Эмэгтэйчүүд үгээ хэлж, хамтын ажиллагаагаа тодорхойлох хандлага нэмэгдэж байна

🕔 2022/03/09 14:17

 

 

 

Эмэгтэйчүүд үгээ хэлж, хамтын ажиллагаагаа тодорхойлох хандлага нэмэгдэж байна

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрийг "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” Олон улсын өдөр болгох шийдвэр гаргаснаас хойш хүн төрөлхтөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын хувьд энэ өдрийг ихэвчлэн "Эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүдийн баяр” болгон тэмдэглэж хэвшсэн хэдий ч Дундговь аймгийн хувьд Эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн байгууллагадэмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаар үгээ хэлж, хамтын ажиллагаагаа тодорхойлоххандлаганэмэгдэж байна.

Тус аймгийн ЗДТГ, ХГБХЗГ-аас, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Мандалговь хотноо "Эерэг өөрчлөлт, эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, 300 гаруй эмэгтэй оролцжээ.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар оролцож, эмэгтэйчүүдийн асуудлаар цаашид хэрэгжүүлэх бодлого, чиг хандлагыг танилцуулсан бол аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос "Эмэгтэйчүүдийн нийгмийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан.

Энэ үеэр аймгийн удирдлагууд иргэдийн гаргасан тариалан эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгчийн түрээсийн байрны үнийг зохицуулах, хогийн асуудал, хүүхдийн тоглоомын газар дутагдалтай, мөн хот хоорондын замаар нүүрс тээврийн том оврын автомашинуудыг явуулахгүй байх зэрэг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах санал, хүсэлтүүдийг хүлээн авч, бодлого төлөвлөлтөд хэрхэн тусгаж байгаагаа танилцуулан зарим санал, хүсэлт, зөвлөмжийг ч цаашид төлөвлөлтөд тусган ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлсэн юм.

Үйл ажиллагаанд "Төгөлдөршил" ТББ-аас "Хувь хүний хөгжил, эмэгтэйчүүдийн манлайлал” илтгэл тавьж, аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид "Эрхэмсэг" хүндэтгэлийн тоглолтыг толилуулав.


 

Мөн зарим сумын эмэгтэйчүүдийн байгууллагаа чуулган, зөвлөгөөн зохион байгуулж, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлон, байгууллагынхаа Тэргүүлэгчдийг сонгох зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, Луус сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 130 гаруй эмэгтэй оролцсон зөвлөгөөн зохион байгуулж, "Иргэдийн оролцоо”, "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, "Хуримтлалын бүлэг, хоршоо" сэдвээр ТББ-уудаас сургалт авч, багаар ажиллан "Сумынхаа тулгамдсан асуудал”-ыг тодорхойлж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсдийн саналаа боловсруулан танилцуулжээ.






Харин Сайхан-Овоо сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Бүсгүй хүний үнэ цэн” чуулга уулзалт зохион байгуулж, Тэргүүлэгчдээ шинээр сонгож, цаашдын зорилгоо тодорхойлсон юм. Тус чуулганд 100 орчим эмэгтэй оролцож, "Ухаалаг харилцаа” сэдвээр сургалт авч, харилцаа, хандлагаа сайжруулах суурийг тавилаа.

 

Луус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Ц.Алдармаа, Сайхан-Овоо сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар С.Болоржаргал нар сонгогдон сонгуульт ажлаа хүлээн авсан байна.






 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!