Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?
Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч болохыг тогтоосон. Тэд дипломат контрабандчидын адил "Дипломат шууданд юу байсныг мэдээгүй” гэж мэдүүлсэн бөгөөд эрх зүйн үйлчилгээ авахаас татгалзаж өөрсдөө өмгөөлөгч авна гэсэн байдаг. Төдөлгүй Дрезден хотын шүүхээсТ.Мөнхбатад гурван жил есөн сар, уг автомашиныг жолоодож явсан Э.Оргилд найман сарын хорих ял оноосон тухай Bild сонинд мэдээлж байв.
Эхнээсээ Э.Оргилыг тус улсын хэвлэлд бөө хүн гэж мэдээлсэн нь анхаарал татаж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарах үед хорих ялыг эдэлсэн учраас суллагджээ. Мөн Э.Оргил нь хүч тамир сэргээх ундааны сав үйлдвэрлэх технологи судлахаар Германд ирсэн, ашиг орлогоо Монгол орон устаж үгүй болоход хүрээд байгаа мазаалай баавгайг аврах үйлст зарцуулахаар төлөвлөж байгаа гэхчлэн тун ч сэргэлэн мэдүүлэг өгсөн байдаг.
Түүний бөө гэдэг нь үнэн болохыг батлах нэг баримт нь улсын бүртгэлд түүний нэр дээр "Дэлхийн монгол үндэстний бөөгийн нийгэмлэг гэгч НҮТББ-ын Гүйцэтгэх захирал гэж байдаг юмсанж.
Мөн яг энэ ТББ-ын хаяг дээр нь Хөгнөхаан хайрхан ХХК гэж бий. Эрдэнэбаатарын Оргил, Эрдэнэбаатарын Энх-Оргил, Түвдийн Далайсүрэн нарын хамтран эзэмшдэг энэ компани амралтын газар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Хөгнөхаан хайрхан” жуулчны бааз нь Булган аймгийн Рашаант суманд, харин тус компанийн нэр дээрх диско клуб нь 2020 оны зургадугаар сар хүртэл зөвшөөрөлтэй, БГД-ийн 8-р хороо, Баянгол худалдааны төвийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байх юм.
Эрдэнэбаатарын Оргилын дараагийн бизнес нь Платиниум ресурсес ХХК. Тус компанийг 2017 оны нэгдүгээр сарын 30-нд үүсгэн байгуулсан. Сүхбаатарын Нямбаярын хамт эзэмшдэг, геологийн суурь судалгаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Мөн түүний нэр дээрх "Паломино ресурсес” ХХК нь 2013 онд байгуулагдсан ч 2017 оноос эхэлж автомашины түрээсийн үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгчдийн бизнес автомашины түрээсийн үйлчилгээ, гадаад худалдаа, мөн аялал жуулчлалын салбарт чиглэдэг ижилсэл анзаарагдаж байна. "Тээвэрлэлт” хийж болохоор байршилаа олоод компаниа худалдаж авсан ч байж болох юм.
Эндээс хар тамхины бүлэглэлийн нэг жим гарсан нь бүр ч сонирхолтой. Паломино ресуорсесийн Монгол дахь үйл ажиллагаа тун явцаа, хаалттай байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр ийм нэртэй зочид буудал руу хөтөлж, тэр нь УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, түүний хоёр орос түншийн хамтын эзэмшлийнх болж таарав. Мөн "Паломино ойл энд энержи” гэх Швейцарийн "AOT Trading LTD болон Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрням, П.Одмаа нарын хамтарсан хөрөнгө оруулалттай, Luce Yannick Alain гэх захиралтай, химийн хортой, аюултай бодис ашиглах, импортлох, худалдаа эрхлэх 2021 он хүртэлх зөвшөөрөлтэй, тос тосолгооны материалын худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал зэрэг үйл ажиллагаа явуулдаг компани руу хөтөллөө.
ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс2018 оны гуравдугаар сарын 29-ний орой УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний дүү Ц.Жүгдэрням , хүү Ж.Гарьд нарын "Фрейткоммодити консалтантс” ХХК-д нэгжлэг хийсэн. Цагдаагийнхан эхлээд тус компанид үзлэг хийсэн ч санхүүгийн зарим баримт бичгийг гаргаж өгөөгүй тул нэгжлэг болгожээ. Үүний дараахан Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан 7.5 сая ам.долларыг оффшор бүсээр дамжуулан угаасан гэх асуудлаар АТГ, ЦЕГ тус тусдаа мөрдөн шалгаж буй гэх мэдээлэл өгч байв. Шалгалтын явцад энэ тоо эрс өссөн.
Эндээс бүр том сүлжээ эхлэв. Учир нь Хонконгт бүртгэлтэй "Class Trading limited” компанийн гадаад гүйлгээ буюу хэн, хэн рүү хэдэн сарын хэдний өдөр, хэдэн зуун мянган ам.доллар орж ирсэн тухай нийт 7 тэрбум 745 сая 900 мянган ам.долларын гүйлгээний баримт, холбогдох схемийн хамт "аалзны тор” руу дагуулж одов. Тодруулбал Ц.Жүгдэрням энэ компанийг Хонконгт байгуулж, ах Д.Жигжиднямаа, түүний хүү Ж.Гарьд нартай хамтран эзэмшдэг "Скай профешнл ложистик” ХХК руу 2017.11.27-2018.2.12-ны хооронд нийт 726 160 ам.долларыг нэр бүхий гурван данс руу шилжүүлсэн байдаг. АТГ-аас 2019.11.11-нд "Д.Жигжиднямаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байна. Тодруулах зүйлүүд олон байгаагаас хэрэг удааширч байна. Түүнийг нийт 20 гаруй үйлдэлд холбогдуулан шалгаж байна" гэх тайлбарыг өглөө. Дуудлагаар цонх угаадаг, айл өрх албан тасалгаа цэвэрлэдэг гэх энэ компанид арай л ахадсан орлого, тэнэсэн угаалт биш гэж үү! Энэ талаар дараагийн удаад бичих тул мансууруулах бодисын сэдвээсээ тусгаарлая.
Гол асуудал маань мөнөөх Эрдэнэбаатарын Оргил. Түүний аав Эрдэнэбаатар, Д.Жигжиднямаа нар эртний найзууд аж. Харин хүү Э.Оргил нь Д.Жигжиднямаагийн хүү Д.Гарьд, УБТЗ ХНН-ийн Бээжин дэх төлөөлөгч, нэгэн цагдаагийн хурандаагийн хүү Б.Энхбаяр нартай хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хамтрагчид байжээ.
Ийнхүү гуравхан сарын өмнө буюу 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүхээс "мансууруулах төрлийн эм бэлдмэлийг тээвэрлэж байгаа гэдгээ мэдэж байсан эсэхийг нотолж чадаагүй” учраас найман сар хорих ял авч, улмаар шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд энэ ялаа эдэлчихсэн гэж үзсэн учраас суллагдсан Эрдэнэбаатарын Оргил эдүгээ Шангри Ла худалдааны төвд бизнес эрхэлж эрх чөлөөтэй явж байна. Түүний Германы хууль хяналтын байгууллагад баригдангуутаа мэдүүлж байсанчлан ямар бараа авч яваагаа мэдээгүй, ашиг орлогоо "мазаалайн тоо толгой нэмэгдүүлэхэд зориулна” хэмээсэн нь бодит үнэнээр хэр хол үсэрснээс харахад Монголын хууль хяналтын байгууллага хараандаа авах шаардлагатай болоод байгааг сануулъя.
/Үргэлжлэл бий/
У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn