“Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал эрдэнэт хүний амь наснаас ч илүү юм байна

🕔 2019/03/11 15:17

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн дуулиан шуугианаас нэг зүйлийг анзаарч болох юм. Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан, төрийн мөнгөөр хувьдаа худалдаж авсан гэх асуудал нэлээд шуугиан тарьж, энэ асуудалд холбоотой хэд хэдэн хүнийг хуулийн байгууллагаас цагдан хорьсон ч шүүхээс суллав.

Эргүүлээд эрүүгийн цагдаа болон АТГ-аас яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын газар хүргүүлсэн байгаа юм. Харин прокуророос ямар хариу шийдвэр гаргахыг мэдэхгүй. Одоогоор чимээгүй байна.

 

"Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарлаж, албан тушаалтнуудыг нь чөлөөлөн бужигнаж байхад уул уурхайн нурангид зургаан хүн дарагдаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт төр засаг болоод улстөрчид анхаарсангүй. Шадар сайд Ө.Энхтүвшин ослын газарт очиж ажилласан. Өөр хэн ч очоогүй, хэн ч анзаарч хараагүй, асуудал болгоогүй. 
Онцгой байдлын газрын аврагчид аюултай хүнд хэцүү нөхцөлд 10 гаруй хоног нойр хоолгүй ажиллаж, шавар шалбаатай хүйтэн усанд өдөр шөнөгүй шумбалт хийж байж дөрвөн иргэний цогцсыг гаргаж ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Хэдий аврагчдын хийх ёстой үндсэн ажил, үүрэг ч гэлээ тэд маш хүнд нөхцөлд ажиллалаа гээд хөдөлмөрийг үнэлэх нь бага. Үсрээд л шударга журам гэсэн тэмдгээр энгэрийг нь мялаадаг юм гэсэн. Авдаг цалин нь их бага. Амьдрал ахуйд нэмэр болох үүднээс нэмэгдэл гэж хэдэн төгрөг өгдөггүй хэрнээ ийм тэмдгээр шагнадаг. Тэд тэр тэмдгээр яах юм. Амьдалд илүү бодитой хувь нэмэр болох зүйл өгвөл илүү санагдана.
Хариуцлага алдсан алтны уурхайн компани болох "Эко алтан заамар” компаниас онцгой байдлын алба хаагчдад байрлах газар болон хоол хүнс, шатахууныг нь гаргаж өгснөөс өөр зүйл  өгөөгүй. Өөрөөр хэлбэл, ажилласан хугацааны цалин гэж байхгүй. Хуулиараа бол авах ч ёсгүй юм. Тэд үндсэн ажлаа гүйцэтгэснийхээ төлөө төрөөс авдаг бага хэмжээний цалингаа авна. Ямар ч нэмэгдэл байхгүй.
Хариуцлагатай уул уурхай хаана байна вэ.  Ийм осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэлт хийхгүй яасан юм бэ, "Эко алтан заамар” компанийнхан. Осол болохоос хоёр хоногийн өмнө шороо нураад байхад яагаад анхаарч, анзаарч хараагүй юм бэ. 
Өнөөдөр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнийг тус бүр 49 сая төгрөг болон хоёр өрөө байраар амыг нь таглалаа гээд амиа алдсан хүн босоод ирэхгүй нь харамсалтай. Улсаас тэжээгчээ алдсны тэтгэмж гэж нийтдээ 192 гаруй сая төгрөгийг дөрвөн хүнд хувааж өгнө. Эдгээр мөнгө, хөрөнгө аавыг нь амраг ханийг нь орлохгүй шүү дээ.
Хариуцлага алдаж, харамсалтай осол гаргасан компанийн асуудалд хэн ч анхаарлаа хандуулахгүй байна. Мэргэжлийн багийнхан шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон. Гэхдээ үүссэн зөрчлөө арилгаад эргээд ажиллах боломжтой юм билээ. Дахиад ийм харамсалта хэрэг гарахыг үгүйсгэхгүй. 
Тиймээс энэ хуулинд захирагддаггүй том "толгойтой” компанийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг төр болоод салбарын сайдаас нь хүсч байна.
Дөрвөн хүний амь хохирч, хоёр хүн эрэмдэг зэрэмдэг болчихоод байхад хэн ч анхаардаггүй, төр нь ч тоодоггүй байж болохгүй. Уул уурхайн ослоор хүн амиа алдсаар л байх уу. Ар гэрээ тэжээх гэж амьдрахын эрхэнд яваа тэдний буруу биш.
Үнэндээ "Эрдэнэт” үйлдвэрт үүссэн "ноцтой” гэх асуудал эрдэнэт хүмүүсийн амь наснаас ч илүү юм байна. Эндээс харахад эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэлдэж байгаа эрх баригчдад энгийн жирийн ард иргэд түй ч хамаагүй бололтой. Үнэхээр харамсалтай байна, хэлэх ч үг алга даа.
О.Гэрэл

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!