Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хамтарсан мэдэгдэл хийлээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр /07.05/ манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Улаанбаатар болон Москва хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна.Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Монгол болон ОХУ-ын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалдаа эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна.
С.В.Лавровтой сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдсан асуудлын талаар ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийлж, ярилцсан. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Үүнийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзлээ.Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж байна. Хамтарсан үйлдвэрүүд байгуулах, тээвэр ложистикийн чиглэлд хамтран ажиллах сонирхол бидэнд бий. С.В.Лавров сайдтай өнөөдөр хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн төмөр замаар манай улсын баруун болон зүүн талаар хоёр хөрштэйгөө холбогдох коридоруудын асуудлыг ярилцлаа" гэв.
Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд нар сансар судлалын салбарт хамтын ажиллагааг сэргээх, ерөнхий боловсролын сургууль байгуулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохирчээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров "ОХУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй та бүхэнд талархлаа илэрхийлье. Өнөөдрийн яриа хэлэлцээр маш амжилттай болж өнгөрлөө. Манай хоёр улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна.
Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар бид санал солилцсон. Мөн 2019 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг улам илүү өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн.
Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал, хориг арга хэмжээг бүрэн авсны дараа манай хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, өнгөрсөн онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, бусад хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж байна. Манай хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд худалдаа 30 хувиар өссөн бол энэ оны эхний хагас жилд дахин 45 хувиар нэмэгдээд байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn