ЗАР »
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан албан бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэснээс хойшх 13 дахь хориг бол шинээр бүрэлдсэн парламентын баталсан хуульд тавьсан хоёр дахь хориг.Түүнчлэн Ерөнхийлөгч жил бүрийн Төсвийн хуульд хориг тавьж ирсэн бөгөөд Төсвийн хуульд тавьсан 50 дахь хориг гэсэн үг. 2021 оны Төсвийн хууль цар тахалыг үед батлагдсанаараа онцлог байв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн төсөв. Тэгэхээр эрх баригчид Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит хоригийг хүлээн авах эсэх нь анхаарал татаж байна. Түүний өмнөх жилүүдийг төсөвт тавьсан хоригууд хэр үр дүнтэй байсан талаар эргэн сануулъя.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байв. Гол агуулга нь төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл байхыг үгүйсгэхгүй ч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзсэн. Гэсэн ч тухайн үед парламент энэ асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй билээ.
Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хэсэгчлэн хориг тавьж байв. Тухайн хориг мөн л парламентын босго даваагүй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд "Төсвөө бүрэн уншаагүй, үг үсэг, агуулгын алдаатай, улс төрийн намын өмнө хийсэн зүйлсийг хамгаалсан шинжтэй байна” хэмээн буцааж байсан юм.
2019 оны Төсвийн тухай хуульд мөн л бүхэлд нь хориг тавьсан. Хоригт "Төсөв батлахад УИХ-ын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн хэмээн үзсэн байдаг. Гэвч парламент мөн л төсвөө задлахгүйгээр авч үлдэж байсан билээ.
2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Хоригт 2020, 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.424.277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, бүтээн байгуулалтын төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тус тус хориг тавьсан. Эрх баригчид НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж шийдвэрлэсэн билээ.
Харин энэ удаагийн хоригтоо Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн асуудлыг тусгахыг хүсч 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавиад байгаа юм. Тухайлбал, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, эрсдэлийн сан байгуулах, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах зэргийг тусгажээ.
2021 оны төсвийг хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний зарим гишүүн хөрөнгийн зардалд нийт гурван их наяд 498.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний нэг их наяд 390.4 тэрбум төгрөгийг барилга байгууламж, 83.4 тэрбум төгрөгийг их засварт, 140.0 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж бэлтгэхэд, бусад хөрөнгөд 104.1 тэрбум, стратегийн нөөц хөрөнгө бэлтгэхэд 15.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байгааг эргэн харах шаардлагатайг сануулсан. Гэвч Төсвийн хуулийг тэр чигээр нь баталсан. Бүтээн байгуулалтын гэх энэ хөрөнгийг ч Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихдаа эргэн харахыг анхааруулсан байна.
Дараагийн нэг анхаарал татсан асуудал нь иргэн бүрт нэг сая төгрөг олгох саналаа Ерөнхийлөгч мөн л энэ удаагийн хоригтоо дурьджээ. Бэлэн мөнгө буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 55 орчим улс байгаа юм. 2019 оны эцсийн судалгаагаар 897 мянга орчим өрх байгаа. 897 мянган өрх гэж тооцохоор сарын 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай дотоодын аж ахуйн нэгж үйлдвэрлэл рүү орох боломж байна гэж үзсэн байна. Өмнө нь энэхүү саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс энэ бодлогыг хэрэгжүүлвэл эдийн засаг сүйрэл орно хэмээн мэдэгдэж, Засгийг газар ч хүлээж аваагүй. Мөн Ерөнхийлөгчийн хоригтоо цар тахал гарчихаад байхад вакцины төсвийг л суулгаагүй нь хариуцлагагүй төсөв гэдгийг харуулж байна гэжээ. Ямартай ч Ерөнхийлөгчийн хоригийг парламент 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай.
Улс төрийн өнцгөөс харвал хэрэв эрх баригчид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зураг нэлээд тодорхой болох төлөвтэй. Авахгүй шийдэлд хүрвэл нэлээд өрсөлдөөнтэй сонгууль болох нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм. Одоогоор энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан бусаар байр сууриа илэрхийлээд байна.
Тэрээр цахим хуудастаа "Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа” хэмээн бичжээ.
Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурь МАН-ыг төлөөлж чадахгүй. Ирэх долоо хоногоос парламент Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд эхлэнэ. Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!