"ХААН” хүсвэл юуг ч хийж чадна

🕔 2020/01/04 19:06

 

"ХААН” хүсвэл юуг ч хийж чадна

 

-Ерөнхийлөгч хэлсэн, түүнийг нь хэрэгжүүлэгч МАН ялна-

Төрд татвар төлөгчдийн мөнгө л байхаас улстөрчдийн оноо цуглуулах хөрөнгө гэж байхгүй. Тиймдээ ч Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээндээ дурдсан "Ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг тэглэнэ” хэмээсэн нь олны анхаарлыг татаж, эргэлзээг төрүүлж байна.

Мэдээж ахмадуудад, олон нийтэд таатай, сайхан мэдээ. Гэвч нөгөө талдаа улсын эдийн засгийг самарч мэдэх, поп амлалт. Учир нь Монгол Улсад дагаж, мөрдөж, хэрэгжүүлж байгаа ямар ч хуулиар дээрх асуудлыг цэгцэлж, ахмадуудын өрийг тэглэнэ гэдэг байж болохгүй үйлдэл гэдгийг мэргэжилтнүүд, эдийн засагчид хэлж байна.
Арга ч үгүй биз. Өнөөдөр нийгмийн даатгалын байгууллагаас улсын хэмжээнд 381.8 мянган иргэн сар бүр тэтгэвэр авч байна. Тэдний 60 хувь буюу 230.8 мянга нь арилжааны банкнаас тэтгэврийн зээлтэй байдаг ба энэ нь 680.9 тэрбум төгрөг. Түүнчлэн нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг. Тэтгэврийн зээлийг тэгэлмэгц тэд дахиад л зээл авах нь тодорхой. Тэгэхээр тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг нь үндсэндээ арилжааны банкуудыг л санхүүжүүлж байгаа нэг хэлбэр.

Харин улстөрчдийн хувьд энэ асуудал хэрэгжих эсэх нь УИХ-аас хамаарна гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээсэний цаанаа бүх тохироо хийгдсэн гэдгийг бататгаж байгаа юм. Учир стратегийн бүхий л ордыг багтаасан төрийн өмчит "Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд байгаа тус ордыг эргэлтэд оруулж, бонд босгох талаар яриа хэлэлцээ хийгдэж эцсийн шатандаа орсон аж. Мэдээж зарим хүн гурван шүүхэд энэ ордтой холбоотой асуудал яригдаж байгаа хэмээж байгаа ч "хаан” хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг одоо бататгана. Тэгээд ч төрийн эрхэнд "суугаа” гурван хүн энэ асуудлыг хэлэлцэн тохирсон гэдгийг Ерөнхийлөгч мэндчилгээндээ тодотгоод хэлчихсэн. Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ярилцан шийдвэрлэсэн нь гарцаагүй.

Харин нөгөө талд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд л "Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн амалсан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй” гэж сууна лээ. Тэр хүн болоод АН-ын дарга С.Эрдэнийн хувьд таатай хүлээж авахгүй байгаагаа ийн илэрхийлээд байгаа. УИХ-ын бусад гишүүдийн хувьд ч яг зөв, буруу, болно, болохгүй гэдгийг хэлж байгаа хүн тун ховор.

Тэр тумсаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд эргэлзээгээ бүрэн тайлбарлах ч үгүй тойрч яваа. Тэд даваа гарагт болох бүлгийн хуралдааныхаа үеэр бөөнөөрөө хэлэлцэх хүлээлтийг үүсгээд байгаа болов уу.

Гэвч тэд зөвшөөрнө, санал нэгтэй батална. Нэгдүгээрт, эсэргүүцсэн хүн нь "жунгаа” гэдэг шиг ахмад буурлуудаас мөнгө харамласан хүн болж хувираад, сонгуулиар санал авч чадахгүй. Хоёрдугаарт, бүлэг эсэргүүцвэл ЖДҮ-чдээсээ хулгайлсан мөнгийг нь төрд буцаан оруулаагүй хэрнээ буурлуудаас мөнгө харамласан гэх "ял” үүрч бас улстөрийн тавцангаас арчигдахдаа тулна.

Тэгэхээр зээл тэглэх асуудал дээр дурдсанчнлан ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ҮАБЗ-ийн хоёр гишүүнтэйгээ нэгэнт ярьж тохирсон учраас энэ хэвээр үргэлжилж, хэлсэндээ хүрнэ. Ингэхдээ боломж олдвол сар шинийн өмнө бүх зээлийг тэглэх, эсвэл УИХ-ын сонгуулийн өмнө асуудлыг цэгцэлнэ.

Ингэж байж Ерөнхийлөгчийн амлалтыг дэмжсэн МАН-ынхан ялалт байгуулна. Товчхондоо Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээгээ хэлж, хундага өргөхдөө дотроо бол "МАН-ын ялалтын төлөө, урагшаа” гэж бодсон ч юм билүү хэн мэдлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ОФФШОРЧИД, ЦАГААН ЗАХТНУУДЫН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСТЛӨӨ

Нөгөө талаар Ерөнхийлөгч оффшорт бууж өгснийг илэрхийлэв бололтой. Уг нь мань хүн анх оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг эх орондоо авч ирж, иргэдийн өрийг тэглэнэ хэмээж байсан. Тэндээс хөрөнгөө аваа ирвэл өршөөе хэмээн тодорхой хугацаа ч заасан. Харамсалтай нь 1-2 хүн л сайн дураараа авч ирснээс бусдаар таг. Бүр эцэстээ ЖДҮ зэрэгтэй холбоотойгоор оффшор бүсийн чимээ алдарч ч байх шиг. Гэтэл гэнэт Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн Үндсэн хуулийн 6.1 заалтыг ч давхар зөрчих нь ээ. Уг нь тэд өр тэглэх үнэхээрийн зөв санаачилгаа хэрэгжүүлмээр байгаа бол алдаж, асгасан их хөрөнгөө цуглуулж, түүнийгээ эргэлтэд оруулах бүрэн боломж бий. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшиж, татвар төлөгчдийн мөнгийг идэж, уусан цагаан захтнууд, ЖДҮ, концессоор бэлээ зузаалсан албан тушаалтнууд гээд тоочвол олон хүн, толбол их л мөнгө бий дээ. Ямартай ч ХААН хүсвэл бүгдийг хийдэг гэдгийг бид харах л үлдлээ.

Erennews.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!