Цоорхой төсвийн нөхөөс

🕔 2016/09/13 10:01

Цоорхой төсвийн нөхөөс

 

Орлого буурч, зарлага тэлж, эдийн засаг агшсаар байна. Энэ оны төсвийн тодотголыг алдагдлаа бууруулж танах бус, нэмж тооцон баталсан. Их наядаар хэмжигдэх төсвийн алдагдал аль ч парламентын үед буурахгүй гэдгийн илэрхийлэл биз. Энэ онд импорт төлөвлөж байснаас 20 орчим хувиар, газрын тосны орлого 140 тэрбум төгрөгөөр, гадаад тусламжийн орлого 256.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Түүнчлэн Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахаар тооцсон ч хийгдээгүй учир 170 тэрбум төгрөгийн орлого төсөвт орох боломжгүй болсон байна.  Энэ мэтчлэн эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнээс буурч, төсвийн орлого тооцож байснаас 1.6 их наяд төгрөгөөр буурсан гэх шалтаг, шалтгаан тоочиж байна лээ.

 

Засгийн газраас энэ оны төсвийг танахаар зохицуулалт хийсэн хэдий ч иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх цалин бууруулах зэрэг арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэж парламент үзсэн. Харин төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хатуу сахилга, хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын саналыг дэмжихээ илэрхийлээд байгаа.  

 

Харин төсвийн орлогыг нэмэгдүүлэхдээ дахиад л бонд гаргахаас өөр аргагүйд хүрч. Сөрөг хүчин байхдаа таван төсөв зохион бонд гаргаж улсын өрийг нэмэгдүүллээ хэмээн шүүмжилдэг байсан МАН өнөөдөр эрх баригч хүчний суудлаас дахин бонд гаргахаар төлөвлөөд байна. Төсвийн тодотголоор Засгийн газар 2.5 их наяд төгрөгийг нь үнэт цаас хэлбэрээр  гаргаж, 1.4 их наядыг нь зээл авч зохицуулахаар төлөвлөсний дагуу явагдах нь.

 

Эхний ээлжинд Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар сурагтай.  Гурван сар орчим хугацаанд 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргах юм байна.

 

Гэхдээ Монголбанктай ойлголцоод дотоодын үнэт цаас гаргалаа гэхэд худалдаж авах арилжааны банк байхгүй гэдгийг онцолж байсан. Учир нь арилжааны банкуудын үнэт цаас худалдан авах хэмжээ чинээндээ тулчихсан аж.  Гадаад зах зээлд манай улсын зээлжих зэрэглэл буурсан. Энэ нь эргээд эрсдэл дагуулах магадлал хэмээн эдийн засагчид анхааруулж байгаа.  Гэвч эрх баригч хүчин МАН энэ бүх эрсдлийг тооцож, зохицуулалт хийсэн биз.

 

Нөгөөтэйгүүр гадаад хөрөнгө оруулалт 120 гаруй хувиар буураад байгаа. 2011 онд 4.1 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны хагас жилийн байдлаар 360 сая ам.доллартай байгаа гэсэн тоон үзүүлэлт байна. Харин эрх баригч хүчин МАН-ын хувьд урд хөрш БНХАУ-ын Коммунист намтай өндөр дээд түвшний харилцаа, хамтын ажиллагаатай. Нөгөөтэйгүүр өнгөрсөн дөрвөн жилд хойд хөрш ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагааны саарч байсан. Үүнийг тухай үед эрх барьж байгаа намтай ч холбон тайлбарладаг. Үнэндээ ч МАН-ыг эрх барьж байх үед ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаа сайжирдаг талтай. Өөрөөр хэлбэл, хойд хөршийнхөн соц нийгмийн 70 жилд ах дүүгийн хамтын ажиллагаатай байсан МАН өнөө ч итгэл үзүүлсэн хэвээр байдаг. Тиймээс өнөөдрийн эрх баригчид энэ оны төсвийн алдагдлыг нэмж баталсан ч зээл, хөрөнгө оруулалтыг наанадаж хоёр хөрштэй хэлэлцээ хийн шийдэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

 

Эдийн засгаа сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үүрэг ирэх жилүүдэд нэгэнтээ эрх баригчдад оногдсон. "Эдийн засаг тооцоолж байснаас муу байна” хэмээн эрх баригчдын мянгантаа давтаж байгаа үг иргэдийн чихэнд үнэн болтлоо нөлөөлөхгүй байгаа. Учир нь дараагийн, тодруулбал орон нутгийн сонгууль угтсан мессэж гэх хардлага олон нийтэд давамгайлж байна лээ. Харин цоорхой төсвийг нөхөх бонд, зээл үр ашигтай зарцуулагдаасай.

 

Н.Энхлэн

Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/473424.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!