“У.Хүрэлсүхийн засгийн газар огцрохгүй”
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл УИХ-д олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх зохицуулалт тусгажээ. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоох зэрэг зарчмын зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Хуулийн төслийг ямар судалгаанд үндэслэн боловсруулсан бэ. Алдааг3, хэр засаж, оновчтой заалтыг оруулсан бэ. Зүгээр Үндсэн хуультай уялдуулан өөрчлөх ёстой гэж өөрчлөөгүй биз дээ. Засгийн газрын тухай хууль батлагдаад 27 жил болохдоо 69 удаа өөрчлөлт орсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгуулагдсан Засгийн газрын дундаж наслалт 1.7 сар гэдэг. Үүнд дүгнэлт хийсэн үү. Монгол Улсын хөгжил бусад улсаас хол хоцорсон шүү.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол шалтгаан нөхцөл нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг байхад чиглэсэн. Засгийн газрын дундаж нас 1.6 сар гэдэг нь үнэн. Энэ нь төрийн тогтворгүй байдал, хэт улс төржилт, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөлж байна. Тиймээс Засгийн газраа тогтвортой байлгах, хэт их эрх мэдэлтэй УИХ-ын эрхийг багасгах хүрээнд Үндсэн хуульд шинэчлэл хийсэн. Мөн УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг ч багасгасан. Иймд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, УИХ-д өргөн мэдүүлсэн төсөвт өөрчлөлт хийхгүй байх заалт оруулсан. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэлээр гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрыг огцруулах зэргийг тусгасан.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалын чиг үүргийг тодорхой болгож өгсөн. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд анхаарсан. Ингэхдээ Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлжээ. Эрх мэдлийн хажуугаар хариуцлага ярих ёстой. Хариуцлага тооцоход хэр анхаарсан бэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -УИХ, Засгийн газар Шүүхийн байгуулагын хариуцлагыг яаж тэнцвэржүүлэх вэ гэдэгт анхаарч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэ хүрээнд Засгийн газар хэт их эрх мэдэлтэй байж болохгүй гэж үзсэн. Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хянадаг байх ёстой гэх заалтыг оруулсан. Урьд нь Засгийн газрын шийдвэрүүдийг Үндсэн хуулийн цэц хянана гэх заалттай байсан. Засгийн газраас гаргаж байгаа улс төрийн шийдвэрүүд Үндсэн хуультай холбоотой шийдвэрийг Захиргааны ерөнхий хууль хянахгүй. Харин зөвхөн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актуудыг дээрх хуулиар хянана гэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах хугацаа нь өөрөө хуулийн зөрчил болно. Ирээдүйд цэц дээр маргаан үүсэж ч магадгүй. Засгийн газар нь Үндсэн хуулийн байгууламж. Ингэхдээ найман зүйлээр үйл ажиллагааг нь тодорхой заачихсан. Энэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу мөрдөх эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журам нь Үндсэн хуулийн хэмжээний үндсэн бичиг баримт биш. Хуулийн маргаан үүснэ гэдгийг удаа дараа хэлж байна. Сонгууль дөхлөө, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцор гээгүй. Үндсэн хуульдаа бүх зүйлээ нийцүүлэхгүй бол танай Засгийн газар эрх зүйн чадамжгүй болно гэдгийг анхааруулж байна. Тавдугаар сарын 25-наас Үндсэн хууль хэрэгжиж эхэлбэл, Ерөнхий сайд нараа чөлөөлж, эргүүлж томиллох захирамжаа гаргахыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулсан. Би хуулийн үйлчлэлийг тавдугаар сарын 25-ны өдөр гээд зарчмын санал тусгуулахад он сарыг нь аваад хаячихсан байна. Тиймээс У.Хүрэлсүх сайд тавдугаар сарын 25-ны өдөр бүтцээ өөрчлөх захирамж гаргах Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй хүн шүү.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхдаа дагаж мөрдөх журмын тухайн хуулийг хэрхэн амилуулах вэ хэзээнээс Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилэх вэ гэдэг талаар ярилцсан. Мөн хуучин жишээнүүдийг ч судалсан. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад нэгдүгээр сарын 13-наас хүчин төгөлдөр хэрэгжүүлнэ гээд үүнтэй холбоотой бусад хуульд өөрчлөлт хийх бүтэц зохион байгуулалт хийж, хууль баталсан цагаас үйлчилж эхэлнэ гэж заасан. Тухайн үедээ сонгууль болтол хуучин Засгийн газар нь үйл ажиллагаагаа явуулж байсан. Үүнтэй адилаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журамд Үндсэн хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомж өөрчлөх хүртэл одоо байгаа хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилнэ. Тэрийг баталсан цагаас шинэ хуулийн орчин үүснэ, сонгуулийн дараах шинэ УИХ, Засгийн газраас хүчин төгөлдөр мөрдөгднө гээд цагаан дээр хараар бичсэн. Хууль зөрчсөн зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Хуулийн төслийн 21 дүгээр зүйл дээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг зохицуулсан байгаа. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорно гэсэн заалт бий. Тэгвэл Ерөнхий сайд чөлөөлөгдвөл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөлөгдөх үү. Бүрэлдэхүүн нь хэвээр үлдэж, бүрэн эрхээ дуусгавар болгох уу. Мөн Ерөнхий сайд тодорхой үндэслэлүүдээр чөлөөлөгдсөн, бүрэн эрх нь дуусгавар болсон үед шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Шадар сайд түр үүргийг орлоно гэж заасан. Тэгэхээр огцорвол хэн хариуцах вэ, чөлөөлөгдвөл хэн байх вэ гэдгийг нь тодорхой болгож, нэмэх нь зөв болов уу.
Ажлын хэсэг: -Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа.
Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
http://www.npost.mn/a/167422