Хайрга, дайрга олборлох нэрээр жонш, алт, зэс зэргийг олборлож, энэ чиглэлд зөвшөөрөл олгосон тоогоороо Дундговь аймаг тэргүүлжээ

🕔 2024/09/28 09:38

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрхзүйн орчин 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” хэлэх бөгөөд тус хуулийн 14.4-т зааснаар Аймгийн Засаг дарга нь талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Харин түгээмэл тархацтай ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Аймгийн засаг дарга олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг зохицуулалттай.
 
 
 Дундговь аймгийн хэмжээнд 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 57 түгээмэл тархцтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 56 хайгуулын, 1 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.  
 
 
 
 
 
 
2017-2019 онд гүйцэтгэсэн Монгол орны голлох ашигт малтмалын судалгаагаар Дундговь-ийн Литийн бүс тогтоогдсон байдаг.   Тус литийн бүсийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малталын эрдэсжсэн /жонш, алт, бал чулуу, нүүрс, зэс гэх мэт/ цэг, илрэл, орд газартай давхцалтай 24 тусгай зөвшөөрөл байна.
Мөн 2023 оны байдлаар 100 гаруй түгээмэл тархацтай ордын тусгай зөвшөөрлийг Дундговь аймгийн хэмжээнд олгосон байсан нь Улсын хэмжээнд хамгийн өндөр олголттой аймгийн нэг бөгөөд жонш, алт, лити, бал чулуу, зэс гэх мэт ашигт малтмалын илэрц бүхий талбайд давхардуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензийг олгосон нь нилээдгүй байсан байна.
/Давхардуулан олгож түгээмэл тархацтай ордод хайгуул хийх нэрийдлээр хууль бусаар бусад ашигт малтмал олборлох зөрчил нилээдгүй байх магадлалтай/ Тухайлбал, Дээрх түгээмэл тархацтай ашигт малталын хайгуулын тусгай зөвшөөрөлд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа дараах газруудыг жишээлэн дурдаж болохоор байна. Үүнд: - Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Их жас эрдэнэ ХХК нь /XV-48000053 (028/Ду), Гүн усны зараа XV-48000052 (027/Ду) түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс шавар барилгын материал хайх хайгуулын тусгай зөвшөөрөл авсан мөртлөө жоншны илэрц бүхий газарт давхардуулан авч жонш хууль бусаар олборлох ажиллагаа эрхэлдэг байх магадлалтай.
 
 
Дундговь аймгийн Хулд сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг жоншны илэрц бүхий газарт давхардуулан авч хууль бусаар жонш олборлож байх магадлалтай харагдаж байна.
 
 
 
 
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг жоншны илэрц бүхий газарт давхардуулан авч хууль бусаар жонш олборлож байх магадлалтай харагдаж байна.  
 
 
Жич: - Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар зүйлд зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул дээрх үйлдлүүд тогтоогдвол эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаардаг байна.

https://isee.mn/n/69690


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!