Ж.Гомбожав: Засгийн газар зориггүй, залхуу байна

🕔 2016/11/16 12:53

 

УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг "Ярилцах цаг” булангийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Засгийн газар 100 хоногийн босгыг давж, УИХ төсвөө баталлаа. Төр, засгийн үйл ажиллагаанд та ямар дүн тавьж байна даа?
 
-МАН сонгуульд ялалт байгуулсан тэр үед сонгогчдын олонх  өндөр хүлээлттэй байсан. Оновчтой бодлого боловсруулж, тодорхой шийдвэрүүд гаргаж, улс орны эдийн засгийн хямрал,үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулж буй бусармаг үйлдлүүдээс түргэн гарах арга хэмжээнүүдийг авчих байх гэж хүлээсэн.
 
Яагаад ингэж хүлээсэн бэ гэвэл,  нэгдүгээрт Ардын нам  Их хуралд үнэмлэхүй олонх болж 65-уулаа сонгогдсон. Энэ нөхцөлд ямар ч шийдвэр гаргасан энэ намын сонгогдсон гишүүдийн эрх үүрэг бүрэн бололцоотой. Саад болох өөр хүчин байхгүй.
 
Хоёрдугаарт, өнгөрсөн дөрвөн жилд Ардын нам тодорхой хугацаанд засгийн эрхийг барилцаж байсан. Мөн цөөнх байсан. Тэр үедээ Засгийн газрын, УИХ-ын үйл ажиллагааны доголдол, дутагдлыг сайн мэдэж байсан, шүүмжилж ч явсан. Алдаа, дутагдлыг нь арилгахын тулд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө  боловсруулсан  байсан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар цаг алдалгүй тодорхой арга хэмжээ авах байх гэж найдсан.
 
Гуравдугаарт, Ардын нам олон жил төр, засгийн эрхийг барьсан. Туршлагатай. Боловсон хүчний хувьд ч бололцоотой. Бусад намыг бодвол харьцангуй давуу тал олонтой. Дөрөвдүгээрт, социализмын үед ч гэсэн хоёр том хөрштэйгээ харилцаж байсан туршлагатай. Энэ мэт хүчин зүйлүүдийг авч үзвэл, Ардын нам богино хугацаанд нэлээдгүй ажил амжуулчих байх гэж ард түмэн хүлээсэн. Энэ хүлээлтийг хэрэгжүүлэхэд, миний бодож байгаагаар хоёр хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлж байна уу  гэж харж байгаа.
 
-Тэр нь юу вэ билээ?
 
-Нэгдүгээрт ялсан намын дарга  Ерөнхий сайдын ажлыг хийсэнгүй, Их хурлын дарга болчихлоо. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд нэлээд олон санал боловсруулж шийдэхээр оролдсон УИХ  бодсон, санасан хэмжээгээр нь хэрэгжүүлэх бололцоо олгосонгүй. Зарим үед  бол тээг садаа боллоо. Иймд Засгийн газар буюу гүйцэтгэх дээд байгууллага хүчин мөхөсдөх байдалд орж байна.  Нөгөөтэйгүүр, энэ нам засгийн эрхийг  авангуутаа улс төрийн албан тушаалтнуудыг халж солих, сэлгээ хийхээс гадна төрийн албаны бусад байгууллагад багагүй хөдөлгөөн хийлээ.
 
Бүтцийн өөрчлөлт нэрийн дор олон газрыг хөдөлгөсөн. Яам, тамгын газрууд ч тодорхой ажил хийж гүйцэтгэх чадвар муутай байлаа. Дээр нь орон нутгийн сонгуулийг хүлээгээд удирдлагууд нь энэ хугацаанд хүчээ шавхаж ажилласангүй. Гол анхаарлаа сонгууль руу төвлөрүүлчихлээ. УИХ, Засгийн газар ч гэсэн өөрсдөө орон нутгийн сонгууль руу хүчээ  чиглүүлж, хугацаа алдсан. Энэ хоёр хүчин зүйлээс шалтгаалж, Засгийн газар өнгөрсөн хугацаанд буюу 100 хоног дотроо хурд муутай хөшүүн хойрго, зориг шийдвэр сайн биш байлаа. Энэ байдлаас болж Монгол Улсын эдийн засгийн хямралыг, улс төрийн тогтвортой байдлыг сайжруулах талаар ард түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй.  
 
-Эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарах гарц, шийдлийг та юу гэж харж байна?
 
-Засгийн газар хоёрхон асуудалд анхаарлаа төвлөрүүлчихээд бусад арга замыг хайхгүй байна. Нэг нь "Стэнд бай” хөтөлбөрт яаж хамрагдах вэ, нөгөөх нь гадны орноос, ялангуяа урд хөршөөс их хэмжээний зээл авах. Энэ хоёрыг л бодоод байна. Бусад зүйл, тухайлбал дотоодын нөөц бололцоог дайчилж ажилласангүй. Би энэ Засгийн газар байгуулагдаад юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхээс ажлаа эхлэх байх гэж бодсон.
 
Ялангуяа, оны эхнээс эхлээд оффшор данстай нэлээд олон хүний нэр ус тодорхой болсон. Энэ талаар идэвх, чармайлт гаргаж, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажилласан бол чамгүй их мөнгө тэнд байгаа нь мэдрэгдээд байна. Ер нь бол манайд сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газар, яам, агентлагуудад ажиллаж байгаа төсөв  ерөнхийлөн захирагчид, банк санхүүгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс улсын хөрөнгийг үрэлгэн зарчихаад эцэст нь хариуцлага хүлээхгүй өнгөрч байна.
 
Энэ нь монгол орны эдийн засгийг сульдуулах, цөөн тооны бүлэг хүн хувийн эрх ашгаа бодож баяжих нөхцөл бололцоог хөхиүлэн дэмжээд байна. Миний бодлоор Төвбанкны болоод төсөв захиран зарцуулагч хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ нэг албан тушаалаас халах, солих тухай асуудал биш. Тэдний үрэн таран хийсэн хөрөнгө, мөнгөний талаар ард түмний  нэхээд байгаа хүсэл зоригийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар идэвхтэй ажиллах ёстой. 
 
-Улсын хөрөнгө, мөнгө юунаас болж үрэгдээд байдаг юм бол?
 
-Аливаа төсөл хийх, хэрэгжүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгийг үрэн таран хийгээд  байна. Бүгдийг дурдалтай биш, заримаас нэрлэхэд, Эгийн голын усан цахилгаан станц барина гэсэн. Маш том төсөл, олон сая төгрөг зарсан. Шивээ-Овоо, Багануур, Дундговийн Тэвш, Улаанбаатар хот гэх мэт нэлээн газар дулааны цахилгаан станц байгуулна гэсэн. Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн. Зэс боловсруулах үйлдвэрийг Бор-Өндөрт, өөр хаана ч юм бэ байгуулна гэх мэтчилэнгээр төслүүд хийж, түүндээ гадны хөрөнгө оруулалтаар орж ирсэн асар их мөнгийг зарсан.
 
Тэгээд төсөл нь хэрэгжсэн юмгүй, нөгөө мөнгө ч байхгүй. Төмөр замын төсөл гэхэд хэчнээн юм хийв. Ийм байдлаар идэж ууж байна. Дээр нь аливаа байгууллагыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах нэрийн дор төр, засгийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс хөрөнгө иддэг. Ер нь манай өнгөрсөн 25 жилийн түүхээс харах юм бол, банкийг татан буулгаж нийлүүлэх нь тодорхой хүмүүс тэр банкнаас мөнгө цохичихоод дараа нь татан буулгах замаар  хариуцаж  нэхэх эзэнгүй болгодог. Ийм юм тэдний нэг арга боллоо. Засгийн газар байгуулдагдсаны маргаашаас "Эрдэнэт”-ийн асуудлыг нэг тийш болгочих байх гэж их харсан. Хууль зөрчсөн нь бол тодорхой шүү дээ. Гэтэл хоёр намын удирдлага саармагжуулж эцэст нь Монголын төрд ашигтай биш шийдвэр гаргах зам руу явж байна. УИХ, Засгийн газар иймэрхүү л байдалтай ажиллаж байна.
 
-Өөр ямар жишээ, баримт  байна?
 
-Манай төр, засагт байгаа хүмүүс зөв, зүйтэй саналуудыг хүлээж авдаггүй, ажил хэрэг болгодоггүй. Тухайлбал, саяхан "Энержи Ресурс”-ийн захирал Батцэнгэл гэдэг хүн хэвлэлээр ярихдаа маш зүйтэй гурван санал хэлсэн байна лээ. Жишээ нь, та нар "Чалко”-д битгий хямд үнээр нүүрсээ өгөөд байгаачээ. Тэр нүүрсийг чинь манай компани худалдаж аваад боловсруулалт хийж үнэ хүргэж заръя. Тэгвэл манайхаас авч байгаа нүүрсний хэмжээ ч нэмэгдэнэ. Танай мөнгө ч бас оновчтой шийдэгдэнэ гэжээ. Гэтэл одоо болтол хийгдээгүй байна. Монголын коксжих нүүрсийг боловсруулж гаргахад асар өндөр үнэ хүрнэ гэдгийг төр, засагт байгаа хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл тэр хүний тавьсан гурван саналыг хүлээж аваагүй.
 
Хүлээж аваагүй эзэн өнөөдөр тодорхойгүй байна. Дараагийн асуудал бол  "Эрдэнэт”-ийн, Тавантолгойн, Оюутолгойн удирдлагуудыг солих ямар ч шаардлага байхгүй. Төрийн өмчит томоохон компаниудын удирдлагыг засгийн  эрхэнд  гарсан нам томилж тэндээс намынхан хөлждөг, баяждаг зам руу орчихжээ. Яамны төрийн нарийн бичгийн даргаас эхлээд түүнээс доош албан тушаалтнууд сонгууль болсны дараа олноороо халагдаж солигдлоо. Үүнтэй зарим албан хаагч эвлэрчихжээ. Өмнө нь "Намайг үндэслэлгүйгээр ажлаас халчихлаа” гээд өдий төдийгөөрөө өргөдөл өгдөг байсан бол одоо "Өө яахав, манай нам ялагдсан юм чинь би халагдах нь зөв” гэдэг болж. Монгол төрийн тогтолцоо биш болсныг харуулж байна.
 
-Тэгэхээр төр аль нэг намын бүтэц шиг, намын аппарат аятай ажиллаад байгааг яаж засах вэ?
 
-Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийж, 1992 оноос шинэ Үндсэн хууль бүрдэж АИХ-ын 400 гаруй депутат батлахдаа  нэг нам удирддаг байдлаас  гарч ард түмэн төр төвтэй байдал руу орохоор зохицуулалт хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн дээр нам гараад суучихсан. Намын удирдлагын хэдхэн хүн бүх асуудлыг тодорхой бүлгийн эрх ашгийн үүднээс шийддэг байдал руу орчихсон. Сонгогчдын дийлэнх нь төрийн тогтолцоо биш боллоо. Ардын нам, Ардчилсан нам хоёр төрийг удирдаад хэрэггүй, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэдэг дүгнэлтийг эцэстээ өгч байна.
 
Миний уулзаж, ярьж байгаа хүмүүсийн дийлэнх нь тэгж хэлж  байна. Төрийн тогтолцоог яаж өөрчлөх вэ гэдэг асуудлаар  надтай иргэний нийгмийн байгууллынхан ч уулзаж байна, энгийн иргэд ч уулзаж хэлдэг. Та ахмад хүний хувьд төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд үгээ хэлээч, санал байдаггүй юм уу, яагаад дуугүй суугаад байна гэдэг. Тэдний үгийг сонсохоор хоёр зүйл ярьж байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, нөгөө хэсэг нь хоёр шатлалтай Их хуралтай болъё. 1990-1992 онд манай улс АИХ,  Бага хурал гэсэн хоёр шатлалтай байсан. Энэ буруу гэхийн аргагүй. Гэхдээ зарим намын нөлөө бүхий хүмүүс ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ард түмнээсээ асууя гэх мэт  саналууд тавьж байна. Үүнийг би маш буруу зүйл явагдаж байна гэж үзэж байгаа.
 
-Яагаад?
 
-Монгол Улс шиг ийм жижигхэн орон Ерөнхийлөгчийн засаглалтай байх шаардлагагүй. 1992 оноос мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын засаглалтай болох. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол юу нь буруу болдгийг сая Засгийн газраар  "Эрдэнэт”-ийг шийдсэн асуудал, өнгөрсөн хугацаанд манай Ерөнхийлөгчийн хийсэн ганцаарчилсан тоглолт, дангаараа шийдсэнээс  болж Монгол Улсын хувь заяанд тодорхойгүй байдлууд үүсгэсэн асуудал олон бий.  
 
Ингээд үзвэл, бид парламентын засаглалаа яаж сайжруулах вэ гэдгийг л бодож, боловсруулж хийхээс биш, Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар санал асуулгын ажил зохион байгуулах нь буруу. Магадгүй зарим хүн өнөөдрийн энэ байдлаасаа болж Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд санал өгчихвөл ард түмний санал асуулгын дүнг хэн ч өөрчилж чадахгүй эцсийн шийдвэр болдог шүү дээ. Тийм учраас Монголын ард түмэн, сонгогчид ч гэсэн энэ талаар мэдлэгээ дээшлүүлэх, сонор сэрэмжтэй байх шаардлага бий.
 
-Монгол Улсын гадаад байдал, харилцааны талаар та юу бодож байна?
 
-Төр, засгийн дээд түвшний хүмүүс хоёр хөрштэйгээ олигтой  хамтарч ажиллаж чадахгүй байна. Энэ хоёр их гүрнийг алгасаад бусад түнш, гуравдагч хөрштэй сайхан харилцчихна  гэдэг бэрхшээлтэй. Үүнийг яагаад хэлж байна гэвэл, манайхан хэдэн жил ярилаа шүү дээ, Ази-Европыг холбосон төмөр зам Улаанбаатараар дамжина, амжилттай болж байгаа, хийж байгаа, хэлэлцэж байна, ажлын хэсэг байгууллаа гэж. Гэтэл саяхны хэвлэлээр гарсан мэдээллийг харж байхад нөгөө төмөр зам нь Монголын хилийг тойроод хоёр хөршийн хооронд тавигдахаар Орос-Хятадын Ерөнхий сайд нь гарын үсэг зурчихжээ. Ийм юм зөндөө байна.
 
-Манайхан юун дээр алдаад байна. Бас хариуцлагын асуудал ярихаар ихэнх хүмүүс болохгүй бүтэхгүй байгаагаа Үндсэн хууль руу чихэх юм?
 
-Монголын төр, засгийн дээд удирдлагад байсан хүмүүс, том гүрний удирдагчидтай уулзаад ярьсан зүйлээ хэрэгжүүлдэггүй. Тийм учраас монголчууд найдвартай түнш биш, худал хэлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
 
Монгол орны эдийн засаг ийм хүнд байдалд орсон нь, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол асуултын тэмдэгтэй болчихоод байгаа нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас биш харин Үндсэн хуулийг зөрчиж гарсан бусад шийдвэр, гадаад улс оронтой харилцахдаа нэг цонхоор харилцдаггүйгээс болоод байна. Миний бодож байгаагаар бол УИХ зарим асуудалд хууль тогтоох эрх мэдлээ алдчихсан. Миний түрүүнд хэлсэн жишээнүүд үүнийг батална. Үндсэн хуульд Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг гагцхүү УИХ тогтооно гэж тов тодорхой заасан.
 
Гэтэл манай гадаадад явдаг сайд, дарга нар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн бодлогогүй, нэг амгүй, санасан бодсоноороо янз бүрийн яриа хөөрөө үүсгэдэг. Тэр нь ирсэн хойноо зөрчигддөг. Энэ байдлаасаа болоод байна. Тиймээс энэ 25 жилийн хугацаанд гарсан хууль, тогтоол, журмыг одоогийн УИХ, олонх болсон нам эрдэмтэн, мэргэд, судлаачдын оролцоотойгоор шүүж үзэх хэрэгтэй. Зарим хууль тогтоомжийг яаралтай хүчингүй болгох шаардлагатай.
 
Засгийн газрын авч болох нэг том ажил бол хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Бүтэц, зохион байгуулалтын ажлыг зоригтой хийх шаардлагатай. Гэтэл өнгөрсөн хугацаанд тийм байж чадсангүй. Бүтэц, зохион байгуулалтын дорвитой өөрчлөлт хийсэнгүй.
 
-Нэг нам үнэмлэхүй олонх болчихоод дур зоргын үйл ажиллагаа явуулж, нөгөө нь хэт цөөн, бас доторх тэмцлээсээ болж улс төрийн тавцанд байхад хүнд байхад хэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх юм бэ?
 
-Би сөрөг хүчин гэж ярих дургүй. Энэ үг онож байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Цөөнх бол шударга үнэний, ардчиллын дуу хоолой болж явдаг шиг байгаа юм. Олонх бол өөрийн эрх мэдэл, УИХ, Засгийн газраа  хамгаалах талд байдаг. Энэ цаг үед цөөнх, олонх болж тэмцэлдэх  биш, монгол орны хувь заяаны төлөө нэгдэж, хамтарч ажилламаар байна. 
 
-Бид эрх баригч намын тухай түлхүү ярилаа. Та АН-ын тухай та ямар бодолтой байдаг вэ?
 
-Өнгөрсөн 25 жилд хамгийн шинэчлэгдээгүй нам. Би тэгж үздэг. 1990 онд хэлж ярьж, шаардаж байсан зүйлүүд бол зөв байсан. Хэрэгжүүлэх үе шатанд  алдаа гарсан.Жишээ нь хувьчлал хийж, цөөнх баяжсан.  Өнөөдөр баярлаж байгаа нэг зүйл бол өнгөрсөн хугацаанд хэн нь хэн бэ гэдэг танигдлаа. Ард түмэн нэгэнт таньсан бол намын дээд удирдлагыг зайлуулж, шинэ залуусыг гаргаж ирэх ёстой.
 
1990-ээд онд байсан ардчилсан намуудын удирдлагад байсан хэдхэн хүн төрийн өндөр албанд байна. Тэд зайлах дургүй байна. Зайлвал шоронд орчих гээд байна. Ард түмэн тэнэг биш, тооцоо бодох ёстой. Харин тэр хүмүүс өөрсдөө эхлээд уучлал гуйгаад хууль бусаар авсан, хуримтлуулсан мөнгөө  төр, ард түмэндээ өгчихмөөр юм. Ингэж чадахгүй байгаад нь хариуцлага тооц.
 
-АН шинэчлэгдэж чадах болов уу?
 
-Тийм боломжийг би олж харахгүй байна. Яагаад гэвэл, нам доторх залуус нь хүчгүйдээд байна. Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхгүй байна. Сонгуульд оролцохгүй байна. БНСУ-д ерөнхийлөгч нь хоёр хүний төлөө яаж зовж уучлал гуйж байна вэ. Тэд соёлтой байна шүү дээ. Манайд төрийг үймүүлж, идэж уусан хүмүүс соёлгүй, дутагдлаа хүлээх чадваргүй байгаа юм. Ардчилсан хүчинд хамаардаг залуус хүчээ нэгтгэж чадвал байдлыг засна. Хүчээ нэгтгэж чадахгүй бол дор хаяж хоёр сонгуулийн хугацаа хэрэгтэй.
 
-Эцэст нь энэ цаг үетэйгээ холбогдуулаад таныг монголчууддаа хандаж үг хэлээч гэвэл юуг онцолж хэлэх бол?
 
-Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө бүгдээрээ нэгдмээр байна. Маш их талцаж байна, намаар, бүлгээр. Талцал, тэмцэл  сум, хороон дээр бүр ч илүү байна. Суманд очиход  нэгийгээ тэр нам, энэ нам гээд бараг л дайсан мэт үзэж байгаа харагддаг. Ингэж талцах юм бол бид бусад орны шуналтай хүмүүсийн идэш болно. Авлигачдаас төр, засгаа цэвэрлэмээр байна. Энэ ажлыг цаг алдалгүй хийх ёстой. Хийхдээ гурилдмааргүй байгаа юм. Сая АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгууь гэхэд л Америкийн ард түмэн эрх ашгаар нэгдсэн нэг том бүлэглэлийн эсрэг саналаа өгчихлөө шүү дээ.
 
Бидний хувьд цаашид энэ байдлаар байвал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал маш хүнд байдалд, эргээд засахад төвөгтэй байдал руу орох гээд байгааг  ард түмэн маань  ухаараасай. Залуус дотор эх орноо гэсэн хүн олон байна. Манай намын УИХ дахь 65 гишүүний дотор ч, бусад намд ч Монголоо гэсэн сэтгэлтэй шударга хүн байна. Гэхдээ тэд зохион байгуулалтад орж чадахгүй байна.
 
Даргыг шүтсэн үзлээсээ салж чадахгүй, албан тушаал, эрх мэдлээ алдахаас айж байна. Бид ийм байдлаар явах юм бол Монголын хувь заяа хүнд байдалд орно. Залуу, хөгшин, эрэгтэй эмэгтэй, нас хүйс харгалзахгүй Монгол Улсынхаа төлөө зүтгэмээр байна, ажилламаар байна.  Ард түмний маань олонх нь ядуу зүдүү, хоногийн хоолондоо хүрэхгүй болчихоод байна. Би тоо баримт дурдвал зөндөө жишээ хэлж болно. Үүнийг ард түмэн мэдэж байгаа учраас ер нь монгол орноо яаж аврах вэ, яаж тусгаар улс хэвээр үлдэх вэ, яаж үндэсний аюулгүй байдлаа аварч,  одоогийн хүнд байдлаас яаж бага хохиролтойгоор  гарах вэ гэдэг үүднээс ийм л зүйлүүдийг хэлье дээ.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!