Дундговь аймагт салхины асар их нөөц байна

🕔 2021/08/18 12:06

 

Дундговь аймагт салхины асар их нөөц байна

 

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "UPCРеньюбелс” компаний захирал Б.Хүрэлбат Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж, хамтран ажиллах санал тавьжээ.

"UPCРеньюбелс” ХХК нь Ази Номхон далайн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний хамгийн том бие даасан компаниудын нэг бөгөөд 2006 оноос Азид идэвхтэй ажиллаж эхэлжээ. Тус компани нь Олон Улсын хэмжээнд нийт 4,5 ГВт гаруй хүчин чадалтай нар, салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан, Азид 6000 МВт хүчин чадал бүхий нар, салхины эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Энэ талаар тус компаний захирал Б.Хүрэлбатаас тодруулахад "Манай компани бол Олон Улсын хэмжээнд сэргээгдэх эрчих хүчний үйлдвэрлэл явуулж, төсөл хэрэгжүүлдэг мэргэшсэн компани юм. Монголд охин компанитай.

Сансрын зургаар Дундговь аймгийн салхины нөөцийг судалсан. Асар том хэмжээний салхин цахилгаан станц байгуулж, тэр эх үүсвэрээр Хятад улс руу экспортлох боломж энд байна.Тиймээс энэ чиглэлээр танай аймаг, зарим сумтай хамтарч ажиллах хүсэлт гаргалаа.

Ингэхийн тулд юуны өмнө Луус, Адаацаг, Гурвансайхан, Дэрэн, Сайнцагаан, Дэлгэрцогт 6 сумын нутагт салхины судалгааны ажил хийнэ. Ингэхдээ 160 м өндөр цамхаг байгуулна. Энэ цамхаг дээрээ салхины хурд хэмжигч, температур хэмжигч, чийгшил хэмжигч байршуулж, мэдээллээ аваад лабораторид боловсруулна.

Ямар хэмжээний нөөц байна вэ, ямар хэмжээний хүчин чадалтай үйлдвэрлэл барих боломж байна гэдгийг тодорхойлно гэсэн үг. Олон Улсын санхүүжилт авах учраас тэдний шаардлагыг хангасан мэдээллийг гаргахын тулд наад зах нь 3-4 жилийн тогтвортой судалгаа хийдэг.

Хэрвээ үйлдвэр барихаар болчихвол Дундговь аймгийн иргэдээс Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сургах хэрэгтэй болно. Хамгийн наад зах нь 200-аад ажлын байр гарна. Өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг.

Үйлдвэр барих үеэр 2000-аад ажлын байр гарна. Түүнээс гадна орон нутгийн хүмүүст асар их ханган нийлүүлэх боломж гарна. Уул уурхай биш учраас байгаль орчинд сөрөг нөлөө бараг байхгүй, малчдын амьдрал ахуй, бэлчээр усанд тэгтлээ сөрөг нөлөө байхгүй гэж хэлж болно.

 

Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд сум, багийн иргэдийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нь оролцоно. Тиймээс энэ бол маш их өгөөжтэй төсөл” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!