Улстөрч аваргуудын хөлд Улсын наадам үрэгдэх нь ээ

🕔 2018/06/19 11:23

 

 

Төрийн ордны дөрвөн давхарт хэдхэн хаалганы наана, цаана суудаг үндэсний бөхийн хоёр аварга өчигдөр өрөө, өрөөндөө дараалан мэдээлэл хийлээ. Улсын наадам дөхсөн энэ өдрүүдэд даанч урам хугармаар үг хэлцгээж байна. Ерөнхийдөө Монголын үндэсний бөхийн холбооны хагарал нь эвлэхгүй явсаар наадам тулгаж байгааг хүлээн зөвшөөрлөө. Хүлээн зөвшөөрөхөөр барахгүй энэ жилийн наадам будилаантай болохыг зөгнөж сууна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат "Улсын наадам эмх замбараагүй болох, гол бөхчүүд барилдахгүй байх байдал үүсвэл, ялыг нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрэх байдалтай болж байгаа шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ "Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод авдаг цолоо аваад явах байлгүй дээ” гэсэн байх юм.

Өнгөрсөн хэдэн сард заалны барилдаанууд бөх цөөтэй байсны учрыг тааварласан яриануудыг энэ хандлага нь батлаад өглөө. Хоёр холбооны аль нэгэнд л хамаарах бөхчүүд тусдаа тэмцээн зохиодог болов. Энэ эрчээрээ бол "Хэний наадам бэ” гэж асууж байгаад барилддаг болтлоо доошлох нь. Эрхбиш улсын наадмаар цол чимэг олгодог учраас бөхчүүд зодоглож таарах байлгүй дээ. Харин улсын их цэнгэл наадам маань хоёр холбооны тэмцээн болоод өнгөрөх юм биш байгаа. "Тэр аймгийн арслан хэн нөгөө холбооны бөх болохоо тавын даваанд авч унагая” гэх мэтээр яриад сууж байвал гайхах юм алга. Түрүүг авахын төлөө бол айхавтар "шатах'’ шинжтэй юм байна.

Бүр сүүлдээ бөхөд дуртай олон түмнээ мөнгө, найраатай холбоотой асуудлаар гонсойлгодог нь багадаад барилдааныг хүртэл бойкотлоно гэж яриад сууж байгаа бол дэндүү жудаггүй явдал шүү. Ер нь нэгнээ хэмлээд байгаа энэ хоёр аварга өнөөдөр улс төрд орсон, өдий зэрэгтэй яваа нь үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээний буян. Түүнээс эзэмшсэн боловсрол, мэдлэг чадварыг нь харж сонгосон гэхэд эргэлзээтэй. Нэг л гоё эвлэлдэн нэгдэх, их эе, монгол үндэсний зан заншил яриад байх. Эвлэрэхгүй байгаа шалтгаан нь Бөхийн өргөе гэх нэг байшин л биз дээ. Үүний төлөө Увс, Халх гэсэн хэрүүл гаргаж яах гэсэн юм бэ. Тэгж яривал монгол түмний хөрөнгөөр барьж байгуулсан өргөө юм шүү.

Монголын үндэсний бөхийн холбооны өмнөх удирдлагууд үйл ажиллагаагаа тайлагнадаггүй байсан гэдгийг дурдаад байгаагаас нь харахад ашиг орлого ихтэй байсан бололтой гэж хардаж болж байна. Дээр нь хэн бөхийн холбоог удирдана тэднээс л хөлийн цэцийг томилно. Бөх хүний бүтэн жилийн хөдөлмөрийг хайнцаад унахад нь хагалах нэрийдлээр юу ч үгүй болгочихдог эрх мэдэлд хүрмээр санагдсан бололтой. Мэх хийгээд явж байхад нь түшээд зогсоочихдог муу арга хэрэглэхэд саадгүй болно гэж санасан уу.

Энэ муухай үйлдлийн зовлонг олон ч залуу бөх амсаж өнгөрсөн дөө. Ойрхон доо, Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж нар жил дараалаад наадмын дэвжээн дээр эсэргүүцлийн зогсолт хийж байлаа. Бүтэн жилийн хөдөлмөрийг нь хөлийн цэц үгүй хийснийг эсэргүүцэж байгаа нь тэр. Хүмүүс яахав нэг шуугиад л өнгөрдөг юм.

Дээр нь хоёр аваргын ярианаас үзэхэд допингийн асуудал зүгээр нэг шинжилгээ биш байх нь. Үүгээрээ өрсөлдөгчөө намнаж болдог юм байна. Тэр мэдлийг нь авчихвал бас том олз аж. Ялагч нь түүхээ бичнэ гэж бодсондоо байраа тавихгүй өрсөлдсөөр байх юм байна гэж ойлголоо. Ер нь нутгаасаа бөхтэй болох гэсэн өвчигнөл, цол эрэмбэ авч хүндлэгдэх гэсэн бодол, нутгийн зөвлөлүүдийн бэлэг сэлт, мөнгө төгрөгийн аархал, дээр нь улстөрчдийн бөх, мориор имижээ хийх гэсэн хийрхлийн уралдаан монгол түмний ёс заншил, бахархалт түүх, гүн бодлыг шингээсэн бөхийн барилдааныг юу ч биш бантан, бизнес, атаа жөтөөний уурхай, ашиг орлогын сурвалж болгосон байна.

Бас энэ дэмийрлийнхээ хөлд залуу сайхан бөхчүүдээ чирэх нь. Өөрсдийг нь хүндэлж явдаг дүү нарынхаа залуу сайхан насаар туг тахиад сууж байх хүртлээ эвдэрнэ гэж байх уу даа. Яахав өөрсдийг нь дагаж бөхийн ертөнцөд орж, мэх хуй заалгаж явсан гээд хүссэн газраа барилдаж чадахгүй болтлоо өртэй үлдэх хэрэг үү. Хэрвээ аварга ахаасаа зөрөөд барилдаанд оролцвол тэгээд "урвагч” гэгдэх юм уу. Жингийн ангилалгүй, насны хязгааргүй, өндөр цолтой нь ам угтуулаа авдаг монгол бөхийн барилдаан бол манай үндэстний л ойлгох том соёл, гүн ухаан юм. Тийм ч болохоор монгол хүн монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээнд атаа хорсол, аваа егөө хайж очдоггүй.

Хоёр аваргадаа хэлэхэд өдөр бүр төрийнхөө ордонд тааралддаг хүмүүс өс хонзон өгөө, аваагаа мартаад нэг сайхан монгол эрчүүд шиг мар мар инээлдээд уулзаж байгаагаа ядаж нийтэд харуул аа. Монгол түмний хамгийн их хүндэтгэдэг шүншиг шингэсэн газруудад амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс гэдгээ бод. Түмний их цэнгэл наадам болох гэж байхад олны сэтгэлд нь битгий сэв хий. Улстөрч хүмүүс хойно хор хутгавал нүднээс далд явуулахаа мэддэг болсон байлгүй дээ. Улсын наадам эхлээ ч үгүй байхад угтсан хэрүүл гаргаж байгаа нь та хоёрын албан тушаал, амьдралын замналд чинь ч нийцэхгүй байна шүү.

Ж.Баяр

Эх сурвалж: Үндэсний шуудан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!