 тэрбум төгрөгийн өрийг мөн ард түмэн хуваан "хүртэх” болоод байна. Ингэснээр Эрдэнэтийн хувьцаа эзэмшигч нэг иргэн нэмээд 200 орчим мянган төгрөгийн өрөнд автоматаар орно.

Засгийн газар ард түмэндээ Эрдэнэтийн баялгаас тэгш хүртээж байгаа өгөөмөр мэт шийдлийн ард, нэг иргэндээ 600 орчим мянган төгрөгийн өр шууд оногдуулж байна.

Монголчууд баялгаа хувьцаагаар "хүртдэг” олон сайхан жишээ бий. Оюутолгойн 34 хувийг төр зээлээр эзэмшдэг. Түүний өр 1,1 тэрбум амдолларт хүрээд буй. "Эрдэнэс таван толгой”-н 1072 ширхэг хувьцааг ард түмэндээ өгсөн. Гэвч өнөөдөр энэ компани 250 тэрбумын алдагдалтай ажиллаж байна.

Иргэн бүрт тэгш хуваарилан ногдуулсан бондын өр дээрээ нэмээд "Эрдэнэтийн хувь хишиг”-ийн хувьцаа тараачих вий. Өнөөдөр гацаанд байгаа Эрдэнэтийг үр ашигтай ажиллуулж, дээрх өр төлбөрийг нь төлж дуусгаад, ард түмэн хувьцааныхаа ашгийг хүртэх их хувь заяа ирэх зуунд л ирж магадгүй гэж эдийн засагчид егөөддөг нь биеллээ олох вий.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!