Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар анх удаа хуралдана

🕔 2023/06/08 15:40

Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар анх удаа хуралдана

 

Лондон хот хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаар анхны дэлхийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж буй талаар Их Британийн Засгийн газрын сайтад мэдээлжээ.

Ирэх намар болох уулзалтын үеэр хиймэл оюун ухаантай холбоотой үүсэх эрсдэл болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах замаар эдгээр эрсдэлийг бууруулах арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак сүүлийн үед бизнесменүүд болон дэлхийн удирдагч нартай хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, "Их 7" бүлгийн орнуудын төр, засгийн тэргүүн нар өнгөрсөн тавдугаар сард Японы Хирошима хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр энэ чиглэлд нэгдмэл бодлого боловсруулах эрмэлзэлтэйгээ илэрхийлжээ. Сунак мөн хиймэл оюун ухааны шилдэг лаборатори болох OpenAI, DeepMind, Anthropic компаниудын удирдлагатай энэ асуудлаар уулзалт хийсэн байна.

Их Британийн Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар, тус улс хиймэл оюун ухааны хөгжлөөр дэлхийд АНУ, БНХАУ-ын дараа гуравт бичигдэж байна. Тус улсын хиймэл оюун ухааны салбарын нийт эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрч, 50 мянган хүнийг ажлын байраар хангаж байна.

Энэ сарын эхээр "OpenAI” компанийн тэргүүн Сэм Альтман хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтнийг мөхөөх эрсдэлтэй хэмээн мэдэгдэж, ийм төрлийн хөгжүүлэлтийг хянах зорилгоор олон улсын агентлаг байгуулах хэрэгтэй хэмээн онцолж байсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!