Ерөнхийлөгчийн захирамжийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

🕔 2021/04/20 16:47

Ерөнхийлөгчийн захирамжийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.04.19/ төрийн эрхийг барьж байгаа МАН-ыг тараах захирамж гаргаж, Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн.

Тэрбээр МАН-ыг Үндсэн хуулиар тогтоосон засаг, төрийн тогтолцоог хууль бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, сонирхлыг хангах үүргийг "уландаа гишгэсэн" хэмээн үзэж байгаа тул эрх баригч намыг тараах захирамж гаргаж байгаа хэмээн өөрийн шийдвэрийн талаар танилцуулсан. 

МАН-ын удирдлагууд өчигдөр орой энэхүү захирамжтай холбогдуулан мэдээлэл хийсэн бөгөөд "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна" гэж байр сууриа илэрхийлэв. 

Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн өнөөдрийн мэдэгдлийг нэг хүний дарангуйлал руу оруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Түүний мэдэгдэл нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хуулийг зөрчсөн. Бид хууль засагладаг төрийг бий болгохын төлөө хичээж ажиллаж байгаа. Хууль зөрчиж байна гэдэг нь дураараа дургиж буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, дангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл. Улс төрийн намууд, ард түмэн олон жилийн туршид бий болгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, сонголтыг дээдлэх зарчмыг Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна" гэж мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгчийн гаргасан захирамж, энэ үйлдлийг улстөрчид болон хуульчид хэрхэн дүгнэж байгаа талаарх байр суурийг цааш үргэлжлүүлэн харъя. 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

-Намыг шинэчлэх ёстой. Нам хэм хэмжээ тогтоодгийг хориглож, намыг СЕХ бүртгэж, хуулийн дагуу дүрэм журмыг нь баталж мөрдүүлдэг болох ёстой. Хууль зөрчсөн болон маргаан, татан буулгахыг шүүх шийдэх. Хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим ингэж хэрэгжинэ. Өмнө нь өргөн барьсан төсөл бэлэн бий.
 

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

-Монгол улсад тусгаар тогтнолыг авчирч, бүрэн эрхт тусгаар улсаа НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсөн МАН-ыг хууль бус аргаар татан буулгаж, нэг хүний дарангуйлал тогтоохоор Х.Батттулга улайрч байна. Хагалан бутаргах, үймээн самуунд хатгасан аливаа хууль бус үйлдлийг таслан зогсооцгооё.
 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр!
 

Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт:

-Ерөнхийлөгчийг улс төр л хийж байна гэж харж байна. Нийгмээ хэт талцуулж байж иргэний дайн дажин гарах вий, цэрэг армидаа тулах вий, бүр цаашлаад гадны цэрэг орж ирэх вий гэж санаа зовж байна. Ерөнхийлөгч нь байна уу, АН МАН нь байна уу, Та нар барагтай байгаарай!
 

Хуульч О.Мөнхсайхан:

-Намыг тараах бүрэн эрхийг Үндсэн хууль, бусад хуулиар олгоогүй тул Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт (2007 №6) албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь эрх зүйт төрийн үндсэн зарчим, хууль засахыг УИХ-д хуулиар зөвшөөрөөгүй тул огцруулах үндэслэл гэж үзсэн. 
 

Хуульч Б.Мэргэн:

-Ерөнхийлөгч захирамж гаргахдаа хэд хэдэн хууль, тогтоомжийн олон заалтыг үндэслэсэн байна. Тэдгээрийн дунд "Зэвсэгт хүчний ерөнхий командлагч" гэсэн Үндсэн хуулийн заалтыг дурджээ. Юу гэж ойлгох вэ? Нам тараахад командлагч байх ямар хамаатай вэ?
 

АН-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх цэргийн холбоо байгуулсан нь яахын аргагүй Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа. Харин улс төрийн аливаа намыг уур нь хүрэхээрээ нэг албан тушаалтан тараах гээд шүүхэд захирамжлаад байх нь хуулийн засаглал бүхий ардчилсан улсад зөвтгөмгүй үйлдэл. 

 
https://news.zindaa.mn/3ol3

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!