Өнгөрсөн 27 жилийн ялыг ардчилсан үндсэн хуульд маань үүрүүлдэг байна шүү

🕔 2019/06/28 11:09

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд өнгөрсөн 27 жилийн ажилгүйдэл, Засгийн газар удаа дараалан солигдож ирсэн зэргийг Үндсэн хуулиас болсон гэж ярьцгаах юм. Энэ бүхний гол буруутан нь Үндсэн хууль бололтой, тэднийхээр. "Ийм муу Үндсэн хуультай учир сайжруулах гэж байна” гэцгээж байна. Харин Л.Болд гишүүн л Үндсэн хуулийг өмөөрч "Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн эсэргүүцэж байгаа. Энэ өөрчлөлтийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Үндсэн хууль гэдэг бүхэл бүтэн тогтолцоо, амьд организм. Үндсэн хууль шинээр төрж, улс оронтойгоо хамт хөгждөг зүйл. Нэг нам ерөөсөө Үндсэн хуульд гар хүрч болохгүй. МАН хоёр бүлэглэл болчихсон. Ийм байхад Үндсэн хуульд халдаж болохгүй. Нийт ард иргэдийн санал асуулгаар өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэхээр эд нарын хүссэн Үндсэн хууль батлагдахгүй учраас айсандаа парламентын хуйвалдаан хийх гэж байна. Өөрөөр хэлбэл дордуулсан долоог 20 болгох гэж байна. Тиймээс үүний эсрэг хатуу тэмцэх ёстой” гэж үнэнийг хэлж байгаа харагдлаа. Түүнээс бусад нь бүгд Үндсэн хуулиа газар дор ортол нь муулж сууна. Гэтэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд болж бүтээгүй юм болгон Үндсэн хуулиас болоогүй. Манай Үндсэн хууль бол сайн хууль. Монголчуудад боломж гаргаж өгсөн хууль. Өмчтэй болгосон, Ардчилал, эрх, эрх чөлөө олгож, хаана амьдрахаа иргэн хүн өөрөө сонгодог болсон. Үзэл бодлоо илэрхийлэх, шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь өгсөн. Товчхондоо хувь хүн өөрөө амьдралаа толгой мэдэн авч явахад хариуцлагыг нь хүлээлгэсэн хууль шүү. Үүний үр дүнд 1990 оноос хойш Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17 хувиар өсч түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрч байлаа. Өнөө жил эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрнэ хэмээн таамаглаад буй. Өмнө нь огт байгаагүй хувийн хэвшлийн салбар бий болж өнөөдөр гэхэд л Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлж байх жишээний.

Үндсэн хуулийг маш ихээр баалж, муулж буй нэг юм байна. Үе үеийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дунджаар 1.8 жил байсан бөгөөд 2000 оноос хойш арав гаруй Засгийн газрын нүүрийг үзэж, 300-гаад сайд гэх хүмүүс төрийн толгойд байсныг ярьцгааж байна. Засгийн газар тогтвортой байгаагүй нь Үндсэн хуулиас болоогүй гэдгийг бид мэднэ ээ. Монгол Улсын сүүлийн 30-аад жилийн түүх бидэнд хадгалаатай байдаг. Бүх үйл явдалд нь Монголын хэвлэл мэдээллийнхэн оролцож явсан. Засгийн газар байн байн солигдож, унаад байсан нь Үндсэн хуулиас болж уу, үгүй юу гэдгийг түүх сөхөхөд л мэднэ. Засгийн газар хэзээнээс, яаж огцорч эхэлснийг эргэн саная л даа.

1996 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Засгийн газраа байгуулав. Ардчилсан намын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж байсан үе. Тэрээр тус сонгуулиар Баянхонгорт өрсөлдөн УИХ-д сонгогдсон түүхтэй. Баянхонгорт ялалт байгуулчихаад ганц, хоёр хоногийн дараа Улаанбаатарт ирэхэд нь тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат М.Энхсайхантай аль хэдийнэ үгсэж тохироод шинэ Засгийн газрын тэргүүнээр М.Энхсайханыг томилохоор тогтчихсон байсан. Ингээд М.Энхсайханы Засгийн газар гарч ирэнгүүт Ц.Элбэгдорж "Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэж гүйсээр байгаад М.Энхсайханыг унагасан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар бүрэлдээд нэг их удаагүй байтал М.Энхсайхан өөрийнх нь засгийг унагасан хонзонгоо авах гэж Ардчилсан нам дотроо "Хөдөөгийн 13” гэж бүлэг байгуулаад сөрөг намтайгаа хавсраад Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг хялбархан буулгачихсан. Ингээд оронд нь Ж.Наранцацралтын Засгийн газрыг байгуулав. Энэ Засгийн газар ч урт наслаагүй. Өмнөх хоёр Засгийн газарт хашиж байсан албан тушаалаа алдсандаа хонзогносон Соцдекүүд "Эрдэнэтийг Орост өгөх гэж байна” гэсэн утгатай "Эрдэнэтийн захиа” гэх хуурамч захиа гаргаж ирж шуугиан дэгдээж Ж.Наранцацралтын тэргүүлж байсан засгийг унагав. Энэ хуурамч захианы хэрэгт Соцдекүүд болон тухайн үеийн нэр бүхий гишүүд гар бие оролцож, идэвхийлэн хөөцөлдөж явсан даг. Одоо ч тэд улс төрд байж л байна. Үүний дараа Р.Амаржаргалын Засгийн газар бүрэлдсэн ч 2000 оны сонгуулиар буусан. Тэр сонгуулийн өмнө сонгуулиар гарч ирэх дараагийн намын дарга Н.Энхбаярт Ардчилсан намынхан ялаагүй байхад нь ялна гэж долигонож, түүнд зориулж Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт хийсэн билээ. Уг өөрчлөлтийн хоёр, гуравдугаарх өөрчлөлт нь асар их хор хохирол дагуулсан гэдэгтэй хэн бүхэн санал нэгддэг.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн бол Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д "УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг "УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь "давхар дээл”-ийн асуудлыг бий болгосон. Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг Н.Энхбаярт зулгуйдаж ийнхүү хийсэн бөгөөд үүн дотроос огцруулах саналыг ил өгүүлдэг болсон нь маш том ухралт болсон юм. АН-ынхан зулгуйдсандаа, Н.Энхбаярыг огцруулчихаж магадгүй гэсэндээ, шил шилээ даран унаж, унагаж байсан үе үеийн Засгийн газрынхаа гашуун түүхээс сургамж авсандаа Үндсэн хуульдаа гар хүрсэн. Энэ нь ардчиллаас ухарсан маш том ухралт байсан юм. Үндсэн хуульд ийм өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүн аль нэг бүлэглэлийн гарт атгуулах эхлэл нь тавигдсан. "Чамайг ямар санал өгч байгааг харж байгаа шүү”, "Саналаа өгөхгүй байгаад үзээрэй. Чиний бизнес, карьертай чинь ярина шүү” гэж дарамталж "Дахиж нэр дэвшүүлэхгүй шүү” гэж сүрдүүлэн хүссэн зүгтээ дураараа залдаг болсонд хамаг учир байгаа юм. Ингэж парламент намын гарт орсон юм. Ингээд яахав үнэхээр АН-ынхны харснаар Н.Энхбаярын Засгийн газар бий болж, дөрвөн жил болоод дараагийн сонгуультай золгосон. 2004 онд МАН (МАХН), АН нийлж "Бүдүүн 62”-ын бүлэг гэж Эвслийн Засгийн газар байгуулж Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон ч 2006 онд Эвслийн Засгийн газрын сэнтий М.Энхболдод шилжсэн юм. М.Энхболдын хувьд намын дарга болчихоод намынхаа бүлгийн явцуу эрх ашгийг хангаж, Ерөнхий сайд хийх гэсэн хувийн амбицаараа Эвслийн Засгийн газрыг огцроход хамаг хүчээ чиглүүлсэн. Ингэхдээ хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй, зүгээр л Ерөнхий сайд болж хүчээ гайхуулж харуулах, засаг төрд гарч хувь болон намынхаа эрх ашгийг бий болгохын тулд урьд нь тохиролцсон Эвслийн Засгийн газрыг байхгүй болгочихсон хэрэг. Тэгж байтал М.Энхболдыг С.Баяр огцруулчихсан. Мөн л хувийн хүсэл шуналаар Оюу толгой зэрэг томоохон орд, уурхай, төслийг хөдөлгөж, дундаас нь хонжоо хайх гэсэн сэдлээр. Дундаас нь өөртөө болон өөрийнхөө бүлэгт юм унагаж, ашиг хайх гэсэн чин зорилго, хүсэлтэй байсан. Тэрээр олонхын дэмжлэг авч МАХН-ын дарга болонгуутаа "Эрх мэдлийг өгсөн шиг өг, хариуцлагыг ч үүрье” гээд Ерөнхий сайдын албыг хашсан. Гэвч тэрээр зорьж байсан хүслээ биелүүлчихээд 2009 оны аравдугаар сард эмчлүүлнэ гэсэн нэрээр Ерөнхий сайдын албаа өөрийн хүсэлтээр Сү.Батболдод өгчихөөд гадаад руу зугтаачихсан. Тэгээд яахав Сү.Батболдын Засгийн газар сонгуулиар унасан. Дараагийн Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг суусан. Гэсэн ч Ц.Элбэгдорж Таван толгой, Эрдэнэтийг луйвардаж авахын тулд тухайн үеийн Засгийн газрыг унагасан гэж тэргүүнээр нь ажиллаж байсан Н.Алтанхуяг өөрөө ярьдаг. Н.Алтанхуягийн дараа Ц.Элбэгдоржийн гарын хүн болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож, Эрдэнэтийг худалдаж авсан. Удаа ч үгүй Ч.Сайханбилэг сонгуулиар унаж Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдав. Тэгж байтал 60 тэрбумын асуудал нийгэмд шуугиан тарьж, МАН дотроо хоёр тал болж, 60 тэрбумынхыг Засгийн толгойгоос буулгая гэдэг нэрийн дор У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болох гэж намынхныхаа байгуулсан Засгийн газрыг унагасныг бүгд мэдэж байгаа.

Энэ бүхнээс Засгийн газар байгуулагдангуутаа л унаад байсан нь Үндсэн хуультай огтоос хамаагүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Ерөөсөө л улстөрчдийн хувийн өс хонзон, хувь хүний ааш аяг, шунал, өлөн ховдог зангаас болж үе үеийн Засгийн газар унаж, түүнийг дагаж улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг унаж босч иржээ.

Хэрвээ Засгийн газрын гишүүд, ард түмнээ төлөөлөн УИХ-ын танхимд сууж байсан гишүүд тулхтайхан шиг, хүн шиг хүн байж, төрийн түшээ шиг түшээ байсан сан бол энэ олон үйл явдал өрнөж, Засгийн газар тийм амар ганхахгүй байх байлаа. "Өө, больцгоо. Хоёрдугаар ээлжийнхэн л хоолондоо орно гэж байгаа ш дээ. Яах гэсэн юм бэ. Жинхэнэдээ бол наадах чинь улс оронд ямар ч ашиг өгөхгүй ш дээ” гэж хэлээд засаг унагах ажлыг дэмжихгүй сууж байсан бол энэ бүх огцролт, энэ бүх юм болохгүй байсан.

Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүд "Баян, хоосны ялгаа их болсон” гэх утгатай үг амнаасаа их унагацгаах боллоо. Манай Үндсэн хууль хөдөлмөрлөсөн хүн яаж ч баяжихыг зөвшөөрдөг, залхуурч хэвтсэн нь ч хоосон хонохыг зөвшөөрдөг хууль. Ажилтай нь баяж, ажилгүй нь ажилтайдаа ажилла гэсэн хүний нийгмийн үндсэн философитой. Баян, хоосны ялгаа гарлаа гэж наанаа орилоод байгаа энэ гишүүд тийм их санаа нь чилж байгаа бол ард түмэндээ цаанаа хураасан өөрсдийнхөө юмыг хуваагаад өгчих л дөө. Бид тэгш нийгэм байгуулна гээгүй, Үндсэн хуулиараа. Уул уурхайг дагасан элдэв асуудал хөндөгдөж, төрийн өмчийн асуудал яригдаж байна. Улстөрчид дагалдах зүсэн зүйлийн хэрэгтэй, хэрэггүй хууль гаргаж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлснээс л өнөөдөр үүсээд байгаа ойлгомжгүй асуудал босоод буй. Түүнээс бус газрын доорх баялаг төрийн өмч гэсэн заалт одоо ч бий. Тийм байтал яагаад энэ бүхэнд Үндсэн хууль буруутай гэж. Яагаад өнгөрсөн 27 жилийн ялаа Үндсэн хуульд үүрүүлж, тохоод өөрсдөө цэвэрхэн гарах гэж зүтгээд байна вэ.

Улс орноо баялагтай, ард түмнийг сайхан амьдруулах нөхцөлийг бий болгосон Үндсэн хууль маань улс төрийн болон эдийн шунал тачаалаа дийлж чаддаггүй, харалган бодолтой улстөрчдийн мунхаг үйлдлийн гол буруутан болж байгаа нь хамгийн гунигтай.

Д.Гансаруул 

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!