Хамгаалж ирсэн ардчиллаа өмгөөлөх цаг болжээ

🕔 2019/12/04 19:26

Билгүүн өнөөдөр 30 нас хүрч буй. Тэрээр төрсөн өдрөө аав, ээж, ах, дүүс болон найз нөхөдтэйгөө даруухан тэмдэглэнэ. Түүнийг 1989 оны өвлийн жавар тачигнасан өдөр нийслэлийн нэгдүгээр төрөхөд эхээс унаж байхад Арслантай гүүрийн баруун хойхно, сэрүүн Сэлбийн хөвөөнд нэгэн халуун үйл явдал өрнөж байжээ. Тэрхүү Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд оролцсон уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуусын сэдсэн үйл хэрэг өлгийдөө үнэгчлэн унтаа нярайн амьдралыг эрс өөрчилнө гэдгийг тэрхэн үед хэн мэдэх билээ.

Гутлын үйлдвэрийн ажилчин аав нь түүнийг төрөхөд ээлжиндээ гараад эмнэлэг ч орох завгүй байж. Октябрийн районы тэргүүний сурагч ах, эгч хоёр нь социалист уралдаандаа тэргүүлсэн ангийн сурагчийн хувиар сургуулийнхаа ёолкийг чимэх гээд завгүй байсан гэдэг. Амьдралдаа ганц удаа Улаан Москвад хөл тавьж үзсэнээ бахархан ярьдаг ахмад багш өвөө нь хожим дэлхийн олон улс орноор аялж, олон улсын хэл сурч, гадаадын хөрөнгө оруулалттай IT компани хүртэл байгуулан, тэдний үгээр бол олон газрын ус уух хувьтай ач хүүгээ төрөхийг догдлон хүлээж, хөгшинтэйгөө хамт амаржих газрын үүдэнд халуун савтай цай, хоол тэврэн догдолж суужээ. Билгүүнийг эмнэлгээс гарахад тэр үед такси нүдний гэм байсан тул аравдугаар хороолол дахь гэр лүүгээ аав, ээж хоёр нь Чехийн урт улаан автобус хөлөглөн харьсан гэдэг.

Үнэт зүйлсийн үр шим

...Эдүгээгээс 30 жилийн өмнөх монголчуудын амьдрал тухайн үеийн ЗХУ-ын бүгд найрамдах улсуудаас ялгарах юмгүй байв. Нэгэн хэвийн бөгөөд тэгшитгэн тэнцүүлэх зарчим монголчуудын ахуй амьдралд нь ч, оюун сэтгэлгээнд нь ч гүн зузаан нэвчсэн байлаа. Намын үзэл суртал нар мэт гийгүүлнэ. Дарга нар л хар машин унаж болно. Түүнээс биш жирийн ажилчин хүн хувийн машинтай байх юм бол эд мөнгөний шуналтай, ашиг хонжоо хайгч гэсэн үг. Бусдаас өөр хувцаслаж, гоё гангалбал наймаачин, панзчин болж хувирна. Гадаадад аялж зугаалах бүү хэл улс дотроо аймаг, сумдын хооронд зорчихдоо "зам явах” гээч тамгатай бичиг авч явна. Түүнийгээ хаа сайгүй шалгуулна. Бүхний чигийг заагч нь энхрий хайрт МАХН, бүхнээс илүү нөхөр нь Зөвлөлт холбоот улс. Энэ түүхэнд 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд цэг тавьсан юм. Энэ өдөр болсон Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн Ардчиллын салхийг Монголд анхлан сэвэлзүүлж 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын галыг цахисан билээ. Хүн бүхний мэдэх энэ түүхийг үүнээс цааш улиглан тоочих нь илүүц.


  Ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж, түүний навч нахиа болон өсч өндийсөн Билгүүн шиг мянга мянган залуус өнөөдөр 30 нас хүрч байна. Монголын ардчилал бас 30 нас хүрч байна. Хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлж, хорвоо дэлхийг танин мэдэж, орчин үеийн эрдэм ухаанаар тархи оюунаа цэнэглэж, эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл бүхнийг эдэлж, үр шим бүгдийг үзэж амталж өссөн шинэ зуун, шинэ мянганы түүчээ түрүүч нь болсон залуу үеийнхэн бол өөрсдөө Монголын ардчилал юм. Өмнөх үеийнхнийхээ мөрөн дээр гишгэн хүнлэг, чөлөөт, ардчилсан нийгмийн цэцэрлэг рүү өнгийсөн энэ үеийнхэн нас чацуу Ардчиллынхаа ойг хэрхэн тэмдэглэж, хэрхэн ухаарч, цэгнэж байгаа бол оо.


  Энэ бол зүгээр л сэдэв санаа өдөөсөн асуулт болохоос биш зөвхөн 30 настнуудыг онцолсон хэрэг биш юм. Монголчууд бид бүгдээрээ л ардчиллын үр шимийг хүртэгсэд. Үүнтэй хэн ч маргахгүй. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, хууль эрх зүйт төр, парламентат ёс, чөлөөт ардчилсан сонгууль, олон ургальч үзэл, хараат бус шүүх, хувийн өмч энэ бүгд бол ардчиллын үнэт зүйлс. Өнгөрсөн 30 жилд монголчууд бидний бүтээн босгосон нийгэм. Тиймээс энэ 30 жил монголчуудад юу өгөв, алдаа оноо нь юу байв гэдгийг өнгөрсөн есдүгээр сард Монголд анх тэмдэглэсэн Олон улсын ардчиллын өдрөөр тал талаас нь дүгнэж цэгнэн ярилцсан.


Мэдээж алдсанаасаа оносон нь их, гээснээсээ олсон нь илүү. Нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, урлаг гээд бүхий л салбарт гарсан өөрчлөлт, шинэчлэлт нь улмаар хөгжил, дэвшил болж сайн сайхан амьдралын үндсийг тавьж буйтай хэн ч маргахгүй. Үүн лүгээ адилаар Монголын ардчиллыг олон арван залуусынхаа амь насаараа дэнчин тавин авчирсан, эдүгээ ч ардчиллын цайз, хэрэм нь болж яваа Ардчилсан намын гавьяаг үгүйсгэх аргагүй. Ардчиллыг түүчээлж авчралцсан намууд 2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд нэгдэн эдүгээгийн Ардчилсан намыг байгуулсан нь ч түүхэн үйл явдал байв. Монгол түмний үндэсний эрх ашгийг дээдлэх үзэл баримтлал дээр тулгуурлан байгуулагдсан МҮАН 19 жилийн өмнө нэгдсэн тэрхүү таван намын гол ноён нуруу нь болж нэрээ хүртэл өвлүүлсэн билээ.

Сорилтыг сөрөх сонголт

  1989 онд НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхийг тухайн үеийн авторитар дэглэм бүхий нам төрөөс шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоотой болох, чөлөөт сонгууль явуулахыг тулган зөвшөөрүүлж чадсан нь Монголын ардчиллын том ололт, ялалт байв. 1992 онд Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлуулснаар хуулийн засаглал, ардчилсан хэм хэмжээг хууль ёсны болгож, нэг ёсондоо ялалтаа баталгаажуулсан юм.


  Өнөөдөр Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлэгдэж буй. Азийн ардчиллын үлгэр жишээ болсон гэдгээрээ цээж дэлдэх нэг хэрэг. Энэ үнэлэмж, үнэ цэнээ хадгалах нь хамгийн том шалгуур, сорилт гэдгийг онцлохоос аргагүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих цэг, эсвэл зорилт биш, байнга суралцах, үргэлж тордож сайжруулж байх ёстой тасралтгүй үйл явц юм” хэмээн хэлсэн биз ээ.


  Монголын ардчилал өнгөрсөн 30 жилд дандаа дардан замаар яваагүй. Сорилт, бэрхшээлтэй олон тулсан. Тэр бүхнийг амжилттай даван туулж ирсэн. Ололт амжилтын зэрэгцээ алдаа дутагдал ч гарсан. Тухайлбал, нийгмийн баялгийг, тэр дундаа байгалийн баялгийг хуваарилах асуудалд алдаа гарсан нь олон гажуудлыг бий болгож буй. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон юм. Ийнхүү Монголын баялагт олигархи цөөнх хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж болов.


  Алдаагаа засч явах нь ардчиллын гол шинж чанар. Тиймээс өнөөгийн нийгмийн алдаа, завхарлыг арилгах боломж гагцхүү ардчилалд, ардчилсан хүчинд бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ардчиллын ололтыг баталгаажуулан бэхжүүлж, урагш ахиулах алхмыг бүрэн дүүрэн хийж чадаагүй эрх баригчид өнөөдөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль батлахын төлөө л улайрч суугаа нь нууц биш. Парламентад сонгогдсон гишүүд нь бүгдээрээ шахуу ЖДҮХС, ТЭДС, ХЭДС гээд Засгийн газрын тусгай сангуудаас тэрбум тэрбумаар зээл авч, концесс, тендерт гараа шургуулж, ёс зүйн хувьд нийтээрээ ялзарч доройтсон өнөөгийн эрх баригчид бол Монголын ардчилалд тулгарч буй хамгийн том саад бэрхшээл. Энэ саад бэрхшээлийг даван туулахын тулд монголчууд ардчилал хэмээх үнэт зүйлийнхээ дор нэгдэж эхлэв. Ардчиллын цаг ямагт хамгаалж ирсэн Ардчилсан нам ч өөрийн түүхэн үүргээ ухамсарлаж буй.


  Муу муухай, бузар булхай бүхнийг хийх тусмаа сайхан ярьж, худал амлаж, шударга, эх орончийн дүрд итгэл үнэмшилтэй тоглож буй өнөөгийн эрх баригчдад хазаар, чөдөр болж чадах бяртай, цараатай улс төрийн хүчин нь Ардчилсан нам. Үүнийг Монголын нийгэм хүлээн зөвшөөрч байгаа учир МАН-ын хэт дарангуйллын эсрэг үгээ хэлж, үйлдэл хийж эхэлжээ. Энэ бүхний эцэст гучхан настай ардчилалд гуних шалтгаан бий юү хэмээн яг одоо асуух аваас авторитар дэглэмээ ил цагаан санагалзаж буй популист эрх баригчид л өнөөгийн Монголын гуниг гэж хэлмээр байна. Тиймээс олонхоороо дэмжиж, хамгаалсаар ирсэн ардчиллаа одоо л нөмөрлөх цаг.

Related image

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!