Попордоно, попордоно гэхэд дэнджээ

🕔 2019/07/09 11:15

Нийгмийн аль ч салбарт гарч байгаа өөрчлөлтийг дагаад шинэ хэллэг, хэлц үг шинээр бий болж байдаг л даа. Тэр дотор өнөөгийн улс төрд популизмдах буюу "попордох”  гэсэн үг нэмэгдэж үүнийг өөрийхөө үнэн нүүр царайг харуулах зэвсэг болгогчид цөөнгүй болоод байна.

Попордох гэдэг нь монголчилбол  дэмий чалчих гэсэн утгатай үг юмсан уу. Мөн их бурж байна даа ч гэх бий.

Тийм хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнөөс мөн. Тэр чуулганы танхимд "баатар болох” гэсэн мэт аягладаг. Хэлэлцэж байгаа  асуудлыг мартсан шиг л заавал хэн нэгнийг муулах гэхдээ намайг,  миний нүдийг хараад чанга дууг минь сонсоорой гэсэнтэй адил яг л эсэргүүцлийн цуглаан дээр цагаан хоолой бариад хашгирч байгаа шигээ чалчиж өгнө дөө.

Тэгж онцгойрох гэсээр байгаад АН-ын гишүүнчлэлээс хасагдсан. Тэгээд ч попролт нь багасаагүй улам дэвэрсэн шиг байгаа юм.

Яагаад тэр улам чалчих болсон бэ гэвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг шалгах хэсгийг ахлах болсон явдал бүр ч дайран дээр давс гэгч л болов.

Бүр давраад энд тэндхийн эрээвэр хураавар эвсэл, хөдөлгөөнийхнийг нэгтгэж нам байгууллаа гэж зарлаад амжсан. Тэгээд л Болдтой дөрөө харшуулаад хөдөө яваад попордох өвчин нь улам сэдрээд байгаа. Уг нь Л.Болдыг бол УИХ-ын улаан зандан ширээнд хэдэн жил суучихсан бас нэг биш удаа сайдын сэтэртэй ч явсан гайгүй улс төрч гэж олон түмэн үнэлдэг байсан. Тэгтэл мань хүн Ж.Батзандантай хоршин дэмий чалчих нь ихэдсээр "салхи” гэдэг хоч хүртэл зүүчихсэн явналээ. Үнэндээ ч тэгсэн гэнэ лээ, ингэсэн гэнэлээ гэж ярьсаар байгаад өөрийгөө үнэгүйдүүлж байгаа юм тэр.

Ж.Батзандан бол популизмын гол төлөөлөгч гэдгээрээ бараг өрсөлдөгчгүй болжээ.  Саявтар Баян-Өлгий аймагт очиж казах түмэнтэй уулзахдаа

-Би казах түмний түүхийг үргэлж боддог. Яагаад гэхээр Баян-Өлгий аймгийг, энэ сайхан нутгийг Х.Чойбалсан гуай Оспан баатартай уулзахдаа баруун хязгаарыг хамгаалаарай гэж хэлсэн. Оспан баатар байгаагүй бол Монголын баруун нутаг магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн  энэ нутгийг авч үлдэж чадсан шүү. Та бүхнээрээ бахархаж байна гэх зэргээр чалчиж өгөв дөө.

Цааш нь бүр хадуурахдаа –Миний казах ард түмэн МАН-ын бүлэглэлийн харалган бодлогыг үл тоож хоёр ард түмнийхээ хамтын ажиллагаа, эв найрамдлын төлөө үргэлж зогсоорой Батзандантайгаа хамт байгаарай гэжээ. Түүний үгнээс юуны өмнө Оспан гэж нэг баатар хүн байдаг юм байна. Тэр хүн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан юм байна гэж л ойлгогдохоор юм. Тэр баатар хэнтэй тэмцэж баатар болсон юм бэ? Энэ тухай аль нэг ном хэвлэлд бичсэн юм байхгүй, түүхчдийн хэлсэн үг бүтээлд ч алга.

Түүхийг ингэж зохиож дэмий чалчиж болдог юм уу эрхэм гишүүнээ. Попроно, попроно гэхэд арай ч дэндэж байгаа юм бишүү. Төрийн зүтгэлтэн хүнд оролцдоггүй ажил, хэлдэггүй үг гэж байдаг даа. Гэтэл Монголын түүхийг шал худлаа тайлбарлаж казах, монгол түмний хооронд яс хаях санаагаа гүйцэлдүүлж байгаа юм шиг сагсуурав Та. Тэгтэл бас эрх тэгш оршин тогтнож амьдарч яваа монголчуудыг хагалган бутаргах гэсэн юм шиг үйлдэлдээ эмзэглэхгүй.

-Би казахуудад зориулж хэлсэн юм гэсэн тайлбар хэлж сууна гэх чинь билээ. Ёстой буйр суурьгүй хүний шинж энэ л дээ.

Монголчууд хэдийгээр нүүдэлчин угсаатай ч Ж.Батзандан чиний бодлоор голтой толгойгоо дагаад бэлчиж явдаг мал шигээ биш шүү дээ. Буруу зөвийг ялгах, тархи, зүрхтэй, ард түмэн. Тэр дотроо бид хэн бэ? Бидний дайсан хэн байсан бэ? гэдгийг ч судлаад мэдчихсэн. Баатар хөвгүүдээ ч танина,  мэднэ. Ж.Батзандангийн хэлснээр бол казах түмнийг нэгэн цаг үед түйвээсэн Оспан гэдэг хүн баатар юм бол түүний эсрэг тэмцсэн Байтаг Богдын хэдэн баатар хөвгүүд дайсан болж таарах нээ дээ. Ийм солиорол гэж ер нь байх уу даа.

Энэ хүн ер нь олон түмнийхээ эв нэгдлийг хагалган бутаргах гэсэн санаатай биш биз гэж ч бодогдох.

Тэр нэр нь үл мэдэгдэх, гишүүнчлэлгүй нам байгууллаа гэж хөөрцөглөсөн нь чухамдаа Монголыг хэсэглэн хуваах алсын зорилготой юм биш биз гэсэн болгоомжлол ч бас төрж байна. Иймээс Ж.Батзандангаас хол яв гэж захимаар. Бас зарим нийтлэлчид түүнийг казах түмнээс, Монголын баатар хөвгүүдийн үр ач нараас, түүхчдээс уучлал гуй гэжээ.

Тэгвэл уучлал гуйх багадна. Ийм тэнэг үг хэлдэг улс төрчтэй, түшээтэй баймааргүйн учир түүнийг УИХ-ын гишүүнээс буцаан татах нь зөв юм. Өнгөрсөн хавар Японы нэг залуу парламентч Курилын аралд очихдоо тэр нутгийн нэгэн айлд зочлуулж халамцахдаа "Энэ арлуудыг ЗХУ-аас авъя гэх юм бол дайтаж байж авах ёстой” гэсэн утгатай үг хэлээд яаж баалууллаа даа. Ер нь гадаад оронд томоохон зүтгэлтэн хүн улс төрийн талаар яльгүй алдаатай үг хэлснийхээ төлөө сандал суудлаасаа шуудхан огцордог жишиг бий шүү дээ. Гэтэл манайхан дэмий балай ярьчихаад "УИХ-ын гишүүн хүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн бамбайгаа нүүрэндээ барьчихаад суучихна. Ичнэ, зовно ч гэж байхгүй.

Тэгээд энэ попорно гэдэг бас халдвартай болж магад. Одоо АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай ч тэр жил поошигтой, помидортой жагсаал хийж явахдаа Ж.Батзандантай цуг чалчих өвчний халдвар авсан шиг байгаа юм.

Уул нь гүнзгийн өвчилсөнгүй халдвар нь арилж дээ гэж байтал тэр саяхан нэг мэдэгдэлдээ

-Манай улсад ирэх жуулчдын 20 гаруй хувь нь монголд тэмбүү өвчин дэлгэрч гээд хүсэлтээ цуцалжээ. Энэ нь нэг жуулчин 1000 ам доллар монголд оруулах ёстой гэж үзвэл 40 гаруй сая ам доллар алдлаа гэж попорчээ.

Үүнийг улс нь тэмбүүгээр дүүрсэн учир монгол хүүхэнтэй унтах гэсэн жуулчид очихоо больжээ гэж гадаадын хэвлэлээр шуугисан байхдаа гэж бодохоос яс хавтайх шиг.

Ийм бодлогогүй улс орныхоо нэр нүүрийг хөөгдсөн юм гэж байх уу даа.

Бас попорчдын гол төлөөлөл гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нэрлэхэд алдаа биш байх. Тэр мэддэггүй ч мэддэг дүр үзүүлж худлаа бурахын төлөө төрсөн юм шиг байдаг хүн.

Сүүлийн үед тэр "би бол шилдэг хуульч” гэж их олон удаа хэлэх боллоо.  Өөрийгөө л их магтах юм.

Бүр Монголын парламентийн хэдэн хуучин хаширууд болох Ц.Нямдорж, Сү.Батболд, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарыг саяхан нэгэн ярилцлагадаа хулгайч гээд зарлачихав. Тэд нь О.Баасанхүүтэй заргалдахгүй л байх шиг. Бодоход өөрөө шилдэг хуульч юм болохоор тэднийг хулгай хийж байхад нь гардчихсан юм болов уу. Би л лав хэн нэгний үзэг, дэвтэр ч юм уу ойр зуурын зүйлийг хулгайлаагүй байхад чи хулгайч гэж намайг хэлбэл уур хүрч чадах ядахаараа эсэргүүцэж таарна.

Гэтэл нөхөд О.Баасанхүүгийн үгийг тоохгүйдээ ч юм уу чив чимээгүй л. Ер нь популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун болчимгүй нимгэн хөрс суурьтай хийрхэл юм. Энэ хийрхэл араасаа утопи буюу үл гүйцэлдэх үзлийг ямагт дагуулдаг. Тиймээс тэр попордох гэдэг нь Монголд тус болохгүй ээ. Харин гай болно гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна.

Нийгэм өөрчлөгдөж шилжилтийн үедээ яваа гэж ярьдаг. Тэгэхээр шилжилт гэдэг нь их баялагтай эдийн засаг, энэ олон барилга, тэр олон машин тэрэг биш л дээ. Хүн нь хэрхэн өөрчлөгдөхийг шилжилтийн амин сүнс гэж болно. Тэр дотор улс төрчид шинэ болох явдал. Гэтэл тийм биш. Өөдгүйчүүл улс төрч болж жүжиглээд, улам их мэдлэгтэй болох гэж дэмий чалчаад л. 

Энэ буруу шилжилт ямар нэг цэгт хүрэх ёстой гэвэл уналтын хар нүхэнд ойчих вий гэсэн болгоомжлол нь төрөх юм даа.

Ц.Жаргалсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!