Үнэгүй сурах боломжтой гаднын орнууд

🕔 2020/03/27 19:25

Үнэгүй сурах боломжтой гаднын орнууд

 

Хүн бүр ямар оронд амьдарч байгаагаасаа үл шалтгаалан гадаад улсад боловсрол эзэмшихийг мөрөөддөг гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ ямар оронд суралцахаас хамааран сургалтын төлбөр, амьдрах орчин, амьжиргааны зардал өөр байдаг. Гэхдээ их, дээд сургууль, коллеж нь үнэ төлбөргүй орон олон бий. Өөрөөр хэлбэл, улсаас нь их, дээд сургуулийнхаа урсгал зардлыг дааж, коллежийн зэрэг авах гэж байгаа бүх оюутанд зориулсан төлбөрийг төлдөг гэсэн үг.

Гэхдээ их, дээд сургууль нь үнэ төлбөргүй атлаа зөвхөн дотоодын оюутнуудаа үнэгүй сургадаг орнууд ч бий. Тэгвэл бид .

ХБНГУ

Үнэ төлбөргүйгээр чанартай боловсрол эзэмших боломжтой орнуудын жагсаалтад ХБНГУ үргэлж дээгүүрт жагсдаг. Улсын бараг бүх их, дээд сургууль, коллеж нь төлбөргүйгээс гадна элдэв төрлийн хураамж шаарддаггүй. Ард иргэд нь германаас гадна англиар сайн ярьдаг учраас олон улсын оюутнууд амьдрахад төдийлөн бэрхшээл учирдаггүй байна.

Ямар сургуульд нь үнэгүй сурах боломжтой вэ

Тус улсад 300 гаруй улсын сургууль 1000 орчим төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд улсын гэсэн тодотголтой бүхий л их, дээд сургууль, коллежид үнэгүй сурах боломжтой. Судалгааны байгууллагууд Кельн, Мюнхен, Мюнстер, Эссен, Мюнхенийн техникийн их сургуулийг гадаад оюутнууд сурахад хамгийн тохиромжтойгоор нэрлэдэг.

Амьжиргаанаас өөр ямар зардал гарах вэ

Хэдийгээр сургалтын төлбөр төлөх шаардлагагүй ч захиргааны төлбөр хэмээн төлдөг бөгөөд энэ нь 300-400 евро байдаг аж. Гэхдээ энэ нь ямар хотод амьдарч байгаагаас шалтгаалан өөр байх бөгөөд жижиг хотуудад хямд, томоохон хотуудад үнэтэй байдаг байна.

ХБНГУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Гадаад оюутан элсүүлэх журмын дагуу суралцахыг хүсэж буй их, дээд сургууль руугаа материалаа явуулж, тэнцсэн тохиолдолд суралцах боломжтойгоос гадна Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болно. Тус улсын Засгийн газраас гадаад оюутнуудад зориулсан олон тэтгэлэгт хөтөлбөр зарладгаас хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь DAAD буюу Эрдмийн солилцооны хөтөлбөр юм.

Сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах боломж

Европын холбооны гишүүн орны иргэн биш бол сургуулиа төгссөнөөс хойш ХБНГУ-д 18 сар амьдрах боломжтой бөгөөд энэ хугацаанд ажил хийхийг зөвшөөрдөг. Мөн энэ хугацаандаа үргэлжлүүлэн амьдрах урт хугацааны виз мэдүүлж болох юм.

Норвеги

Хэдийгээр тус улсад бакалавр, магистр, доктор зэрэг ямар ч төрлөөр сурсан эзэмшсэн үнэ төлбөргүй ч боловсролын байгууллагуудын ихэнх нь норвеги хэл дээр хичээлээ ордог. Тиймээс норвеги хэлийг зайлшгүй сурахаас өөр аргагүй юм. Зургаан их, дээд сургууль, 25 коллеж, хоёр академи, хоёр хувийн дээд сургуультай. Зочид буудал, аялал жуулчлалын менежментээр Осло дахь "BI Norwegian School of Management”, Берген дэх "Norwegian School of Economics and Business Administration”, "Norwegian Travel and Tourism Academy” зэрэг сургууль илүү сайн.

Амьдрах зардал

Амьжиргааны зардал тухайлбал, ном, сургалтын материал, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээ Европын орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Сард дунджаар 800-1400 еврогийн зардал гардаг байна. Гэхдээ хотоосоо шалтгаалан өөр байдаг. Ослод 1200 – 2000, Бергенд 1100 – 1800, бусад жижиг хотод 800-1000 евро байх жишээтэй.

Швед

Тус улс дотоодын болон Европын холбоо, Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын иргэншилтэй оюутнуудыг л үнэ төлбөргүй сурах боломжоор хангадаг. Гэхдээ гадаадын оюутнууд харьцангуй бага төлбөрөөр сурах боломжтой. Шведийн ямар ч сургуульд докторын зэрэг хамгаалсан судалгааны ажилд нь зориулж тэтгэлэг олгодгоос гадна Каролинска институт, Уппсала болон Стокгольмын их сургууль гадаад оюутнуудад амьжиргааны зардлын тэтгэлэг олгодог.

Тэтгэлэг

Шведийн Засгийн газрын тэтгэлгээс гадна их, дээд сургуулиуд нь Европын холбооны гишүүн бус орнууд буюу тухайлбал, Ази, Африкийн орны оюутанд зориулсан тэтгэлэг олгодог. Ер нь сургуульдаа тэнцсэн тохиолдолд төлбөрөө зохицуулах олон арга байдаг аж. Үүнээс гадна дэлхийн 70 гаруй орон үйл ажиллагаа явуулдаг "Lund”-д сурдаг бол уг сургуулийн аль ч улсын салбарт нь шилжин сурах боломжтой байна.

Амьдрах зардал

Шведийн яг хаана амьдарч байгаагаас шалтгаалан амьжиргааны зардал өөр байдаг. Стокгольм хотод сурч байгаа бол бусад жижиг хотоос илүү зардал гарах нь тодорхой. Үүнээс гадна сонгосон сургуульдаа өөрийн өргөдлөө илгээхдээ амьжиргааны зардлаа төлөх боломжтой гэдгээ батлах шаардлагатай байдаг аж.

Австри

Тус улсын боловсролын чанар дэлхийд дээгүүрт ордог. Түүнчлэн оюутан бүр долоо хоногт 20 цаг ажиллах зөвшөөрөлтэй байдгаараа бусад сургалтын төлбөр бага орнуудаас давуу талтай. Австри Улсын их, дээд сургууль "University” болон "University of Applied Sciences” гэсэн хоёр төрөл байдаг. "University” нь илүү онол талруугаа, UAS нь практикт чиглэсэн сургалтад төвлөрдөг. Тус улсын албан ёсны хэл нь герман хэл боловч ард иргэдийн олонх нь англиар чөлөөтэй ярьдаг. Сургуулийн хувьд герман болон англи хэл хэлний аль нэгийг сонгон суралцах боломжтой. Герман хэл дээр сурах бол C1 түвшин, англи хэл дээр бол IELTS 6.5 оноо шаардана.

Амьдрах зардал

Австри нь Европын хамгийн баян орны нэгд тооцогддог ч Европын орнуудтай харьцуулахад амьдралын өртөг хямд. Сардаа дунджаар 800-1000 еврогийн зардал гардаг. Гэхдээ оршин суудаг хот, оюутны байрны сонголтоос хамааран амьжиргааны өртөг бага байх тохиолдол бий. Австрийн Вена хотын их сургуулийн бакалавр, магистрын үндсэн сургалт нь сургалтын төлбөргүй. Зарим улсын сургууль төлбөртэй ч дунджаар нэг семестр нь 380 орчим евро байдаг. Нэг жилд хоёр семестр сурна.

Франц

Улсын сургуулийн хувьд ьд лбөр нь 220 ам.доллар орчим байдаг. Анагаах ухаан болон инженер зэрэг тусгай хөтөлбөрүүдийн хувьд дээрх хураамж нь арай өндөр байдаг аж. Ихэнх үнэгүй хөтөлбөр нь франц хэлээр явагддаг. Бакалавраас дээш зэрэг горилж байгаа хөтөлбөрүүд англи хэл дээр явагддаг. Улсын их сургуульд элсэхээс өмнө хэлний бэлтгэлд хамрагдаж болно. Хэлний бэлтгэлийн хувьд бүгд төлбөртэй.

Амьдрах зардал

Амьдрах зардал жилд 11 мянган ам.доллар орчим болдог. Үүнд байр, хоол, хувцас, утас, интернэт, тээвэр зэрэг бүх зардал багтана. Дээрх зардлыг дунджаар тооцсон бөгөөд үүнээс ч бага байх боломжтой гэнэ.

Тэтгэлэг

Заавал Засгийн газрын тэтгэлэг гэлтгүй их, дээд сургууль, сангаас зарладаг тэтгэлгүүдэд хамрагдаж болно. Тухайлбал, "Eiffel Excellence Scholarship Programme”-ийг нэрлэж болох юм. Санхүүгийн төлөвлөгөөндөө сатаарах бус хичээлдээ л шамдах боломж олгодог буюу 36 сар хүртэлх магистрын хөтөлбөрт сар бүр 1181 еврогийн стипенд олгодог.

Ц.Даваасамбуу

 
Үндэсний шуудан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!