Ээлжит бус сонгууль бол шалтаг, шалтгаан нь…

🕔 2019/09/30 13:35

Өрсөлдөгчдөө бэлтгэлгүй, өөрийн намын даргаа өндөр рейтингтэй энэ үед ээлжит бус сонгууль хийвэл ахин ялна гэж МАН-ынхан тооцов. Гэвч асуудал сунжрав. PR нь цагаан байрнаасаа цухуйж амжилгүй цаг алдаж  УИХ-ын ээлжит бус сонгуулийн сураг бүдгэрлээ. Эцэст нь, нам нь УИХ-ыг хууль бусаар тараах гэж оролдсон, засаглаж чадахгүй гэж "цагаан туг” өргөсөн гэх нэг нэр, хоёр хочтой үлдлээ. УИХ-ыг тараах гарын үсэг зурсан гэх, тараана гэж ярьсан гишүүд ч ахин нэр дэвшихэд ёс суртахууны хувьд асуудалтай болов. Гарын үсэг, ярианы бичлэг нь ээлжит сонгуулиар эсрэг ашиглагдана. МАН-ынхан  гурвын зэрэг бодит шалтгааныг дутуу тооцжээ.

Нэг

Хуульд заагаагүй үндэслэл буюу дараагийн сонгуульд ялах улс төрийн зорилгоор парламентыг тараадаггүй. Тийм дэг, соёл ховор. Ийм үйлдэл хийвэл Үндсэн хуулийн зөрчил болно. Цэц дээр унана. Хэрвээ УИХ-ыг тараах тогтоол Цэц дээр унавал төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэг болно. Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан намыг Дээд шүүх татан буулгах эрхтэй.  Энэ бол эрсдэл, улс төрийн далим, бас сонгуулийн өгөөш.

Хоёр

Намын дарга У.Хүрэлсүхийн өндөр рейтингтэй энэ үеийг ашиглана гэдэг бас өрөөсгөл. Дутуу л тооцоо. У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байж магад. Рейтингийн хэдэн хувь нь хөөс болохыг тооцоход хэцүү. Харин У.Хүрэлсүхийн рейтингийн дийлэнх нь Монгол Улсын Ерөнхий сайдынх болохоос, МАН-ын даргынх биш гэдгийг салгаж харахад амархан л баймаар. Намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд гэх үг, ойлголт улс төрд  бий нь бий. Харин Ерөнхий сайдын рейтингийн тал нь засаглаж байгаа намынх гэх ойлголт байдаггүй. Намын даргын рейтингийн тал нь намын нэр хүнд гэсэн урвуу ойлголт ч байхгүй. Намаасаа өндөр рейтингтэй намын дарга парламентын ардчилалд бараг байхгүй. Тэр тусмаа манайх шиг сонгуулийн зуун хувь мажаритор буюу парламентын бүх гишүүнээ жижиг тойргоос сонгодог тогтолцоотой улсад намын даргын рейтинг бүх тойрогт  очиж наалдахгүй. Сонгогчид тойргийн нэр дэвшигчийнхээ төлөө санал өгөхөөс биш, түүнийг нэр дэвшүүлсэн намын даргын төлөө давхар санал өгдөггүй. Нэр дэвшигчийнх нь намын дарга өнөөх өндөр рейтингтэй У.Хүрэлсүх гэж ч тооцдоггүй. 2004 онд МАХН-ын дарга Н.Энхбаярын рейтинг өндөр гээд л түүний овгийг Самбарын болготол самбар өлгөсөн. Гэвч УИХ-ын 72 суудлаа 36 болгож ялагдсан. Товчхондоо ээлжит бус сонгууль  хийлээ ч, У.Хүрэлсүхэд өндөр рейтинг байгаа бол тэр нь МАН-ын нэр дэвшигч болгоны тойрогт хамт очихгүй.

Гурав

Хамгийн чухал нь энэ хэсэг. Хэрвээ УИХ хуулийн хүрээнд тараад үнэхээр ээлжит бус сонгууль болоод, ирц хүрдэгсэн бол МАН-д аль ч талаараа ашигтай. Гэтэл хамгийн гол нь ээлжит сонгуулийн ирц хүрэхгүй, хүргэхгүй байх магадлал өндөр. УИХ тарсан хойно ээлжит бус сонгуулийн ирц хүрэхгүй бол яах вэ. Эндээс улс оронд ойлгомжгүй байдал, төрд хямралын эх тавигдаж Онцгой байдал тогтоохдоо хүрвэл яах вэ. Энэ тохиолдолд цаашхийг МАН мэдэхгүй, эрх мэдэл парламентын хяналтаас ч гарна. МАН-д ашигтай гэж зүтгүүлсэн хувилбар нь замын дунд төөрч Монголд хохиролтой тусвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Ер нь хуулийн дээр улс төрийг, улс төрийн эрх ашгийг тавьбал эмх замбараагүй байдал, эсвэл завхрал үүсдэг нь бараг жам. Олон орны өнгөрсөн жилүүдийн өнгөт хувьсгалууд ингэж л эхэлсэн байдаг.   

Эцэст нь,

УИХ-ын сонгуулийг наашлуулж ээлжит бусаар хийх нь хэдхэн хүний л санаа байх. Хардаж хэлбэл, Ерөнхийлөгч болон ЖДҮ-чин зарим гишүүний л сонирхол. ЖДҮ-д холбогдсон гишүүд УИХ-ыг чадамжгүй гэх нь шалтаг. Шалтгаан нь ердөө ахин нэр дэвших эрх. Ерөнхийлөгчийн Тамгын дарга З.Энхболд ЖДҮ-д холбогдсон 40 гишүүн бий гэж мэдэгдсэн. Хэрэг нь шүүхэд шилжсэн 11 хүний нэр хэвлэлээр гарсан. Тэд дахин нэр дэвшихийн тулд, дэвшдэггүй юмаа гэхэд хуулийн байгууллагын хаалга татахгүй гэх болзол дор гарын үсгээ борлуулж буй л улс төр. УИХ-ыг тарахгүй, ээлжит бус сонгууль болохгүй бол ЖДҮ-чин гишүүдийн УИХ-д ахин нэр дэвших мандат холдоно. Иймд зарим ЖДҮ-чин гишүүн "Тойргоо усалчихсан, нам нэр дэвшүүлэхгүй бол бие даана” гэж хэлсэн сурагтай.

Ерөнхийлөгчийн хувьд ч ээлжит бус сонгууль гэдэг нь шалтаг. Шалтгаан нь парламент, Засгийн газар хямрах тусам Ерөнхийлөгч тодорно, түүний улс төр үнэ цэнэтэй болно. Гар тавьж тангараг өргөсөн Үндсэн хуулийнхаа эсрэг, засаглалын хэлбэрийг асуух албан ёсны саналаа  дэмжүүлэх улс төрийн далим, таатай боломж гарч ирнэ. Наад зах нь шүү.

Ээлжит бус сонгууль явуулах сул үг, сул улс төрөөсөө болж МАН одоо улам хүнд байдалд оров. Юу үнэн гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт дангаараа явахад ард нийтийн санал асуулгын ирц хүргэхгүй нь үнэн. Гэтэл чуулганы хуралдааны ирцийг нэмсэн, "давхар дээл”-ийг хязгаарласан, Засгийн газрын тогтвортой байдал дээшлүүлсэн зэрэг зарим эерэг өөрчлөлтийг чамлахаар чанга атгах хэрэгтэй байдаг. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтөө унагахгүйн тулд Ард нийтинй санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт хийх нь хамгийн зөв. Бараг л өөр гарцгүй. Харин эээлжит, эсвэл  ээлжит бус сонгууль уу?

Сургаар, МАН-ынхан эргэж буцсандаа бүр будилж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэцүүлгээ хийх бололтой. Энэ нь Ард нийтээс асуухгүй гэсэн үг.  Муу л хувилбар. УИХ-д тийм эрхтэй ч, ард түмнээс асуугаагүй Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй. "Дордохын долоо” гэдэг шиг цаашдаа муу нэр, улс төрийн хэрүүлийн л сэдэв, далим л болно. МАН-ынхны бас л дутуу тооцоо. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа гээд Ерөнхийлөгчийн улс төр дуусахгүй, зогсохгүй. Тэгээд ч Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулахад хориг тавиагүй. Хэрвээ гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, ард нийтээс асуухгүйгээр баталбал Ерөнхийлөгчийн дараагийн хориг нь "Ард түмнээс асуусангүй” гэж ирнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь хууль учраас Ерөнхийлөгчид тийм эрх бий. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд  МАН-ын өмнө одоо Ард нийтийн санал асуулга явуулах, явуулахгүйгээр УИХ батлах гэсэн хоёр муу хувилбар байна. Хамгийн хор багатайг сонгож таарна. Харин Монголдоо юу, МАН даа юу?

Г.Отгонбаяр

Эх сурвалж: Itoim.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!