Ноолуурын салбарыг аврах "Б төлөвлөгөө" бүрхэг байна
- Эрх баригчид сонгогчдыг татахын тулд кг ноолууранд 20 мянган төгрөгийн урамшуулал "амлаж” байна
Дэлхийн эдийн засгийн байдал, ноолуурын зах зээлийн нөхцөлөөс хэт зөрсөн Ч.Улаан сайдын шийдвэрийг залруулахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулан ноолуурын салбарыг "аврах” тогтоолын төсөл санаачилжээ. Ийм төсөл санаачлах болсон шалтгааныг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тайлбарлахдаа "Ноолуурын салбарт Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгүй нь тодорхой болсон. Тиймээс ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан залруулга хийж таарах нь” гэсэн юм. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч сонгогчдын саналыг татна гэсэн тактик Ч.Улаан сайдын "улайлтаар” унасан учраас "Б төлөвлөгөө”-нд шилжиж буй нь энэ бололтой. Харин "Б төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолоор дөрвөн ажил хийхээр зорьж буй. Тухайлбал, ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, экспортыг нэмэгдүүлэхийн тулд бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, экспортын татварыг тэглэх, ноолуурын зах зээлд бодит үнэ тогтоох зорилгоор гадаадын худалдан авагчдыг татан оролцуулах, малчдаас тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох зэрэг багтах аж. Гэвч тус тогтоолоор хийх ажлууд үр дүнд хүрэхгүй байх нөхцөл байдал илэрхий байна. Тухайлбал, малчдад ноолуурын зөрүү болгон 20 мянган төгрөгийн урамшуулал олгохын тулд Сангийн яам 200 тэрбум төгрөг нэмж гаргана. Энэ мөнгө Ч.Хүрэлбаатар сайдын халааснаас гарахгүй тул төсөв тодотгох шалтгаан болно. Мөн Улсын онцгой комисс даваа гарагт хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг ирэх сарын 30 хүртэл сунгасантай холбогдуулж хятадын компаниуд орж ирэн ноолуурт зах зээлийн бодит үнэ тогтоох, экспортыг нэмэгдүүлэх боломж хумигдмал юм. Гадаад иргэдийг хилээр нэвтрүүлбэл коронавирусийн халдвар тархана гэх эсэргүүцэл маш өндөр байгааг Дарханы замд ажиллах ажилтнуудыг хүлээж аваагүйгээс тодорхой харагдсан. Түүнчлэн хятад компаниудын худалдан авсан ноолуурыг гаалийн болон бусад татвараас чөлөөлөх нь иргэдийн дургүйцэл төрүүлэх учраас бүтэх магадлал муутай. Үүн дээр үндэсний үйлдвэрлэгчид ч хятад компаниудыг оруулж ирвэл хөнгөлөлттэй зээл аваад ч ашиггүй гэдгийг илэрхийлсээр байгаа. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлаас шалтгаалж УИХ-аас батлах тогтоолоос олигтой үр дүн гарах нь "бүрхэг” байгаа юм. Харин УИХ-ын гишүүд орон нутгийн сонгогчдыг татахын тулд малчдын ноолуурыг нь ахиу үнээр авахыг л чухалчилж буй нь энэ бололтой.