Нам нам дамжсан этгээдийг МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь гутамшигт үйл явдал

🕔 2020/01/31 18:12

Нам нам дамжсан этгээдийг МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь гутамшигт үйл явдал

 

Ил захидал


МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид болон эрхэм журмын нөхөд өө!

2011 оны нэгдүгээр сарын 28 бол Монгол Улсын түүхэнд МАХН-ын нэрийг дахин сэргээх шийдвэр гаргаж Онц Их Хурлын хөдөлгөөн үүсгэн байгуулагдсан түүхэн өдөр билээ. Энэ өдрөөс хойш есөн жил өнгөрчээ. Журмын нөхөд маань есөн жилийнхээ үйл явдлыг дүгнэн баяраа тэмдэглэх гэж байгааг сонсох надад таатай байна. Тиймээс та бүхэндээ баяр хүргэхийн ялдамд МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэхүү ил захидлыг хүргэж байна.
Бид бүхэн МАХН гэсэн нэрийн утга учир, яагаад намын нэрийг сольсон, яагаад сэргээн авах болсон, үүнд хэн хэн гэх намын журмын нөхөд маань онцгой үүрэг рольтойгоор оролцож байсныг сайн санаж байгаа. Үүнийг товч дурдвал, 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын аугаа хувьсгалчид МАН-ыг анх байгуулан явахдаа түүхэн цаг үетэй уялдуулж МАН гэсэн нэрийг МАХН болгон өөрчилсөн билээ. МАХН маань байгуулагдсан цагаасаа эхлэн нэр төртэйгөөр улс орныхоо тусгаар тогтнолын төлөө явж НҮБ-д Монгол Улсыг бие даасан тусгаар улс болгож баталгаажуулан, олон мянган сэхээтэн хөдөлмөрч ард түмнийг эгнээнээсээ төрүүлж, 1990 онд Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүйгээр хийж чадсан билээ.
1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаар олон намын тогтолцоо бий болсон хэдий ч МАХН нь түүхэнд хүлээсэн үүргээ үргэлжлүүлж бусад намуудтай болон дангаараа улс орноо удирдан жолоодох ажилд өнөөг хүртэл хамтдаа зүтгэж байна.
МАХН-ын үе үеийн удирдлагууд намын шинэчлэлийг хийхэд цаг хугацаатайгаа уялдуулан зоримог шийдвэрүүд гаргаж байсан. Тухайлбал, 1996 оноос МАХН нь М.Энхболд тэргүүтэй 40 орчим залуусыг намын удирдлагадаа оруулж ажиллуулан төрийн бүх эрх мэдлийг тэдгээр залуучуудад өгч гүйцэтгүүлж байв.


Гэтэл 2000 оноос эхлээд эрх мэдэлд хүрсэн Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх тэргүүтэй тэр үеийн намын залуучууд төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл сонирхлоор явуулах бус хувийн эрх ашгаар явуулж, төрийн албыг наймаалцах, 60 тэрбум, ЖДҮ-ийн эхлэлийг тавьж, авилгын аалзны сүлжээг бий болгосон. Эцэстээ энэ байдал ард түмний дургүйцэл тэмцэлтэй тулж 2008 оны долдугаар сарын 1-нд аймшигт бослого тэмцэлд хүргэсэн. Харамсалтай нь тухайн үеийн МАХН-ын удирдлагууд бослого тэмцлээс сургамж авч, үзэл баримтлал, намын зохион байгуулалт, бүтэц, төрийн эрх мэдэлд гарч буй боловсон хүчний бодлогодоо эрс шинэчлэлт хийхийн оронд МАХН гэсэн нэрийг устгах цорын ганц шийдвэрийг гаргасан билээ.

 

Тиймээс үе үеийн намын гишүүд цуглан хуралдаж намын нэрээ сэргээх хөдөлгөөнийг УИХ болон Ард түмний дунд ил тод өрнүүлсэн юм.
Эрхэм журмын нөхөд өө!
Намын нэрээ дахин сэргээх түүхэн шийдвэр гаргасан есөн жилийн ой тохиож байгаа энэ үед хуучин байсан удирдлагуудын алдааг давтаж ард түмэн гэнэн хоосон хэмээн итгэж, дэврүүн мөрөөдлөөр улс төрийн хариуцлагагүй буруу алхам хийхгүй байхыг та бүхэндээ уриалж байна.
МАН, АН, МАХН гэсэн намд, намын удирдлагад гарч төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн, төрийн эрх мэдлээр дамжуулан авлига албан тушаалын гэмт хэргээ үргэлжлүүлэх гэсэн хэсэг бүлэг этгээдүүд өнөөг хүртэл оршин байсаар байгаа нь нууц биш ээ.
Гэвч нам гэдэг бол улс төрийн итгэл үнэмшлээр нэгдсэн, иргэдийн сайн дурын зохион байгуулагдсан бүтэц бөгөөд шударга хүмүүс нь олон учраас буруу хүмүүсээ шахан зайлуулж, эрх мэдэл өгөхгүй, гэмт хэргийг нь давтан хийлгүүлэхгүй байх боломж бүх намын гишүүдэд байсаар байна.
Энэ тэмцэл бүх намын жирийн гишүүдийн хүсэл сонирхол болж чадсан цагт аль ч намд гэмт хэрэгтнүүд оршин тогтнох боломжгүй юм. Олон жил худал амлалт хэлэн, нэр хүндтэй нам намын нэрийг ашиглан төрийн эрх мэдэлд хүрсэн хойноо төрөөс төрсөн тэрбумтнууд болдог гаж тогтолцоог өөрчлөх бүрэн боломжтой. Үүний тулд нам дотроо гишүүд нь нэгдэн, тогтолцооны болон удирдлагын шинэчлэл хийх учиртай.
Шударга ёсонд золиос байдгийн адил тэмцэлд ч золиос бий. Энэ ч үүднээсээ мянга мянган шударга гишүүд нам намдаа адлагдан, гадуурхагдаж, авах ёстой зүй ёсны эрх мэдлээ авч чадахгүй намын түүхэндээ гүтгэгдэн дурсагддаг.

 

Та бүхэнтэйгээ индэр дээрээс баярын мэндчилгээ дэвшүүлэн, жирийн гишүүдтэйгээ хөөрөн баясахыг хүсч байсан ч надад энэ боломжийг МАХН-ын даргаар өөрийгөө өргөмжилсөн Н.Энхбаярын зүгээс олгоогүй явдлыг ойлгоно биз ээ. Уг нь МАХН-ын нэрээр сууж байгаа УИХ-ын гишүүн, намын нэрийг авах, намын даргыг шоронгоос гаргах, МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, улс төрийн намуудын тухай хуульд заагдсан заалтын хүрээнд МАХН-ыг санхүүжүүлж буй хүний хувьд индэр дээрээс үзэл бодлоо илэрхийлж оролцох ёстой байсан гэж үзэж байгаа олон мянган гишүүдтэйгээ нэгэн адил саналтай байна.

 

Гэвч надаас илүү энэ намд шударга ёсны төлөө дуугарч байсан өөрийн нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, амь насаараа золиос дэнчин хийж байсан гишүүд маань есөн жилийнхээ ойд оролцож чадахгүй, адлагдан гадуурхагдаж байгаа нь илүү харамсалтай. Тиймээс та бүхэн минь тэднийгээ нууцхан ч гэсэн дурсан санаж, тэдэндээ хүндэтгэл үзүүлэхийг хүсье.



Ялангуяа эх оронч цогтой тэмцэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн тэмцлийн үед манлайлагч байсан УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаяр, О.Чулуунбат , Ахмадын холбооны дарга агсан н.Шагдарсүрэн, Залуучуудын холбооны дарга агсан С.Тэмүүлэн, Ардын жүжигчин агсан Ц.Гантөмөр зэрэг олон гавьяатай хүмүүс маань бидний дунд амьд сэрүүн байхгүй байгаа нь туйлын гунигтай байна. Мөн соён гэгээрүүлэгч С.Молор-Эрдэнэ, сайд асан Г.Шийлэгдамба, У.Барсболд, Нийслэлийн намын хороон дарга Л.Бямбасүрэн, УИХ-ын дэд дарга асан Л.Цог зэрэг намын төлөө явж хэлмэгдэн, золиослогдож тэмцэж явсан олон шударга хүмүүс маань миний адил уригдаж оролцохгүй байгааг анхааран, тэднийгээ дурсан санахыг МАХН-ын нийт гишүүддээ уриалж байна.

 


МАХН-ын нэг суудлыг авчирсан УИХ-ын гишүүний хувьд би есөн жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа намын нийт гишүүд, үзэл бодлоороо хавчигдан гадуурхагдсан боловч зүрх сэтгэлээрээ МАХН-д байсан үе үеийн намын удирдлага, эгэл жирийн гишүүд, дэмжигчид та бүхэндээ шударга ёсны төлөөх тэмцлийн есөн жилийн ойн баярын мэнд хүргэе.
Түүх түүхээрээ л үлдэнэ. Алдаа оноо, амжилт бүтээл, уйтгар гуниг, баяр баясгалан бүгд хамтдаа байж сая үнэн түүх бичигддэг. Түүхэнд эх орончид хэлмэгдэх, үзэл бодлоороо ялгаварлагдах, хавчигдан гадуурхагдах, гутаан доромжлогдох зэрэг олон үйл явдлууд болж байсан. Энэ үйл явдал одоо ч зогсохгүй байна.
Өнөөдөр харамсалтай нь авлигачид мөнгөтэй байна. Албан тушаалтнууд аархуу байна. Ардын нам баян байна. Ядуурал, шударга бус байдал, МАНАН мафийн гэмт бүлэглэл улам нарийн зохион байгуулалтад орж 2020 онд эрх мэдэлд хүрэхийн тулд МАХН зэрэг бусад намын удирдлагуудаар нь дамжуулан зүсээ хувирган сонгуульд оролцохоор мөлхөж байгааг та бүхэндээ сануулж, анхааруулан сэрэмжлүүлж байна. Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс!
Цаг хугацаа бидний хийсэн зарим зүйлийг мартуулж чадах ч шударга ёсны тэмцэл зөв зарчмууд цаг хугацааны эцэст улам тодрон үлддэг гэдгийг бид мартах ёсгүй.
Бид 2012 онд МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан үйл явдлыг одоогийн МАН-ын удирдлагууд өшөөгөө авсан үйл явдал, авлигачид төрийн тэргүүн байсан хүнээс айж эрх мэдэлгүй болмогц шоронгоор нухчин дарах гэсэн бусармаг үйл явдал хэмээн итгэж намаа бэхжүүлэх үйл явдлаасаа ч илүү чухлаар тавьж, намын даргаа шоронгоос гаргахын төлөө гишүүд өлсгөлөн зарлаж, жагсаал хийж, хууль хяналтын байгууллагуудад шаардлага хүргүүлж, баривчлагдаж, эрүүгийн хэрэгт татагдан шүүгдэх зэргээр тэмцэж ирсэн.
Харамсалтай нь өнөөдөр бид "Барын амнаас гараад арслангийн аманд оржээ”.

 

2012 онд ард түмэн МАН-аас тусгаарлаж МАХН-ыг үргэлжлүүлэн авч явах гэсэн бидний шийдвэрийг дэмжиж УИХ-д анхны долоон гишүүнийг сонгож байсан. Бид өнөөдөр ард түмнийхээ энэ их хайр ивээлийг дааж явж чадсан уу? Дааж явж байгаа юу? Үе үеийн тэмцэгч нөхөд маань намаасаа яагаад гараад байна, шоронд яагаад оров, сонгуульд яагаад ялагдав гэдгийг дахин бодож түүхэн есөн жилийнхээ ойг тэмдэглэж байхдаа боломжтой бол зөвхөн энэ сэдвээр хэлэлцэн зөвлөлдөхийг уриалж байна.


Аль ч намд ялзарсан хүмүүс байдаг бөгөөд хуучинсаг, авлигадсан хүмүүсээ хайрлан энхрийлж эрх мэдэл өгөх гэж улайраад байвал ард түмэн буруу хүнтэй нь хамт тухайн Намыг улс төрийн тавцангаас бүрэн арчиж хаядаг зарчим бий. Энэ байдлыг МАН, АН гэсэн УИХ-д суудал бүхий томоохон намууд соргогоор мэдэрч байна. Тиймээс ч тэд ард түмнээс айн болгоомжилж байгаа учраас Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Лу.Болд, Ж.Батзандан зэрэг гишүүдээ тухайн цаг үедээ намын түүхэнд онцгой гавьяа байгуулж байсныг ойлгож байгаа хэдий ч нийгмийн шаардлагыг хүлээн авч намаасаа хөөх, цаашлаад улс төрийн эрх мэдлээс нь хөндийрүүлэх зэрэг үйл явц хурдацтай өрнөж байна.


Бид ч тэдний адил шийдвэртэй алхам хийж, шинэчлэлийг дэмжин МАХН-ын нэг суудлыг 76 суудал болгохын төлөө зорилго хөтөлбөр, үзэл баримтлалаа яаралтай боловсруулан өнөөгийн удирдлагын бүтэц тэр дундаа намын дарга Н.Энхбаярыг нэн даруй солих шаардлагатай байна.


МАХН нь намын нэрээр сонгогдон, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас хэд дахин илүү ажиллах чадвартай, ялалт байгуулах боломжтой, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, доктор академич, нэрт хуульч С.Нарангэрэл зэрэг 20 орчим бодит нэр дэвшигч тухайн үед байсан. Гэтэл ойрын бодолтой, холын шуналтай хүнээс болж МАХН нь энэ түүхэн бололцоогоо бүрэн ашиглаж чадаагүй билээ. "Хүний хүүхэд хүрэн бөөртэй" гэсэн ардын сайхан үг бий.

 

ХҮН-аас эхлээд нам нам дамжсаар нэр хүндгүй болсон этгээдийг МАХН нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь намын түүхэн дэх хамгийн том гутамшигт хариуцлагагүй үйл явдал юм. Тэр этгээд нь МАХН-ын нэр хүндийг өндрөөр өргөж, хариуцлагатайгаар сонгуульд оролцох ёстой байтал гадаадын иргэнээс хахууль авч шившигээ хутгаж, ялалтанд хүрэх бололцоогоо бүрэн ашиглахгүй сайн дураараа бууж өгсөн үйлдлийг бид уучлах ёсгүй.

 

Ийм нөхцөл байдалд хүргэсэн намын дарга Н.Энхбаярыг ч мөн зөвтгөх учиргүй. Өнөөдөр тэр этгээд намын түүхэнд ямар ч хувь нэмэр оруулаагүй мөртлөө дэд дарга гэсэн нэр хүндтэй албан тушаалыг шууд хашиж, цорын ганц УИХ-ын гишүүнийг чинь МАНАН, Мафийн захиалгаар улс төрөөс гаргахын төлөө улайран явж байгааг та бүхэн анхааралдаа авна биз ээ. "Босоцгоо, дарлагдсан ардууд аа” гэсэн үгтэй гайхалтай дууг МАХН-ын эгэл жирийн гишүүд бид маш сайн мэдэж байгаа. Орчин үед энэ дууг сэтгэлгээний хувьсгал, үзэл бодлын тууштай байдал, авлигачдыг эгнээнээсээ зайлуулахын тулд БОСОЦГОО, ДАРЛАГДАЖ БУЙ НАМЫН ГИШҮҮД ЭЭ хэмээн тайлбарлан хэлмээр надад санагдаж байна.
Бид түүхэн цаг үеийн өмнө ирээд байна. 2020 онд МАХН ялах бүрэн боломж бидэнд байгаа. МАНАН бүлэглэл үеэ солихын тулд эрх мэдлийн дайнд оролцож иргэдээ хөсөр хаяж, биесээ шоронд хийж, ард түмэнд өгсөн амлалтаа мартаж, ард түмнийг цөхрөөн ядрааж байна. Тиймээс ард түмэн шударга гурав дахь ч хүчнийг хүсч, шинэ улстөрчдийг шаардаж байгаа юм. Нэг голын усанд хоёр удаа сэлдэггүй гэсэн аугаа философич үг бий. Нэг хийсэн алдаагаа дахин давтахгүй хэмээн сохроор итгэж, өрөвдөн хайрласаар тэднийг бид 30 жил өнгөрөөлөө.


Долоон удаа сонгууль хийхдээ өрөвдөх, уучлах, итгэх, найдах, мартах зэрэг байдлаар тэдэнд эрх мэдэл өгснөөр тэд баяжиж бид цөхөрсөөр байна. 30 жилийн өмнө хэлж байсан өнөөгийн улстөрчдийн үг, тэр дундаа Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхдаа хэлж байсан "Эвтэй бол хүчтэй” гэдэг үг өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна. Харамсалтай нь гайхалтай үг хэлсэн тэдгээр хүмүүс бүгд өөрсдийн амьдралын туршлага, үзэл бодол, нийгэмд үзүүлж байсан үр нөлөө нь хэлсэн үгнийхээ эсрэг байсныг бид харж байна.


Угтаа бол бид нэгдэж чадвал бид хэнээс ч илүү хүчтэй байж чадна гэдэг нь үнэн. УИХ-ын гишүүн намайг ТЭД ил цагаанаар гутаан доромжилж, ганцаардуулсаар байна. Энэ ч утгаараа МАХН-аас намайг нэр дэвшүүлэхгүй хэмээн дөрвөн жилийн туршид Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс ил тодоор зарласаар ирлээ.
Би амьдралдаа "Юунаас ч бүү ай. Хэзээ ч бүү бууж өг” гэсэн зарчмыг баримталж ирсэн. Тиймээс би аргаа өөрчилнө. Магадгүй бусад намд байгаа шударга хүмүүстэй нийлж болно. Намууд гэдэгт МАН, АН, бусад нам аль нь ч орж болно. Гол нь шударга зөв хүмүүстэй нийлэх нь миний зорилго юм. Миний сонгосон шийдвэр Монгол Улсын хөгжлийн төлөө, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө, МАХН-ыг шинэчлэхийн төлөө, шударга ёсны төлөө байх болно. Арга зорилгоо зөвтгөдөг учраас тавьж буй зорилго зөв тул хийж буй улс төрийн алхам маань зөв гэдэгт би хэзээ ч эргэлзэхгүй байна. Та ч бүү эргэлзээрэй.
Та бүхэндээ есөн жилийн өмнө хурлын индэр дээрээс МАХН-ын батлахаа авч байхдаа 15 олигарх хүмүүсийг цөөлөхийн төлөө тэмцлийн бүх хэлбэрийг сонгоход би бэлэн гэж хэлж байсан үгээ дахин илэрхийлье. Энэ тоо 30 хүрсэн ч намын одоогийн удирдлага тэдэнтэй нийлж шүүх, хууль ёс, шударга ёсыг бүхэлд нь худалдан авсан ч миний амьдралын зорилго бол шударга ёсны нарыг мандуулахын төлөө учраас ЗӨВ тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бүх бие, бүх зүрх сэтгэлээ зориулах болно.
Эрхэм журмын нөхөд өө,
АУГАА МОНГОЛЫГ ДАХИН БОСГОЖ, МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ. Хүн бүхэнд өнгөрснөө тунгааж ирээдүйгээ дүгнэн, хэрүүл тэмцлээ хойш тавин, ялалтын төлөө хамтдаа байж гэр бүлдээ аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.

 


УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ

2020 оны 01 сарын 28

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!