АТГ-ын даргын эсрэг АЖИЛЛАГАА

🕔 2018/07/19 13:52

АТГ-ын даргын эсрэг АЖИЛЛАГАА

Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн удаа УИХ-ын чуулганы индрээс "Би АТГ-ын асуудлыг ойрын хугацаанд оруулж ирнэ. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэж өгөөрэй, шийдвэрлэхээс ч өөр аргагүй” хэмээн хүсэлт, сануулгын хоорондох үгийг гишүүдэд хэлж байв. Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Ерөнхийлөгч АТГ-ын даргын тухай дахин ам нээгээгүй. Харин өнгөрсөн мягмар гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг илгээж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулашгүй шаардлага байгааг уламжиллаа.

Хойшлуулашгүй хэмээн тодотгосон тэр шаардлага нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудал гэдэг нь Ерөнхийлөгчийн албан бичгээс тов тодорхой харагдана. "Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн "төрийн албыг арилжаалсан "60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй” хэмээн эхэлсэн тус албан бичиг Х.Энхжаргалыг "онилсон” нь илт.

 

Цааш нь "Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан” хэмээн суудлаас нь буулгах нөхцөл хангалттай бүрдсэнээс гадна бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсныг ч дурджээ. 

 

Ийн төрийн тэргүүн АТГ-ын даргыг солихоор улаарч эхэллээ. Наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга хүргүүлсэн. Тус шаардлагын хуулийн хугацаа энэ сарын 24-нд дуусна. УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй гэх тус шаардлагад мөн л АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудлын асуудал багтсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна. 60 тэрбум болон бусад авлигын асуудал дээр ийм байдалтай явбал энэ ажлыг хийх ёс суртахууны эрхгүй” хэмээн мэдэгдсэн нь Ерөнхийлөгчийн үгийг уламжилж байсан бололтой. Түүний шаардлагын араас Ерөнхийлөгч хүч нэмэгдүүлэн, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг УИХ-ын даргаас хүслээ.

 

Тэгэхээр халуун зуны халуухан сэдэв нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын суудлын асуудал болох нь тодорхой болов. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаас өөр гарцгүй. УИХ-ын 25 гишүүний шаардлага, Ерөнхийлөгчийн хүсэлтийг үл тоох хуулийн эрх түүнд байхгүй. Тиймээс ирэх долоо хоногийн эхэнд ээлжит бус чуулганыг зарлах л үлдлээ.

 

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон гэх асуудалд АТГ-ын дарга Х.Энхжаргал "за яахав ээ, яахав” гэж төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин энэ удаа түүний суудал тийм ч бат бөх байхгүй бололтой. УИХ-ын цөөнгүй гишүүдтэй Ерөнхийлөгчийн хүч хавсарсан сөрөг арга хэмжээнд Х.Энхжаргал цаашлаад түүнийг томилогч УИХ-ын дарга М.Энхболд тэсч үлдэх эсэх нь эргэлзээтэй байна.

 

Учир нь түүний эсрэг арга хэмжээ сүүлийн хэдэн өдөр эрчимтэй өрнөж байна. Ерөнхий сайд асан С.Баярыг хорих газраас авчирч, дайлсан гэх албан өрөөний үүдний бичлэг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар тарж, авлигыг, авлигачдыг хаацайлдаг гэх тодотголыг улам бататгахаар дайрч эхэллээ. Үүнтэй давхцан төрийн тэргүүн ч түүний эсрэг албан бичгийг спикерт хүргүүлэв.

 

Амралтын байдалтай, нам гүмхэн байдлыг эвдэх асуудал Төрийн ордонд өрнөж буй нь мэдээж. Харин олон нийтэд ил болох эсэх нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

 

Б.Учрал

http://www.shuud.mn/a/499044

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!