Долоо дордож, найм сэхэгч

🕔 2019/02/01 11:57

УИХ өнөөдөр шинэ даргаа томилох гэж байна. Энэхүү албан тушаалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшүүлж Удирдах зөвлөл нь дэмжсэн юм. Улмаар өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шйидвэрийг хэлэлцэж түүнийг УИХ-ын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Г.Занданшатар гэж хэн болохыг танилцуулж байна.

УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАР ГЭЖ ХЭН БЭ?

Г.Занданшатар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш олон нийтэд танигдан улс төрд орж ирсэн. Улмаар 2004, 2008 оны сонгуулиар ялалт байгуулж УИХ-д найман жил тасралтгүй суусан юм. Харин одоо гурав дахь удаагаа УИХ-д сууж байна. Гурвууланд нь уугуул нутаг Баянхонгор аймгаасаа сонгогдсон. Хөдөлмөрийн баатар, сум, нэгдлийн дарга Д.Гомбожав гуайн хүү гэдгээр нь Г.Занданшатар сайдыг Баянхонгорынхон андахгүй. 

Тэрээр 1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Занданшатар нэрийг түүнийг эх барьж авсан эмч Ёндонцоо гэж хүн өгсөн гэдэг. Тэрээр нэрнийхээ утга агуулгад их ач холбогдол өгдөг бөгөөд 1994 онд Энэтхэгээс зандан модоор хийсэн шатар олж аваад ихэд баярлаж байснаа дурссан нь бий. Ер нь түүнд хүний нэрний утга агуулга сонирхолтой санагддаг бололтой.

С.Батболдын Засгийн газарт ажиллаж байхдаа танхимынхаа Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн нэрний тухай хүмүүст "Манай Ламбаа сайдын нэр чинь хуварга хүндэр гэсэн үг ш дээ, та нар мэдэх үү” гэж хэлсэн тухай хошин яриа бий. Мөн өнгөрсөн хавар намынхаа 97 жилийн ойн баяраар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул мэт хөл тавин алхаж, олон нийтийг хөгжөөсөн.

СУРГУУЛИАСАА ХӨӨГДӨХ ШАХСАН НЬ 

Г.Занданшатар сайд Баянхонгорт төрсөн ч Улаанбаатар хотод өсч, 77 дугаар сургуулийг төгсчээ. Төрсөн нутаг Баянхонгор аймагтаа олон жил ажиллаж, амьдраагүй ч бусад улстөрчдийн адил төрсөн нутгаа бараадан тойргоо сонгожээ. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Оюутан байхдаа Орос, Монгол, Украин, Польшийн хооронд наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа Монгол руу их хэмжээний бараа гаргах гэж байгаад хил дээр саатуулагдан бараагаа хураалгаж байжээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдсэн албан бичгийг хүлээж авсан багш нь сургуулийнхаа удирдлагад мэдэгдэлгүйгээр өөрийг нь дуудаж уулзаад сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, хэргийг хав даржээ.

ШАТАРЧИН ЗАНДАНШАТАР

Аав Д.Гомбожав нь Намын дээд сургуульд суралцахаар болж 1972 Баянхонгороос Улаанбаатарт нүүж иржээ. Д.Гомбожав гуай шатарт хорхойтой, Намын дээд сургуульд сурч буй сум, нэгдлийн дарга нар голдуу оюутнууд тэднийд ирж шатар тоглодог байсан учраас Г.Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ. Шатар сугавчилчихаад "Тоглоё” хэмээн хүмүүсийг шалж явдаг, аавыгаа орой ирэхэд нь тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байсан тухайгаа дурсчээ. Ээж О.Дашзэвэг нь хүүгээ шатар тоглохыг ихэд дэмжиж, "Шатар бол монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр бол орос ноёны тоглоом” гэдэг байжээ. Г.Занданшатар сургуулиас авахуулаад хаа очсон газраа сайн шатарчин гэгддэг байснаа ч дурссан нь бий.

Одоо ч шатар тоглох дуртай хэвээрээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойгоор үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд дэд байр эзэлж байв. Тэргүүн байрыг нь иргэн Д.Ламжав эзэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулсан "Цэцэн түшээ-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Г.Занданшатар гишүүн түрүүлсэн юм. Тэрээр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтайгаа тоглож байжээ. Хувьдаа шатрын цуглуулгатай бөгөөд тэдний нэг нь дээр дурдсан зандан модон шатар. Шатар тоглохоос гадна усанд сэлэх, хөлбөмбөг тоглох дуртай. Тэрээр Испанийн "Реал Мадрид” багийг дэмждэг юм байна.

ШҮҮМЖЛЭЛ ХҮЛЭЭСЭН "ТОГООЧ” 

Г.Занданшатар УИХ-д гурван удаа сонгогдсоноос гадна Засгийн газрын гишүүнээр хоёр дахь удаа томилогдон ажиллаж байна. Тэрээр өмнө нь 2009- 2012 онд С.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байлаа. Харин сүүлийн жил гаруй хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гал тогоог барилаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг салбарын яам хоорондынхоо уялдааг хангагч, эвийн цавуу байх ёстой. Гэвч түүний хийсэн нэгэн үйлдэл Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдад таалагдаагүй. Г.Занданшатар сайд Тавантолгойн 1072 хувьцааг амь оруулах асуудлаар Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд салбарын сайд Д.Сумъяабазар бухимдан "Занданшатар аа, чи зүгээр чиг үүргийнхээ хүрээнд ажлаа хийвэл хийгээрэй. Мөнхбат сайдыг нүүрсний ченж хийлээ гээд л толгойтой бүхэн ярьсан шүү. Хэлсэндээ байцгаагаарай” гэсэн удаатай. 

Дэд сайдаас эхэлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу "давхар дээлтэй” сайд хүртлээ дэвшсэн түүний улс төрийн карьер шулуун, дардан байсангүй. Долоо дордож, найм сэхсэн хүн гэвэл нэг их буруудахгүй. 2008 оны сонгуулиар баянхонгорчууд түүнд итгэл хүлээлгэж УИХ-д сонгосон юм. Харин 2012 оны сонгуулиар намаасаа одоогийн УИХ-ын гишүүн М.Билэгттэй хамт Баянхонгор аймагтаа нэр дэвшсэн ч ялагдсан. Тэд олноо "бидон” хэмээх тодотголтой Д.Ганбат, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарт ялагдаж байлаа. Сонгуульд ялагдсаныхаа дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож Ө.Энхтүвшин даргатай хамт намаа удирдсан. Гэвч 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон гэдэг үндэслэлээр ажлаа хүлээлгэж өгсөн юм. Улмаар 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан. Энэ хугацаандаа авто замын осолд орж маш хүнд гэмтэл авч байлаа. Сайн эмчлүүлсний хүчинд эрүүл саруул болж улс төрд эргэн ирсэн юм.

  • ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
    1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
    1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч
    2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
    АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
    1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү, эдийн засгийн тэнхимд багш
    1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, валютын хэлтсийн захирал
    1998-2000 онд Монголбанкинд Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
    2000-2003 онд ХААН банкны дэд захирал
    2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
    2004-2012 онд УИХ-ын гишүүн
    2009-2012 онд Гадаад харилцааны сайд
    2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
    2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
    2016 оноос УИХ-ын гишүүн
    2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
    ШАГНАЛ:
    2004 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
    2006 онд Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан
    2009 онд Алтангадас одон
    2011 онд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
    ГАДААД ХЭЛ:
    Англи, Орос

С.Шийлэгтөмөр


 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!