АН-ыг хэн аргамжих бол...
- АН ногтгүй дэргэж, чөдөргүй тонгочиж байна-
АН нэгдмэл зорилготой нэг нам байж чадахаа өнгөрөв бололтой. Угаасаа ч тийм байгаагүй л дээ. Фракц, бүлэглэлийн зодооноороо магнайлахаас биш, том бодлого дээрээ шийдэлд хүрч чаддаггүй байсан. Тэгвэл одоо УИХ-д бүлэггүй болтлоо зөрчилдөж буй тэмцлийн галыг нь МАН асаачихаад уулын толгой дээрээс хараад сууж байгаатай ялгаагүй юм.
Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулиас урьтан М.Энхболдоос салах гэсэн У.Хүрэлсүхийн тоглолтын давхар дэгээнд АН нэг хөлөө алдаад зогсохгүй давхар ачуулчихлаа.
Анх юу болсон гэхээр Ж.Батзандан, Л.Болд хоёр "дайнд хөөрөв” гэгчээр М.Энхболдыг огцруулах гэсэн Б.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэрүүтэй У.Хүрэлсүхийн цэргүүдийг дагаад сэлэм далайгаад гүйчихсэн. Гэтэл АН-ын том бодлого нь улстөрд удаан чанагдаж сайн мууг элээсэн М.Энхболдыг авч үлдэх кноп байв. Иймээс намын дарга нь эсэргүү хоёртойгоо "дайтаж” шилийг нь татуулсан бол, мань хоёр нь ч мөчөөгөө өгөлгүй тэмцэлдсээр нэг талд намаас хөөх, нөгөө талд шинэ нам байгуулах шийдвэрт хүрээд байна. Уг нь тэгж л байдаг юм гээд орхичихсон бол АН өнөөдөр бүлэгтэйгээ үлдэх байлаа. Нийгэм ч гэсэн Ж.Батзандан тэгж л байдаг юм гээд тоохгүй байх байсан юм. Энэ эврэлцэл дээр юуг ч юутай ч хамаагүй нийлүүлээд наачихдагаараа алдартай Н.Алтанхуяг "Эвийн цавуу”-ны үүрэг гүйцэтгэнэ гэдгээ саяхан зарласан. Энэ нь цаанаа бас учиртай. С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсноос хойш "Нийгмийн даатгалын нам” боллоо гэх нэр хоч байнга яригдах болсон. Лидерүүд нь ч С.Эрдэнэ, Х.Баттулга нартай таарамжгүй байх болсон. Энэ үеэс З.Энхболд, Н.Алтанхуяг нар Х.Баттулгыг бараадсан.
Тэд цаашдаа хэнтэй нийлж, юу хийх бол. Энд одоогоор хариулт алга. АН ногтгүй дэргэж, чөдөргүй тонгочиж байна. МАН үүнийг хараад малийтлаа инээгээд сууж байгаа юм. Хэдий хүртэл инээхийг нь хэн ч таашгүй. Магадгүй АН-ыг аргамжих хэн нэгэн гарч иртэл инээж ч магадгүй.
Х.Маргад