А.Таяа: Би хүүхдүүдэдээ “эхлээд багажаа өөрөө хийж сур” гэж захидаг
Соёлын биет болон биет бус өвийг тээгч, Амаажавын Таяа гэх уран дархан, урлаач, уртын дууч гээд авьяас төгөлдөр эрхэм хүнтэй уншигч олноо уулзуулъя. Энэ хүн бол Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, ахмад настан юм.
-Таныг урлаач, уран дархан гэдгээр манай нутгийнхан анддаггүй. Та энэ их ур ухааныг ахмад буурлуудаасаа өвлөн авч, үр хүүхдүүдээ зааж, өвлүүлж байгаа байх. Энэ тухай хуучлаач.
-Би Дундговь аймгийн Дэрэн сумын Тэгшийн хонхрын хүн. Манай өвөг эцэг Юндэнгэлэн гэдэг хүн монгол үндэсний гутал, гөлөм хийдэг хүн байсан гэдэг. Манай эцэг Чоймбол гэгч Тэгшийн суурин дээр лам байсан. Тэр хүн ч бас үндэсний гутал, гөлөм хийдэг, модоор ч бас ойр зуурын юм хийдэг, төмөр, алт, мөнгөөр ч эдлэл хийдэг хүн байсан юм.
Түүнийг багаасаа харж, дагаж хийдэг байж байгаад сурсан гэх үү дээ, одоо би дээрээсээ гурав дахь үеийн хүн болж байна.
Хамгийн анх юм хийх дөр байгаа юм болов уу, үгүй юу гэдгээ мэддэггүй байсан. 14, 15 настай байх үедээ би зүсэм банз олж, тэрүүгээрээ хурдан морины хусуур, зээбад(дөрвөн хүчтэний бүхий л шинжийг багтаан нэгэн дүрсэд оруулсан хээг "зээбад” гэж нэрлэдэг)толгойтой хусуур хийсэн. Ингэж модоор анх юм хийж үзэж байгаа юм.
Нэг жижиг төмөр олоод тэрүүгээрээ заазуур хийлээ. Тэр үед манайхтай Түдэв гэж дарханых айл байсан юм.
Тэр хүний авдар хөөргийг татаж өгдөг туслах нь байлаа. Тэгээд тэр хүнд тоогдож, тэгж л анх юм хийж эхэлсэн хүн дээ би.
-Та бас арьс ширээр маш сайхан бүтээл урладаг. Энэ өвийг өвөөгөөсөө өвлөн авсан байх, хэзээнээс урлаж эхэлсэн бэ?
-Арьс ширээр юм хийхийг би 18-19 настай байхдаа л эхэлсэн юм. Миний нагац ах Гочоо гэдэг хүн бас гөлөм, гутал хийдэг, хонхортоо нэлээн "уран” нэртэй хүн байсан. Тэр хүн бид нараар угалз оёулдаг байлаа.
Түүнээс санаа аваад тоглоом шахуу даа, жижигхэн гөлөм эсгэж хийж үзсэн. Болмоор ч юм шиг, тэгээд ерөнхийдөө хийж эхэлсэн.
18 нас хүрээд Угтаалын сангийн аж ахуй руу явчихсан хүн л дээ. Тэр хооронд модоор шатар ч зорж үзлээ, модоор ч бас юм хийж үзлээ.
Зав зайндаа, ажлын чөлөөт цагаар ганц нэг гөлөм, ганц нэг хутга хийчихдэг байлаа. Тэр үед тэгж л бага сага хийж, сонирхож, оролдож явсан болохоос байран сууж хийж байсангүй.
Тэгээд 2000 онд тэтгэвэрт гарч, хүүхдүүдтэйгээ хоршоо байгуулаад монгол гутал, гөлөм, морин хуур, үйсэн ташуур гэх мэт 14-15 төрлийн бүтээгдэхүүн хийж байна.
-Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн гуайтай та үеэл гэдэг. Морин хуур хийж эхэлсэн нь тэр хүнтэй холбоотой юу?
-Морин хуурыг 70-80 онд эхэлж хийсэн. Миний үеэл болох Дадьсүрэн бол Дэрэн сумын хүн. Монгол Улсын гавъяат. Тэр хүн, Чойдорж хоёр суманд морин хуур хийдэг байлаа.
Тэгээд мод, чулуугаар юм хийхийнхээ хажуугаар тэд нарыг дуурайгаад морин хуур хийж эхэлсэн юм. Тэр үед мастер маягийн морин хуур хийдэг байлаа л даа, модон цартай.
Хоёр жилийн өмнөөс хүмүүс ширэн цартай хуур хийгээд эхэлсэн. Тэгээд театрын нэг хүнээс ямааны татаас аваад тэрүүгээрээ царлаад ширэн цартай морин хуур хийсэн. Ер нь модон цартай морин хуур 10-аадыг, ширэн цартайг 3, 4-ийг хийсэн.
-Тэтгэвэрт гартлаа та юм юм хийж, суралцаад явсан байх юм. Одоо бол хүүхдүүдтэйгээ дагнаад үйлдвэрлэл явуулж байгаа гэж ойлгосон. Хэдийнээс энэ авьяас чадвараа бизнес болгосон бэ?
-Би 2000 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд аймагт ирээд хийх ч ажил байдаггүй, "Магнай” нэртэй хоршоо байгуулж, эхлээд бурхны гүнгэрваа хийж үзлээ, бурхны ширээ хийж үзлээ, даллаганы модон сав ч урлаж үзлээ.
Модоор юм юм л хийчихнэ. Морин хуур ч хийнэ. Тэгээд "үйсэн ташуур” гэдэг зүйлийг их сонирхож, хийж үзлээ. Миний мэдэж байгаагаар хийж байгаа хүн ер дуулддаггүй, энд тэнд ер харагддагүй байсан.
Тэгээд би энэ үйсэн ташуурыг л хийж үзэх гэж бодоод, хангайд байдаг найз дээрээ очиж, шуудай шахуу үйс олж ирээд тэрийгээ цэвэрлэж, үзэмж оруулах санаатай мөнгөөр бөгж хийгээд дээр, доор нь яс тогтоогоод 5-6 ташуур хийж үзсэн. Болмоор санагдсан. Хүн ч их сонирхдог юм байна лээ. 12-36 угалзтай монгол гутал, гөлөм, буриад гутал, оймс хийдэг. Энэ мэтчилэн юм юм л оролдож суудаг даа.
-Өөрийнхөө энэ их ур ухаанаас залуучууд, хойч үедээ сургаж, шавь нараа бэлтгэж байгаа юу? Таны энэ их авьяас, чадвар таны хүүхдүүдэд ч мөн өвлөгдсөн байх аа.
-Өөрийн хүүхдүүд хийнэ. Гаднаас ч бас шавь нар бий. Ер нь бол 10-аад шавьтай, тэд маань Улаанбаатарт ч байна, энд ч бий, хөдөө ч байна. Миний өөрийн хүүхдүүд бол дандаа энэ чиглэлийн сургууль төгссөн.
Нэг хүү маань(нэр ньБаярмагнай)УБИС-ийн зураг хөдөлмөрийн анги төгсөөд одоо Замын-Үүдэд багшилж байна. Багшлахын хажуугаар байнга л энэ бүтээлүүдээ хийж байдаг.
Морин хуур, хаалга, тэгээд ойр зуурын олон л зүйл хийнэ дээ. Миний ач хүү Анхбаяр Дүрслэх урлагийн дээд сургуулийг арьс, ширэн эдлэл урлалаар төгсөөд одоо хувиараа гөлөм, бусад арьсан эдлэл хийдэг.
Тэгэхээр манай арьс ширэн урлал 5 дахь үедээ уламжлагдаж байна гэсэн үг. Манай гэр бүлийн эрчүүд нь арьс ширээр төрөл бүрийн л эд зүйл хийж, харин бүсгүйчүүд нь зүү ороож оймсны хараа дайлан урладаг.
-Та бол өвлөн уламжлагч. Арьс ширээр юм юм хийнэ, морин хуур хийнэ, мөд төмрөөр ч эд зүйл хийнэ. Үүнээс гадна сайхан дуулдаг. Уртын дуу дуулах энэ авьяас ч бас таны удамд байна. Тэгэхээр дуулах авьяас хэдийнээс ил болсон бэ?
-Дуу бол миний үндсэн ажил биш л дээ, гэхдээ би уртын дуу дуулах дуртай. Манай хонхрынхон их найралдаг сайхан хүмүүс байлаа. Айлын найр наадамд бага байхдаа их очно. Манай найр их дэгтэй. Хүүхэд хамаагүй гүйлгээд байхгүй. Орвол суудаг, гарвал оруулдаггүй.
Тэр үед байнга уртын дуу дуулдаг байсан. Богино дуу дуулахад дуртай биш завхай дуу гэж зэмлэдэг байлаа. Норовбанзад, Бор Намхай сүүлийн үед Дадьсүрэн гээд сайхан дуучид олон байсан. Сайхан дуучдыг чагнадаг сонсдог байж. Хөдөө гадаа явахдаа их дуулдаг байсан нь өвлөгдсөн байх. Түүнээс үлдэсэн юм болов уу, 10-аад уртын дуу бий
Миний эхийн тал удмаараа уртын дуу сайхан дуулдаг хүмүүс байсан. Эцэг ч бас сайхан дуулна. Эх талын удам бол гэвэл Дадьсүрэнгийн ижий юм шүү дээ. Миний ээжийн төрсөн дүү байгаа юм. Бидэнд удмын сайхан дуучид олон бий.
-Уртын дуугаараа та "Атрын эгшиглэн” уралдаанд оролцож, бас амжилт гаргаж байсан. Энэ тухай дурсаач!
- Би 18-тай байхдаа Атрын сангийн аж ахуйд очсон доо. Дуулах үедээ тэнээд явчихсан хүн байгаа юм. Угтаалын сангийн аж ахуйд трактор комбайн бариад 10 гаруй жил болоод 1976 онд нутагтаа ирээд "дарга” хийгээд 30 жил болсон.
Атрын 60 жилийн ой улсын хэмжээнд боллоо. Тэгсэн Угтаалын сангийн аж ахуйгаас надад бичиг ирж, "Таяа чи Атрын эгшиглэн уралдаанд ор” гэсэн байсан. Уралдаанд анхны атарчид орж байгаа юм байна. Анхны хүмүүс маш цөөхөн байна, аль сум аймаг байх нь хамаагүй л гэлээ. Тэгээд уралдаанд орсон.
1 дүгээр шат боллоо, очлоо. Цэргийн дуу бүжгийн чуулга дээр хөгжмийн зохиолч, манай сумаас төрсөн гавьяат Эрдэнэчулуун дээр хүрээд очсон, дуу дууллаа, хуурдлаа. Тэгээд та "Цэвцгэр хурдан шарга” дуугаа дуул гэсэн. Манай Боржигон чигийн дуу л даа. Шүүгчид гавьяат Батцэрэн нарын 2-3 хүн байсан. "Аятайхан болж байна, өдий насны хүн болж байна” гэлээ.
2 дугаар шатанд шалгарвал танд мэдээ өгнө гэсэн. Тэнцсэн байсан. Бас л Эрдэнэчулуун дээрээ очоод одоо ямар дуу дуулах вэ? гэсэн. "Богдын өндөр” гэдэг дууг дуулахаар боллоо.
Тэгээд "Богдын өндөр” дууг 2 дугаар шатанд дууллаа. Шүүгчид "дээр үеийн мартагдах шахсан дуу дууллаа, сайхан дуулж байна” л гэсэн. Тэнцвэл мэдэгдэнэ ээ гэсэн. Хар машинтай хүмүүс ирээд л та Гала концертод орох болсон гээд нэвтрүүлэг хийсэн. Гала тоглолтод орсон. Өргөмжлөлөөр шагнуулсан. Тэр тоглолтод манай аймгаас нэг л хүн байсан.
-Атар газар эзэмшиж, трактор комбайн залуурдаж явсан дурсамжаасаа хуваалцаач, анх атар газар эзэмшиж явсан тухай мэддэг хүн өнөө цөөн үлджээ.
-Дундговиос МХЗЭ-ийн илгээлт өвөрлөөд сангийн аж ахуйд очсон. Би 18-тай байсан. Хүүхдүүд "Хөхөө гэрлэх дөхлөө” кинон дээрээс хардаг байх. Тийм л нөхцөл биднийг угтсан даа.
Очоод САА-н үр тарианы наймдугаар бригадад хуваарилагдсан. Трактор, комбайны курст орж орос, монгол багш нараар хичээл заалгаж, курсээ төгсөөд МТЗ-5 трактор барьж, анхны тариалалтаа хийж байлаа.
Анх очсон 18 хүнээс ажлын хүндэд шантарч буцсан, цуцсан нь ч хүн бий. Тухайн үед тракторч, комбайнчийн мэргэжил олгохдоо агротехникийн мэдлэг давхар эзэмшүүлдэг байсан. Халширмаар үе зөндөө байсан. Гэхдээ цуцалтгүй хөдөлмөрлөж явсан даа.
САА-гаас бригадуудынхаа дунд уралдаан зарлана. Энэ нь биднийг эрч хүчтэй болгож, залуу насыг мэдрүүлж байсан.
Тэгж байгаад Талын Уулын III тасгийн нэг бригадын дарга болж, 20 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй социалист хөдөлмөрийн төлөө бригад байгуулаад, 1967 онд манай бригад социалист хөдөлмөрийн бригад болж цол, мандатаа авч байлаа.
-Өв соёлоо тээгч, уран дархан, уртын дууч, атрын аяны анхдагч, аймаг, сумандаа дарга гээд ажил амьдралын арвин баялаг түүхтэй хүн юм аа та. Хүүхдүүдээ, шавь нартаа хэлж сургадаг үнэтэй сургамжаасаа бидэнтэй хуваалцана уу.
-Одоо бол хүүхдүүдтэйгээ хоршоо байгуулаад төрөл бүрийн л юм хийж сууна. Хүн ер нь ур хийхийн тулд зураг загвараа эхлээд их зөв гаргах хэрэгтэй. Би хүүхдүүдэдээ юу гэж захидаг вэ гэхээр "эхлээд багажаа өөрөө хийж сур” гэдэг.
Миний шавь нар энэ бүх багажийг өөрсдөө гараар хийж байгаа. Өөрсдөө багажаа хийж чадахгүй хүн бол өөрийнхөө санаснаар бүтээгдэхүүнээ сайн хийж чаддаггүй. Тэгээд хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж чанартай хийх нь л чухал шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа, сайн сайхан бүхнийг хүсье.