"Хүний эрх хаана ч тэгш үйлчлэх ёстой"
Хүний эрх хаана ч тэгш үйлчлэх ёстой. Тэр утгаараа хэн гуай ч ямар нэгэн үйлдлийг хийхдээ нэн тэргүүнд "хэн нэгэн хүний эрхийг зөрчиж байна уу” гэдэг асуултыг тавьснаар ажил хэрэг эхлэх учиртай юм. Гэвч сүүлийн үед цахим ертөнцөд энэ байдал алдагдаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд олонтаа гарч байна. Саяхан олон охидтой өрх толгойлсон ээжийн аж байдлыг гэрийн хаягтай нь олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь олон хүний шүүмжлэлийг хүртсэн. Тэгвэл түгээмэл нь "Сайн үйлсийн аян” нэрийн дор хэн нэгнийг гэртэй, байшинтай эсвэл хүнсний тусламж үзүүлэхдээ гэр бүлийн гишүүдийн царайг төдийгүй өсвөр насны хүүхдийг нь бичлэгт оруулан олон нийтийн сүлжээнд түгээдэг. Энэ мэт үзэгдэл Монголын цахим орчинд өдөр бүр гардаг гэхэд худал болохгүй. Ингэхээр сошиал орчныг хэрэглэхдээ хүмүүс хэн нэгний эрх ашиг, сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг үл оошоож, өөрийн үйл хэрэг, нэр хүндийн төлөө, магадгүй зарим нь хандалтаа өсгөхийг хүсэж хүний эрхийг зөрчсөөр байна. Магадгүй зарим нь хүний эрх зөрсөн үйлдэл гэдгээ мэдэхгүй хүний эрх зөрчсөөр байгаа юм.
Жишээ 1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын арын аманд мод хууль бусаар тайрч байсан иргэдийг зодож байгаа бичлэг хийсэн нь олон нийтэд тарсан билээ. Гэвч түүний дараагаар буюу өнгөрсөн сарын 27-нд тус сумын нутаг дэвсгэрт 52 настай Г гэгч нь модноос өөрийгөө боомилсон байдалтай олдсон байна. Түүнийг өнөөх бичлэгт гарсан иргэдийн нэг байсан гэдэг мэдээлэл байгаа. Уг хэргийг одоогоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Жишээ 2. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар цахим хуудастаа иргэн Б-гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон түүнийг баривчилж буй бичлэгээ байршуулсан. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан, баривчилсан гэж тайлбар хийсэн. Удалгүй бичлэгийн эзэн иргэн Б-гийн нэр олонд ил болсон.
Эдгээр бол хамгийн сүүлийн үеийн, олны анхааралд өртсөн жишээнүүд
Тэгвэл байдлыг өөрчилж, цахим сүлжээнд хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ. Монгол Улс 2011 онд онлайн эрх чөлөөний эвсэлд нэгдэж, Ази тивийн анхдагч болсон. Ингэснээр сошиалд хүний эрхийг хамгаалах боломж бүрдсэн гэж ойлгож болох юм. Энэ хүрээнд олон улсын байгууллагаас Монгол Улсад сошиал орчныг эрх чөлөөтэй байлгах, үгээ хэлэх эрхтэй гэдгийг тунхагласан. Энэ утгаараа сошиалд Монгол Улс эрх чөлөөтэй, үгээ хэлэх эрхээ эдэлж байгаа. Ингэвэл эргээд олон нийтэд түгээж байгаа мэдээлэлд, интeрнэт сүлжээний компаниуд хяналт тавьж шүүлтүүр тавих шаардлагатай, түүнчлэн сошиал хэрэглэгчдэдээ эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэгийг өгөх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хандлагыг нь нэмэгдүүлэх, хариуцлагатай хэрэглээг бий болгох хэрэгтэйг хэлж байгаа юм. Одоогоор Монгол Улс цахим орчинтой холбоотой хүний эрх зөрчсөн асуудлыг гүтгэх, доромжлох гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулиар зохицуулахаар болсон. Мөн Цахим бодлогын түр хорооноос Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг танилцуулаад байгаа билээ. Түүнчлэн цаашид ямар арга хэмжээ авах талаар Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч, ажиллах шаардлагатай байгаа. Хүний эрхийн үндэсний комисс энэ чиглэлээр УИХ-ын Цахим бодлогын түр хороотой нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, хүүхдийн эрхийг олон нийтийн сүлжээнд хамгаалахдаа технологийн шийдэл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх гэсэн гурван ажлыг зэрэг хийх ёстой. Ингэхгүйгээр эерэг үр дүнд хүрэх ямар ч бололцоо байхгүй. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг одоогоор өндөр хөгжилтэй 12 улс хийсэн байдаг. Хүүхэд хамгааллын чиглэлээр, олон нийтийн сүлжээн дэх мэдээ мэдээллийн сөрөг урсгалаас хүүхдийг хэрхэн хамгаалах, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэг, оролцоотой байх талаар тодорхой зохицуулсан байдаг” гэсэн юм.