Ө.Энхтүвшин: “Стандарт” банкинд 40 сая ам долларыг төлж, Монгол улс одоо ямар ч өргүй боллоо

🕔 2019/04/05 18:29

Шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн нар Стандарт банкны зээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Жаст” группын захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн "Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нийт 160 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлөөгүй. Тиймээс "Стандарт" банк Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд хандсан. Ингээд тус шүүх нийт дөрвөн удаа хэлэлцээд "Эрдэнэт" үйлдвэрээс 85.95 сая ам.доллар нэхэмжилсэн. Учир нь Арбитрын шүүхээс зээлийн батлан даагчаар "Эрдэнэт" үйлдвэр оролцсон гэж үзсэн байна. Ш.Батхүү нь "би хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан" гэж ярьж байгаа ч Арбитрын шүүх дээрх шийдвэрийг гаргасан.

Манай талаас дээрх төлбөрийг төлөхтэй санал нийлэхгүй, 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Английн дээд шүүхэд давж заалдах гэсэн боловч хуулиараа, 51 сая ам.доллароо "Стандарт" банкинд тушаасны дараа давж заалдах шаардлагатай болсон. Тухайн үед энэ мөнгийг төлөх боломж байгаагүй. Үүнтэй зэрэгцээд 2018 оны долоодугаар сарын 6-нд "Стандарт" банк  өөрөө Лондонгийн дээд шүүхэд хандсанаар, Арбитрын шүүхийн шийдвэрээр тогтоосон 41 сая ам.доллар болон хэрэг хянан шийдвэрлэх үед гарсан 476.8 фунт стерлингийн зардлыг "Эрдэнэт" үйлдвэрээр төлүүлэх шийдвэр гарсан. Энэ мөнгийг "Стандарт" банкны дансанд тушаах, эсхүл нэгдүгээр зэрэглэлийн банкны баталгаа гаргуулахыг шаардсан. Эцсийн шийдвэр гарсан тул, манай талаас энэ өрийг төлөхөөс өөр аргагүй болсон.

Ингээд Ерөнхий сайдын захирамжаар, 2018 оны наймдугаар сард энэ өрийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарсан. Миний бие энэ ажлын хэсгийг ахалж, олон хуульч, судлаачдыг хамруулан хэд хэдэн удаа хуралдаж, энэ өрийг төлөхгүй бол Монгол Улсад гарах эрсдэлийг тооцсон. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн гадаад харилцагчдад Арбитрын шүүхээс мэдэгдэл хүргүүлж, гадаад зах зээлийг царцаах арга хэмжээ авч эхэлсэн. Түүнчлэн энэ өрийг гуравдагч этгээдэд зарах, "Эрдэнэт" үйлдвэрийн гадаад хөрөнгийг хураах эрсдэл үүссэн. Тиймээс Монгол Улсад хохирол багатайгаар өрийг дарах нь зүйтэй гэж үзсэн юм.

Тиймээс эхний ээлжинд гадаад асуудлаа цэгцэлж, дараа нь хариуцлага алдсан хүмүүстэй хуулийн дагуу асуудлыг шийдэхээр болсон.  Үүний дараа бид гадаадын зуучлагч компаниар дамжуулж "Стандарт” банктай холбогдож, ноднин наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл удаа дараа яриа, хэлэлцээр хийснээр 40 сая ам.долларыг хүү торгуульгүй төлөхөөр тохиролцсон. Засгийн газраас энэ өрийг яаралтай төлөх үүрэг чиглэлийг Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газар /ТӨХБЗГ/, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагад өгсөн. Энэ дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн зээлийн эрсдэлийн сангаас дээрх төлбөрийг "Стандарт” банкинд шилжүүлсэн. Ингээд нөгөө талаас мөнгөн төлбөр хүлээж авснаар, асуудал шийдэгдсэн тухай хариу мэдэгдсэн” гэв.

Мөн тэрээр, "Гадаад асуудлаа цэгцэлсэн учраас, одоо хуулийн байгууллага буруутай этгээдийг олж, энэ мөнгийг эргүүлэн төлөх болно. Хууль шүүхийн байгууллага шуурхай ажиллах байх гэж бодож байна. Ингээд одоо "Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банктай ямар ч хамааралгүй болсон” гэлээ.

Ж.Чингис

Эх сурвалж: Ord.mn 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!