Л.Оюун-Эрдэний амбиц ба Авлига дээр тогтсон ТҮНШЛЭЛ өөрчлөгдөх үү?

🕔 2021/09/03 15:35

Л.Оюун-Эрдэний амбиц ба Авлига дээр тогтсон ТҮНШЛЭЛ өөрчлөгдөх үү?

 

Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийжээ. Төслийн үндсэн агуулга нь төр-хувийн хэвшил түншлэлээ сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  тухай аж.

 

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл нэг талаас МҮХАҮТ-аас гаргасан Их "Сэргэлт” санаачилгын хүрээнд улс төрийн түвшинд яригдаж буй. Нөгөө талаас төслийн агуулга бол  өмнөх засгуудын үед ч тогтмол яригдаж байсан  бөгөөд Л.Оюун-Эрдэний удирдаж буй энэ Засгийн газар  100 болон 200 дахь хоногийн тайлангуудаа тавих үедээ  энэ талаар давтан, тодотгон ярьсан билээ.

Монголын эдийн засгийн хүрээг өргөтгөх, импортын хэт хараат байдлыг бууруулахын тулд сүүлийн арав гаруй жилд ач холбогдол өгч ярьсаар ирсэн ч, бодитоор хэрэгжүүлж гавиагүй төр хувийн хэвшлэлийн зохист түншлэлийг  шат ахиулахад энэ Засгийн газар хувь нэмэр оруулж чадах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудлуудын нэг юм.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахлан ажиллаж байгаа.

Тэрбээр том зорилготой шинэ хорооны анхдугаар хуралдааны үеэр хэлэхдээ "Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Засгийн газар байгуулагдаад эхний 200 хоног хүрэхэд хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. Мөн эдийн засгийг сэргээж, хэвийн горимд нь шилжүүлэх зорилт байсан. Бид энэ зорилтдоо хүрч чадсан. Одоо эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Үндэсний хороо байгуулж, салбар бүрийн төлөөллийг оролцууллаа. Тиймээс Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулна” гэж байв.

Тэгвэл ямартай ч тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барих асуудлыг  У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр хэлэлцэн, шийдвэрлээд байна.

Бид өөрсдийн дотоод нөхцөл байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийгээд харахад хууль, журам батлахаас гадна хийж хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах нь том асуудал байсаар байдаг.

Эдийн засагт реформ хийх боломж, гарц бүхий олон олон төслүүдийн талаар өнгөрсөн жилүүдэд ярьсаар л байсан. Өнөөдөр ч тэдгээр төслүүдээ давтан ярьсаар л байгаа.

Тухайлбал, энэ  Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавихдаа,  эдийн засгийн хүрээг ирэх жилүүдэд тэлэх, эрчимжүүлэх 100+ төслийг хэрэгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэрбээр хэлэхдээ энэ хүрээнд уул уурхайн салбарт бодлогын реформ хийнэ гэсэн. Геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн уул уурхайг  нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ гэсэн. Засгийн тэргүүний яриад буй уул уурхайн салбарт түшиглэсэн реформ зэрэг олон сэдвүүд төр, хувийн хэвшлийн зохист түншлэлийг шаардсан, олон жил яригдсан хуучин сэдвүүд юм.

Ямартаа л Засгийн тэргүүн өнгөрсөн тавдугаар сард  Монголын эдийн засгийн хүрээг өргөтгөх олон арван макро төслийн талаар ярилцахаар бизнес эрхлэгчдийг дуудахад,  ирсэн бизнес эрхлэгчид тулгамдсан олон зовлонгоо тоочсон билээ.

Хувийн хэвшлийнхний бэрхшээл, зовлонг сонссон Засгийн тэргүүн  "Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой... Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя” гэсэн юм.

Хэрэв түүний хэлж ярьж байгаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл эрүүлжиж, улс төр, бизнес хоорондын зааг ялгаа гараад, соёл нутагшиж чаддаг бол ихээхэн эерэг өөрчлөлт гарна.

Өнөөдрийн тухайд Монголд төр, хувийн хэвшлийн түншлэл авлига дээр л тогтож буй.

Өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж буй эдийн засагч Б.Даваадалай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай сайтад өгсөн ярилцлагадаа:

"Институцийн хувьд сайн засаглал гэж ярихаар хуулийн хэрэгжилт сайн байх, авлигаа бууруулах хэрэгтэй. УИХ болон бусад байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр дорвитой реформууд хийх шаардлагатай. Энэ дотор авлигын асуудал яригдана. Ахиц гарч байгаа ч хангалтгүй байна. Төсвийн институциудыг сайжруулмаар байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсныг сануулъя.

Ерөнхийдөө Монголын бизнесийн орчин, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зэрэгтэй холбоотой судалгаануудын дүнгүүдийг харахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь нь авлига болсныг харуулж байдаг. Тэгэхээр Засгийн газрын зүгээс удахгүй УИХ-д өргөн барих Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрүүлжүүлэх, сайжруулах чиглэлд ямар асуудлууд тусгагдан, батлагдах вэ. Хөрсөн дээр хэрхэн буух вэ гэдэг нь анхаарал татаж байна.


https://news.zindaa.mn/3u8r


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!