Байр суурь: Допингийн талаар бөхчүүд юу хэлэв

🕔 2023/05/18 14:28

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Допинг ба Спортын авлига хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр бөхчүүд дараах байр суурийг илэрхийлэв.

Улсын начин Д.Цэрэнтогтох: Допинг гээд нэг л том утгаар нь авч үзээд байна. Зүрхний эм, антибиотик гээд илэрч байгаа зүйл их. Эд нарыг ялгаж өгөхгүйгээр муу юм бол үндэсний бөх гэх юм. Ил байгаа нь үндэсний бөхийнхөн шүү дээ. Далд ямар холбоо яаж явахыг бид мэдэхгүй. Янз бүрийн л юм сонсогддог. Допингийг ялгаж салгаад өгөөсэй л гэж боддог. Хүч тамир оруулдаг тариа юм уу, зүрхний эм юм уу гээд ялгамаар байна. Бүх юмыг допинг гээд үзээд байна шүү дээ.

Улсын начин Б.Ганхуяг: Танаас допинг илрээгүй учир шинжилгээний хариуг өгөхгүй гэдэг. Таны шинжилгээний хариуг өгчихвөл бусад нь барьцана. Гэтэл би өөрийнхөө шинжилгээтэй танилцах эрхтэй. Хамаг юм нь илэрчих вий гэж айгаад нууж хаадаг гэж хардаж байна. Шээсээ сольсон гэнэ лээ, допинг илэрснийг илрээгүй болгосон гэнэ лээ гэдэг яриа гардаг. Булхай луйвар байгаа учраас л нууж байгаа шүү дээ. Би бусдыг шинжилгээний хариуг авах гээгүй, өөрийнхийгөө л авъя гэсэн.

Улсын начин Б.Адьяахүү: Бөх допинг хэрэглэвэл дагаад багш нь хариуцлага хүлээдэг болсон. Манай Аварга сургуулийг төгссөн хэд хэдэн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн. Энэ сургуулийг төгссөн учир анхны багш нь гэдэг утгаараа би үүнд хардагдаж байна. Би сэргээш, допинг байтугай, витамин ч санал болгодоггүй.

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй: Допингийн үндэсний төв гээд төрийн бус байгууллага юм байна. Миний мөнгөөр, таны мөнгөөр санхүүждэг аж. Гэтэл яагаад ил тод нээлттэй тайлагнадаггүй юм бэ. Мэдэх эрхийг минь хангаж өгнө үү. Допингийн асуудлаас болж олон залуус нэр төр, сэтгэл санаагаар унаж байна. Үндэсний бөх бол монгол гэр бүх бахархлыг тээдэг. Хаана ч, юу ч болсон бөхчүүд л муу гэсэн ойлголттой. Энэ бүхэн Допингийн үндэсний төвийн хаалттай үйл ажиллагаатай хамаатай.

АТГ 38 бөхөөс допинг илэрсэн гэж зарласан. Тэгээд чимээгүй болсон, хариу тайлбар хэлээгүй. Үнэхээр илэрсэн юм бол бүгдийг нь зарла. Үгүй бол залруул. Энэ мэдээллээс болж бөхчүүдийн нэр хүнд унасан шүү. Гудамжинд зүгээр явж байгаа бөх допингтой мэтээр хардуулж байна.

Улсын арслан Б.Орхонбаяр: Жил болгон наадмын өмнө Допингийн үндэсний төвөөс бөхчүүдэд мэдээлэл өгдөг. Хамгийн гол нь энэ мэдээллээ хүртээмжтэй өгөх хэрэгтэй байгаа. Төр засаг шударга өрсөлдөөнд анхаарч, допингийн эсрэг хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!