Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

🕔 2019/09/20 13:15

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудын хийсэн шалгалтын хүрээнд 87 хүнд мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг тодруулах шинжилгээ хийхэд 24 нь хар тамхи татсан нь тогтоогдсоноос үзвэл Монгол оронд хар тамхины аюул хойморт "тухалсан” гэдгийг илтгэнэ. Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дахь "Үйлдвэр”, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Дурсамж” гэх шөнийн цэнгээний хоёр газарт шалгалт хийхэд 21-45 настай 24 хүний тав нь биедээ НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хар тамхи авч явсан байна.

Ийнхүү хаяанд бус, хойморт тухалчихаад байгаа аюулын эсрэг хууль сахиулах байгууллагынхан эрчимтэй тэмцэж байгаа ч Монгол Улсын Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа оноох ялыг хэт багасгасан нь хар тамхины хэрэгт холбогдсон үр хүүхдээ эрүүгийн хариуцлагаас мултлах гэсэн улстөрчдийн хийсэн ажил гэж үзэхэд хэтийдсэн болохгүй. Үүнээс болж хар тамхичид, түүнийг наймаалагчид даврах болсны илрэл нь ганцхан шөнийн шалгалтын дээрх үр дүн билээ. Монгол орны ирээдүй хойч болсон залуусыг мансуурлын аюулаас аврахын төлөө нэг хэсэг нь нойр хоолоо умартан ажиллаж байхад олон нийтийн сүлжээнд олон дагагчтай гэх "Comedy lab” клубийн захирал сэтэртэй Д.Амартүвшин гэгч эр цахим орчинд залуусыг буруу зүйлд уриалж байгаа нь гэмт хэрэг биш гэж үү. Магадгүй өөрөө, эсвэл ах дүү, садан төрлийнхөн нь "өвс сордог” болохоор "Өвсийг зөвшөөрөөч ээ” гэсэн пост бичих болов уу.

Түүний зөвшөөрүүлэх гээд байгаа өвс нь даамжраад үр хүүхдэд нь нөлөөлдөг болохын цагт халаглаад сууж байх вий дээ, Д.Амартүвшин гэгч. Түүнийг шалгахад буруудахгүй л болов уу.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд уржигдар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "2019 оны есдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгуулсан. Үүнийг 2018 оны есдүгээр сартай харьцуулахад 32.2 хувиар өссөн байна. Холбогдогчдын тоо ч 21.9 хувиар нэмэгдсэн. 2019 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насныхан. 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийнх. 2019 оны III улирлын байдлаар гэмт хэрэгт холбогдcон 330 хүний 47 буюу 14.2 хувь нь давтан хэрэг зөрчил үйлджээ” хэмээн мэдээлсэн. Гурван сая хүрэхгүй хүн амтай манайхан хэн нэгний саналаар мансууруулах бодисыг зөвшөөрөх хэмжээнд очоогүйг дээрх тоо баримт илэрхийлнэ.

МОНГОЛЧУУД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭСРЭГ ХАТУУ БОДЛОГО БАРЬЖ БАЙСАН БАРИМТ БИЙ

Монголчууд эрт үеэс л хар тамхи, мансууруулах бодисын эсрэг хатуу бодлого баримталж, түүгээр зогсохгүй зэвсгийн хүчээр дарж явсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байна.

Ассасинчууд хэмээх гашиш хэрэглэж мансуурдаг, лалын шашны нэг урсгалыг шүтэн биширдэг бүлэг Их Монгол Улсын байлдан дагууллын үед Каспийн тэнгис, Иран, Ирак, Сири, Ливаны нутгийг дамнан оршиж байжээ. Тэднийг тухайн үед европынхон Уулын өвгөд гэж нэрлэдэг байжээ. Тэднийг XIII зууны үед Их Монгол Улсын Мөнхийн дүү Хүлэгү Персийг дайлаар мордон эзэлж аваад, ассасинчуудын амьдарч байсан хот, балгадыг газартай тэгшилж, ууланд байсан цайзуудыг нь ч устгаж бүрэн дарж байсан түүх бий. Түүнээс хойших үе буюу Манжийн дарлалд байхдаа Америк, Францын талаас Хятадын нутаг дэвсгэр лүү чөлөөтэй нэвтрүүлж, хооронд нь дайтуулж байсан явдлыг таслах зогсоохын тулд явуулсан хар тамхины эсрэг дайндаа ар, өвөр Монголоос цэрэг дайчилж тэмцэж байсан баримт байна. Богд хаант Монгол Улсын үед ч, Ардын хувьсгал ялсны дараах жилүүдэд ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой үйлдэлд хатуу хариуцлага тооцдог байсан бөгөөд 1961 оны Эрүүгийн хуулиас энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүст ногдох цаазаар авах ялыг хасаж, хорих ял эдлүүлэх хугацааг нэмжээ.

2002 онд баталсан Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнд дээд тал нь 10-15 жил хорих ял шийтгэх заалттай байсан бол 2017 оноос мөрдөж буй хуульд үүнийг 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь мансуурагчид, тэднийг уруу татагчдын толгойг илсэн арга, хэлбэр биш гэж үү.

Б.ХУЛАН, Б.ХАЛИУН НАР ТӨРСӨН ДҮҮГЭЭ КАЗАХСТАНЫ ЦАГДААГИЙНХАНД БАРЬЖ ӨГЧ БАЙВ

Хар тамхи, мансууруулах бодисын наймаачид хууль бус ажлаасаа жилд 100 гаруй тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн дэлхийн хэмжээний судалгаа байдаг. Энэ нь ашиг орлогынхоо хэмжээгээр зэвсгийн наймааны дараа ордог гэсэн үг. Монголчуудын хувьд цагаан тахалын хэрэглэгч нь ч, зөөж тээвэрлэгч, бэлтгэгч нь ч болсон. Зөөж тээвэрлэн, эх орноороо дамжуулсан хар тамхины 30 хувь нь тухайн улсад үлддэг гэсэн судалгааны дүн байдаг. Тэр үлдэгдэл бодис өнөөдөр монгол залуусыг ийм олноор мансуурлын далайд живэхэд хүргэж байгаа гэхэд ч хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө үндэстэн дамнасан, зохион байгуулалттай энэ төрлийн хэрэгт олон монгол хүн холбогдож, хугацаагүй хорихоос цаазаар авах ял хүртэл сонссон нь бий. Эх орон нэгтнүүдээ золиослон хар тамхины аюулд үндэстнээ ч нэрвэгдүүлж буй хүмүүсийн гол төлөөлөл нь Б.Хулан, Б.Халиун гэх эгч дүү хоёр.

Манай иргэдийн Зүүн өмнөд Азийн орнууд руу визгүй зорчих боломжтой, гэнэн итгэмтгий, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй зэрэг сул талыг тэд ашиглан хар тамхи тээвэрлүүлдэг байсан. Түүгээр ч зогсохгүй төрсөн дүүгээ, эхнэрийнх нь хамтаар мансууруулах бодис зөөлгөж, Казахстаны шоронд хатаасан тэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэхэд ч хэтрүүлсэн болохгүй биз. Тодруулбал, төрсөн дүүгээ, эхнэрийнх нь хамт Казахстаны хууль сахиулагчдад баригдахад мөрдөн байцаалтын ажиллагаанд тусалсан үндэслэлээр Б.Хулан эрүүгийн хариуцлагаас мултарч байсан юм билээ. Алматы хотын нисэх буудалд 2008 оны есдүгээр сарын 9-нд Б.Хуланг дүү, бэрийнх нь хамт баривчлаад их хэмжээний героин, 23 000 ам.доллар хурааж авсан гэх мэдээлэл бидэнд бий. Мөн Б.Хулангийн нөхөр, гурван хүүхдийнх нь эцэг Ж.Дамдин хоёр гаруй кг залгиж, БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдан, цаазын ял сонсож, дуулиан болж байсан юм. Энэ бүхнээс гадна Б.Хулан, Б.Халиун нарын ээжийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татаж байсан агаад ээж рүүгээ мөнгө шилжүүлж, "золионд” явж буй хүмүүстээ гадаад паспорт гаргуулахад нь дэмжлэг авч байсан гэдэг.

Б.Хулан, Халиун нар эх орон нэгтнүүдээ БНХАУ-ын Гуанжоу, Энэтхэгийн Дели, Малайзын Куала-Лумпурт үйл ажиллагаа явуулдаг Нигерийн гэмт бүлэглэлд элсүүлэн Монгол, Малайз, БНХАУ, БНСУ, Энэтхэг зэрэг орноор дамжуулан хар тамхи тээвэрлүүлж байсан юм.

Дээрх хоёр хүний золионд 30 гаруй хүн өртсөн гэсэн мэдээлэл бий. Харин гадаадад тэдний гар, хөл болж, зараалд явсан 13-15 хүн өмнөд хөршийн хууль сахиулах байгуулла гынханд саатуулагдаж, ял шийтгүүлж, нэг нь амиа алдсан. Тодруулбал, 2010 оны аравдугаар сарын 31-нд БНХАУ-ын Гуандун мужийн Фошань хотын нэг дунд сургуулийн эсрэг талын завины зогсоолоос манай улсын иргэн, 1975 онд төрсөн М-ын цогцсыг олсон юм. БНХАУ-д суугаа манай ЭСЯ-нд тус улсын хууль сахиулах байгууллагаас өгсөн танилцуулгад "Шулуун гэдсэндээ их хэмжээний мансууруулах бодис хийсэн нь задарч шимэгдсэнээс хордож амиа алдсан” гэсэн утгатай зүйл бичсэн байжээ.

Талийгаач өөр гурван хүний хамт аравдугаар сарын 20-нд Буянт-Ухаагийн хилийн боомтоор гарч, "ажил олгогч” нартайгаа уулзан, мансууруулах бодис тээвэрлэж яваад ийн амиа алдсан байдаг. Төрсөн ээж, дүү, бэр, нөхрөө эрүүгийн хэрэгтэн болгосон Б.Хулан, Б.Халиун нарт монголчуудаа харийн шоронд хатааж, амь нас, эрүүл мэндийг нь золиослох нь юу ч биш гэдэг нь ойлгомжтой. Тэдний зараалд явсан 13-14 хүний нэг нь цаазын ял шийтгүүлэн, хоёр жил харгалзахаар болж, улмаар давж заалдсан ч анхан шатны шүүх ялыг нь хэвээр баталсан. Гурван хүн хугацаагүй хорих ял эдэлж байна. 10 монгол 6-15 жил хорих ял шийтгүүлэн БНХАУ-ын хэд хэдэн хорих ангид ялаа эдэлж буй юм билээ. Шийтгэлээ эдэлж дуусан, эх орондоо ирсэн нь ч бий.

Эгч, дүү хоёрын өдүүлсэн хэргийг тоочвол дахиад олон үйлдэл гарах юм билээ. Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг. Элэг нэгтнүүдээ хар тамхины мафийнхны золиос болгосон эгч, дүү хоёр хэзээ нэгэн цагт ял шийтгэл хүлээх нь гарцаагүй. Уг нь Б.Халиуныг Малайзын цагдаагийнхан гэртээ 76 кг орчим героин хадгалсан хэрэгт холбогдуулан баривчилсан ч "Нигери улсын иргэн нөхрөөсөө хүлээж авсан хайрцагтай жимснээс хар тамхи гарч ирсэн” хэмээн мэдүүлж хариуцлагаас мултарсан гэх мэдээлэл бий.

Хар тамхины аюул харанга цохиж, монгол залуус олноороо энэ төрлийн хэрэгт холбогдох болсны нэг буруутан нь эх орон нэгтнүүдээ харийн мафийн зараалд явуулдаг дээрх эгч дүүс шиг хэд хэдэн бүлгийнхэн. Тийм хүмүүс хэзээ нэгэн цагт эх орондоо ирэхэд нь хууль сахиулагчид хариуцлага хүлээлгэх биз ээ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!