Б.Баттөмөр: Бид шинэ эдийн засгийн хөгжлийг ашиглан өөрсдөдөө давуу байдлыг олж авах шаардлагатай байна

🕔 2020/04/03 12:54

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Шинэ эдийн засаг гэж их ярих боллоо. Та ч энэ талаар нэлээдгүй ярьдаг шүү дээ?

-XX зууны дэлхийн эдийн засаг нийгэмд олон шинэ өөрчлөлтийг авч ирсэн. Харин XXI зуун хүн төрөлхтний өмнө олон сорилт, шинэ асуудлуудыг босгож ирж байна. Эдийн засагт булчин шөрмөс, биеийн хүч, чадал биш, тархи толгой, мэдлэг илүү үүрэг гүйцэтгэх болжээ. Хүний ажлын туршлага, ур чадвар чухал байсан бол түүнийг дижитал технологи орлох болов. Хүний оролцоо, хүч хөдөлмөрийг хэмнэсэн олон арга, технологи гарч, олон ажлын байрыг булаах болов. Тухайлбал, онлайн, ухаалаг дэлгүүрүүд, Mall-уудын хаалгыг бариулж, жолоочгүй ухаалаг автомашинууд хүргэлтийн ажлыг орлож, шуудан, барааг дроноор гүйцэтгэдэг боллоо. Мэдлэг, ухаалаг үйлдвэрлэл, үйлчилгээнд суурилсан үйлдлийг шинэ эдийн засаг гэж нэрлэж байна. Шинэ эдийн засаг нь биет бус актив буюу үйлчилгээ, технологи давамгайлж, биет активын үүрэг роль буурсан эдийн засгийн дэд бүтэц гэж ойлгож болно. Мөн аж үйлдвэрт тулгуурласан эдийн засгаас үйлчилгээнд суурилсан эдийн засагт шилжих шилжилтийн үр дүн юм. Монголчууд технологийн энэ их давлагааг мэдэрч, шинэ эдийн засгийг хөгжлийн, бизнесийн загвар болгож, шинээр сэтгэж, шинэ нөхцөлд өрсөлдөж, өөртөө давуу байдал олж авах шаардлага үүслээ. Дэлхийн хөгжлөөс бид жишээ авч араас нь хөөх биш, урдаас нь амдаж хөгжих замаар улс орноо хөгжүүлэх шаардлагатай байна. Шинэ эдийн засагт тойрог, дижитал, хуваалцах эдийн засаг, блокчейн, крипто валют, финтек, крауд фандинг гээд маш олон шинэ төрлүүд хамаарна.

-Эдийн засгийн шинэ загвар үүсэх, бий болох шаардлага үүсэх нь мэдээжийн хэрэг л дээ?

-Даяаршил, технологийн өөрчлөлт, орлогын тэгш бус байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд нь уламжлалт эдийн засгийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болгож байна. Монголчууд бид сүүлийн 100 гаруй жилд байгальтайгаа тооцоо судалгаа муутай, дэндүү хэрцгий балмад харьцаж ирснийг өөрчлөх шаардлага үүслээ. Баялгаа ухаж зөөсөөр усгүй, ургамалгүй элсэн цөл дунд үлдэж болзошгүй. Газрыг ухах шаардлага үүсвэл маш сайн, дэлхийн түвшний судалгаа тооцоо, шинжилгээний үр дүнг үндэслэж шийдвэр гаргах шаардлага үүсч байна.

-Байгаль хүний гараар үүсээгүй мөртлөө хүний гараар сүйдэж байна гэсэн яриа гардаг?

-Дэлхийн эдийн засагт байгалиас оруулж байгаа өгөөж жил тутам 125 их наяд доллараар хэмжигдэж байна. Өнгөрсөн хугацаанд байгаль, улс орнуудын санхүүгийн зах зээлийг тэжээгч цус, судас болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бид сайхан дулаан өвөл болж байна гээд хөөрцөглөж л байна. Энэ бол цаг уурын өөрчлөлт. Өнгөрсөн 10 жилд дэлхийн түүхэд байгаагүй дулаарал явагджээ. Австралийн газар нутаг түймэрт өртөж, олон зуун сая ан амьтан шатаж үгүй болж, далай тэнгисийн усны түвшин дээшилж, секунд тутамд таван атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэх, халуун орчныг дэлхийд бий болгож байгаа мэдээлэл олон улсын байгууллагууд гаргаж байна. Монголд ч гэсэн хариуцлагагүй уул уурхай, төрийн зохицуулалтгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл, асар их нэмэгдэж байна. Иймээс дэлхий нийтээрээ эдийн засгийн хөгжлөө байгальд аль болох хор хүргэхгүйгээр, байгальд ээлтэй байдлаар яаралтай өөрчлөх шаардлага тулгарч байна. Ийм учраас байгальд халтай технологиос татгалзаж, экологийн эсрэг үйлдвэрлэл, технологид хөрөнгө оруулахгүй байж, шинэ технологи, инновацийг илүү дэмжиж, илүү шинэлэг, тогтвортой бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохыг шаардаж байна.

-Шинэ эдийн засгийн онцлог юу вэ. Хуучин эдийн засагтайгаа яаж холбогдох уу?

-Шинэ нь хуучин эдийн засгийн ололт, үйлчилгээг улам сайн болгох замаар бие биенээ нөхөж, мэдээллийн болон шинэ технологийг нэвтрүүлж, бүтээмжээ дээшлүүлж, үр ашигтай ажиллаж байна. Шинэ эдийн засаг нь нийгэм, эдийн засгийн харилцааны хувьд олон онцлогтой. Үүнд, түүхий эдийн нөөцөөс бага хамааралтай байж, хүний оюуны капитал, мэдээллийн технологийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцно. Хоёрдугаарт, зах зээл үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинэ тоглогчид, боловсронгуй технологи, бүтээгдэхүүн гарч ирж хуучныгаа хална. Гуравдугаарт, ажилд хандах, бизнесээ удирдах, шинэ хандлага үүсч, инновацийг хөгжүүлэх шаардлага үүснэ. Дөрөвдүгээрт, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр массад зориулж үйлдвэрлэх бус хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцүүлж үйлдвэрлэх нь өргөжинө. Тавдугаарт, Шинжлэх ухааны ололт шууд үйлдвэрлэлд нэвтэрч, эрдэмтэд, зохион бүтээгчид, дизайнер, бизнес эрхлэгчид, компаниуд шинэ эдийн засгийн голлон тоглогчид болж, ашиг орлого нь өснө. Зургаадугаарт, Дэлхийг хамарсан интернэт сүлжээний эдийн засаг зонхилж, үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээл, нийлүүлэгч, хэрэглэгчийн холбоо улам ойртож, компанийн төдийгүй улс орнуудын өрсөлдөх чадвар дээшилнэ. Долдугаарт, Хамтын хөрөнгө оруулалт идэвхжиж, инновацийн төсөлд оруулсан хөрөнгө, асар их үр ашигтай байж, шинжлэх ухааны ололтын эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Мэдээг мэдээлэл болгоод, тодорхой нөхцөлд мэдлэг болгож хувиргаад түүнийгээ технологи болгон хөгжүүлнэ.

-Улс орны хөгжлийг ДНБ өсөлт гэдгээр хэмждэг. Энэ үзүүлэлт юу болох вэ?

-ДНБ-ний өсөлтийн төлвөөр орлогын тэгш бус байдал, технологийн өөрчлөлт, амьжиргааны түвшин, ядуурал гэх мэт олон үзүүлэлтүүдийг шууд харах боломжгүй.

Технологийн өөрчлөлтийн хүрээнд ДНБ-ээр хэмжих хөгжлийн асуудал зайлшгүй өөрчлөгдөнө. Тэгэхдээ ДНБ-ний өсөлт гэдэг үзүүлэлт байна. Улс орнуудын хөгжлийг дэлхийд 1937 оноос хойш ДНБ-ний өсөлтөөр, зөвхөн эдийн засгийн агуулгаар нь хэмжиж байлаа. 2000 он гараад олон улсын хэмжээнд хүн амынхаа аз жаргалтай байдлыг харгалзаж эхэлсэн байдаг. ДНБ өсөхөөр эдийн засаг өсөж, бидний амьдрал сайжрахыг хүлээсээр олон жил боллоо. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт хөгжлийн эцсийн зорилт мөн үү гэх асуултад судлаачид өөр өөрөөр хариулах болж. Эдийн засгийн бодит өсөлтийн үр дүнг хүн амын ихэнх нь хүртэхгүй байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нэмэгдэж байгаа ч жирийн иргэдэд оногдох зүйл алга. ДНБ-ний өсөлтийг шүтэх үзэл сүүлийн үед өөрчлөгдөж байна.

-Манай эдийн засаг шинэ эдийн засгийн нөхцөл байдлаар уялдуулаад тооцвол ямар байх вэ?

-Баялгийн маш сайн менежмэнттэй, тогтвортой, экологийн баримжаатай, шинэ эдийн засгийг бий болгож, зохион байгуулах боломж байна гэж үзэж байна. Хэмжээ нь харьцангуй өөрчлөгдөхгүй эдийн засаг, хэт өсөлттэй эдийн засгаас илүү тогтвортой оршин тогтнож чаддаг аж. Үр ашгийн хойноос хөөцөлдөн байгаль орчныг сүйтгэж, хойч үеийнхээ хүртэх ёстой баялгийн ашгийг урьдчилан зээлж авч ашиглах, харийнханд гадаадын хөрөнгө оруулалт нэртэй өм цөм өгч, ард иргэд нь ядууралд өртөж, өвчин зовлонд баригдсан, хоногийн хоол арай ядан залгуулж байгаа манай өнөөдрийн энэ загварыг өөрчлөх шаардлагатай. Уламжлалт эдийн засгаас хүссэн хүсээгүй дунд, урт хугацаанд аажмаар татгалзах тийм нөхцөл байдал дэлхий нийтэд үүсээд байна. Харин уламжлалт эдийн засагтай хамт циркуляр буюу тойрог эдийн засаг, sharing буюу хуваалцах эдийн засаг, дижитал эдийн засаг зэрэг олон шинэ загвар гарч ирсэн.

-Таны дээр дурдсан шинэ эдийн засгийн төрөл болох дижитал эдийн засгийн талаар ярихгүй юу?

-Дижитал эдийн засаг бүх хүнд хүртээмжтэй, бүгд түүний ашиг шимийг хүртдэг байхын тулд бүгдээрээ хамтран ажиллах ёстой. Шинэ технологи, хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлтийг авчирч, хүмүүсээс шинэ, огт өөр ур чадвар шаардаж байна. Дижитал эдийн засгийн хэмжээ өнөөдөр дэлхийд 3.0 их наяд доллартай тэнцэж байгаа нь АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 томоохон компаниудын хөрөнгийн 30 орчим хувьтай тэнцүү, Английн ДНБ-ээс их, дэлхийн эрчим хүчний арваны нэгийг ашигладаг гэсэн тооцоонууд гарсан байна.

-Дижитал эдийн засаг гэж яг юу вэ?

-Дижитал буюу тоон хэлбэрт орсон мэдээлэл, мэдлэгийг үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болгон ашигладаг өргөн хүрээний эдийн засгийн үйл ажиллагааг хэлнэ. Дижитал технологи нь инновацийг хөхиүлэн дэмжиж, ажлын байрыг олноор бий болгож, эдийн засгийн өсөлтийг өдөөж өгдөг.

-Дижитал үзүүлэлтээр ямар ямар улсууд тэргүүлж байна, манай улс энэ үзүүлэлтээр хаана нь байгаа бол?

-Дэлхийн өрсөлдөх чадварын төв нь "Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийг эрхлэн гаргасан байна. Тайланд өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход 63 орноос Монгол Улс 62 дугаарт бичигдэж байна.

Тайлангийн дүнгээс харахад 2018 онд өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсэн топ таван улсыг АНУ тэргүүлж, Сингапур, Швед, Дани, Швейцарь улсууд орсон байна.

-Боломжгүй мэт байсан зүйлс дижитал эринд боломжтой болсоор байна даа?

-Жолоочгүй автомашин, үйлчлэгчгүй зочид буудал, худалдагчгүй дэлгүүр нээгдлээ гэдэг мэдээ өдөр бүр гарч байна. Дэлхийн хамгийн том таксины компани өөрийн таксигүй (UBER), хамгийн том зочид буудлын сүлжээ буудалгүй (Airbnb), олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл контентгүй (Facebook), хамгийн том кино театр өөрийн гэсэн кино театргүй (Netflix), хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ (Alibaba) дэлгүүргүй байна. Дижитал эдийн засгийн хэмжээ нь дэлхийн ДНБ-ний 4.5-15.5 хувийн хооронд хэлбэлзэж байгаа тооцоог гаргажээ. Цахим ертөнц нь ганцхан мэдээлэл солилцох хэрэгсэл байхаа больж, хил хязгааргүй эдийн засгийн талбар боллоо. Бодит ертөнцөөс дижитал ертөнц юугаараа ялгарах вэ гэвэл тэнд хийж болох бүгдийг хийж болж байна.

-Дижитал технологийг ашиглаж амжилтад хүрсэн ямар жишээ байна?

-Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан манайхаас цөөн хүн амтай Эстони улс цахим гарын үсгийн хууль баталж, иргэдийнхээ гар утсыг нь иргэний үнэмлэхтэй нь холбож чадсан тул төрийн бүх үйлчилгээг хүн бүрт цахимаар хүргэж сонгуулиа хүртэл сүүлийн арваад жилд гар утсаараа ямар ч алдаа мадаггүй явуулдаг болсон жишээ байна. Ажил үйлчилгээг дижитал болгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, дижитал ертөнц тэр чигээрээ үйлдвэрлэх хүч болон хувирч байна.

-Дэлхийн хөгжингүй орнууд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд хэр анхаарч байна?

АНУ, Япон, Европын орнууд, Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд жилдээ 900 тэрбумаас нэг их наяд доллар хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалтыг дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд зориулж байгаа тооцоо байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр түүхий эдийг хэмнэж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, бараа, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх замаар жилдээ 500 тэрбум долларын өгөөжийг хүртэж байна. Эндээс дижитал эдийн засгийн цар хүрээ харагдана. Үргүй зардал гэж энд байхгүй. Дижитал эдийн засаг гэдэг нь электрон бизнесээс үүсэн гарч, цахим байдлаар борлуулагддаг, цахим бүтээгдэхүүнд суурилсан эдийн засаг гэж ойлгож болно. Дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд дэлхийн хэмжээнд 3.7 их наяд долларыг зарцуулж байна.

-Хиймэл оюуны талаар ярилцъя?

-Artificial intelligence (AI) буюу хиймэл оюун ухааныг хөгжлийн зорилгоор ашиглаж, түүний учруулж болох хор уршгаас сэргийлэх шаардлага улс орнуудын өмнө тулгарч байна. Хиймэл оюун ухаан хүний үйлдлийг орлож, өвчнийг оношилж, бизнест робот төхөөрөмжөөр дамжуулан ашиглаж, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэж, боловсролын салбарт мэдлэгийг үнэлж, санхүүгийн салбарт төлбөр хийх үндсэн хэрэгсэл болж, амьдралыг сайн сайхан чиглэлд орвонгоор нь өөрчилж байна. Харин эсрэгээрээ дроныг пуужин болгох, хуурамч бичлэгийг нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд ашиглах, автомат хакерын систем үүсгэх гээд сөрөг зүйлүүд бас гарч байна. Хиймэл оюун ухаан, роботыг анх гарч ирснээс эхлэн нийгмийн дунд маргаан дагуулж байгаа. Зохицуулалтын эрх зүйн үндэсийг инновацийн хөгжлийг хязгаарлахгүйгээр хийх шаардлага үүслээ.

-Манай улсад шинэ эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ?

Бидний хувьд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг ухаарч ойлгон, хоцрогдохгүй ажиллаж амьдрах хэрэгтэй байгаа юм. Монголчууд бид шинэ зүйл сэтгэх, хүлээж авахдаа муу, хэвшмэл байдлаас салахдаа удаан ард түмэн. Хог хаягдлын менежмэнтээ сайн хийх, хог гэдэг зүйлээ ашиглах, өөрт байгаа зүйлээ бусадтай хуваалцах, дижитал эдийн засаг, дижитал технологийн дэлхийд гарсан ололт амжилтыг нутагшуулах ажлыг төрийн бодлого, зохицуулалтаар дэмжих шаардлагатай байна. Бид шинээр буюу "хайрцагнаасаа гарч сэтгэж” байж л улс орноо хөгжүүлэх тийм цаг үед ирээд байна.

Б.Амартүвшин

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!