АМЬДРАЛ ДАНДАА ЖАРГАЛТАЙ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА...

🕔 2016/10/21 13:38

АМЬДРАЛ ДАНДАА ЖАРГАЛТАЙ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА...


Амьдрал гэдэг баян юм, аль ч талаараа. Нулимстай, гунигтай нэг өдөр байхад инээмсэглэлтэй, жаргалтай бас нэг өдөр байх юм. Намайг Сансар гэдэг. Жирийн л нэг амьдралтай, аав хүн. Нэг сайхан нартай өдөр заяаныхаа ханийг оллоо гэж баярлан дэвхцэж явсан цаг саяхансан... Бид хоёр танилцаад удалгүй хүүхэдтэй боллоо. Би ч амьдралаа босгох гэж чадах ядахаараа зүтгэлээ. Эхлүүлсэн бизнес маань эхэндээ тун чиг амжилттай явж байгаад буруу тооцоолсны улмаас уналтад орлоо. Хүндрэлээс гарахын тулд байр, машин, байдагаа банкинд тавьж зээл авсан боловч миний санаснаар болсонгүй.

Ингээд эхнэр маань ч надад итгэл алдарч, хүү бид хоёрыг орхиод мөнгөтэй эр дагаад явчихаж билээ. Тэгэхэд би "Амьдрал дандаа жаргалтай байдаггүй юм байна" гэж бодсон шүү. Дөнгөж ой гарч яваа хүүгээ тэврээд үлдсэн намайг наашаа гэх хүн байгаагүй. Өлсөхдөө өлсөж, даарахдаа даарч явсаар нэгэн сайхан сэтгэлт эгчтэй танилцсан нь Галын Туяа эгч. Би ядарч, зүдэрч явахдаа "Хүүгээ л хүн болгох ёстой юм шүү" гэж бодож явсан юм. Монгол хүний жишгийг дагаж БНСУ-д ажиллахаар боллоо. Хүүгээ яахав гэсэн бодол намайг ээрч эхлэв. Эхлээд хүүгээ аваад явъя гэдэг хүсэлтийг элчинд гаргасан ч татгалзсан хариу өглөө. Энэ л үед Галын Туяа эгч "Миний дүү хүүгээ эгчдээ үлдээгээд яв. Эгч нь хүүхдүүдээсээ дутуугүй хайрлаж, хүний хүн гэж ад шоо үзэхгүй. Өөрийн хүүхэд шиг л өсгөнө" гэж хэлсэн нь сэтгэл цэлмээж билээ.

БНСУ-д багагүй хугацаанд ажиллахдаа хүүгээ их санадаг байсан. Хэдий их санадаг байсан ч санаа зовдоггүй байлаа. Учир нь хүний хайлан, хүн чанарын дээд Галын Туяа эгчдээ үлдээсэн болохоор тэр шүү дээ. Одоо ч миний хүү Галын Туяа эгчийг "ЭЭЖЭЭ..." гэж дууддаг. Ээжийнх нь оронд ээж нь болсон болохоор арга ч үгүй биз. Харин миний хувьд хайрлаж, хүндэтгэж явдаг эгч минь болсон. Тэрбээр нэг удаа "Элэг бүтэн амьдрах шиг жаргал энэ хорвоод хаана ч байхгүй" гэж хэлж билээ. Ер нь өөрийнх нь амьдралдаа баримталж явдаг зарчим, хүсч явдаг мөрөөдөл нь тэр л дээ. Монгол айл, монгол өрх элэг бүтэн амьдраасай, элэг бүтэн амьдрал нь аз жаргалтай байгаасай гэж үнэн голоосоо ярьж, залбирч явдаг хүн юм. Түүний энэ хүсэл мөрөөдөл хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдэгт би итгэдэг. Үнэхээр ч түүний хэлснээр элэг бүтэн амьдрах шиг жаргал энэ хорвоод үгүй юм билээ. Эцэст нь "ГАЛЫН ТУЯА эгчээ... Дүү нь таныхаа ачийг хэзээ нэгэн цагт заавал хариулна" гэж бодож явдаг шүү... Тандаа маш их баярлалаа. Сэтгэлд буусан мананг таны сайхан сэтгэл үргээсэн юм шүү...

Sansar Kosmos

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!