Лу.Болд : Ц.Элбэгдорж намайг ГХЯ-ны сайдаас холдуулж 3 ажил хийсэн
Харин Пүрэвсүрэнг сайдаар томилсноор энэ бүхнээ гүйцэлдүүлж амжсан. Тодруулья. Нэг: АСЕМ-ийг бизнес болгосон. АСЕМ-ийг Монголд хийх эрхийг би Гадаад Хэргийн сайдаар ажиллаж байхдаа авсан байсан. Бэлтгэл ажилдаа ч орсон байсан. Төсөв мөнгө бага шаардагдахаар тооцоо гарч байсан. Ирэх, буцах тийз, дээр нь буудлын зардлаа зочид өөрсдөө хариуцаж байсан. Ердөө л 1 тэрбум төгрөгөнд багтааж АСЕМ-ийг Монголд хийх тооцоог ажлын хэсэг гаргасан байсан.
Харин Элбэгдорж үүнийг бизнес болгож цэцэглүүлсэн. 21 тэрбум төсөвлөж, түүнийхээ 19 тэрбумыг нь зарцуулсан байдаг. Түүнийгээ хэмнэлттэй ажилласан гэж ярьж байна. Үнэндээ 1 тэрбумаар хийх байсныг 19 тэрбум зарцуулж өөрсдийн бизнес болгож цэцэглүүлсэн. Хоёр: Дубайн гэрээг байгуулсан. Монголд ч бай, Дубайд ч бай энэ гэрээг байгуулахад заавал Гадаад Хэргийн Яам оролцоно. Тиймээс би тээглэж байсан. Би бол Дубайн гэрээг дэмжихгүй, зуруулахгүй байсан.
Харин Пүрэвсүрэнг тавьснаар энэ гэрээг байгуулсан. Гурав: Эрдэнэтийн 49 хувийг хувьд авсан. Хоёр улсын хоорондын асуудлыг Гадаад хэргийн Яамыг тойрч шийднэ гэж үгүй. Би сайдаар ажиллаж байсан бол үүнийг дэмжихгүй байсан. Одоо эргээд бодоход, энэ 3 ажлыг л хийх гэж бачимдаад Гадаад Яамыг татан буулгаж байж, намайг чөлөөлөөд, эргүүлээд байгуулахад нь Пүрэвсүрэнг томилсон байна. Ингэж Комментатор нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын гишүүн Лу.Болд хэлснийг сийрүүлэн буулгалаа.
Ц.Хишгээ