ТЭД ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЭХ ЦАГТ МОНГОЛ МИНЬ БҮТЭН БАЙХ БОЛОВ УУ

🕔 2018/06/11 17:34

ТЭД ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЭХ ЦАГТ МОНГОЛ МИНЬ БҮТЭН БАЙХ БОЛОВ УУ

 

ХЯТАДАД ДАГААР ОРСНЫ ДАРААХ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР...

Монгол Улс одоогоос яг зуун жилийн өмнө Хятадад дагаар орж байлаа. Үүнийг түүхэнд хэдийгээр зурвас үе гэж тодорхойлдог боловч Монголын хувьд бол хэзээ ч мартах аргагүй том хар толбо юм. 1919 онд Гоминданы Засгийн газарт дагаар орсон Монгол улсын түүх 100 жилийн дараа "дам” утгаар давхцах төлөвтэй болж ирэв. Дам гэдгийн учир бол шууд биш ч цаад ерөнхий хэв шинжээрээ адил төстэй үйл явц өрнөж мэдэхээр боллоо.

Энэ бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) гэгчид Монгол Улс жинхэнэ гишүүн болж орохоор зэхэж буй явдал. Зөв, буруу гэж бишгүй л мэтгэлцэж, маргалдаж байна. Яг үнэндээ бол зөв ч байсан буруу гэдэг хувилбарыг хэн ч ярихгүй юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга яг ч ШХАБ-т элсэнэ гээд хэлчихээгүй, ердөө л энэ байгууллага дахь статусаа шат ахиулна л гэж хэлсэн гэх ухааны юм яриад байгаа. Тэгвэл ШХАБ-ын ажиглагч статусаас дээшээ ямар нэг шат, шатлал байдаггүй юм аа. Ажиглана, эсвэл элсэнэ гэсэн хоёрхон шаттай.

Ерөнхийлөгч тэгэхээр элсэнэ гэдгийг шуудаар  хэлж зүрхлэхгүй болохоороо л тойруулах гэж чармайсан хэрэг. Шууд хэлж чадахгүй байгаа шалтгаан нь үүний цаана үнэхээр эмзэг, ээдрээтэй асуудал байгаа учраас тэр юм.  ШХАБ-т элссэнээрээ Монгол Улс Хятадын харьяанд шууд орж, дагаар орж байгаа хэрэг мэдээж биш. Гэвч Ерөнхийлөгчийн хэлдгээр тийм аюул рүү нэг шатаар ойртож байгаа хэрэг юм.

Үүнийг тайлбарлахын тулд жишээ болон баримт татъя. ШХАБ анх ямар зорилготой үүссэн, ямар учиртай байгууллага вэ. Үүнд хоёр тайлбар бий. Эхнийх нь эдийн засгийн интеграцийн байгууллага гэдэг. Хятад болон зүүн өмнөд Азийн эдийн засаг хурдацтай өсч, үйлдвэржилт хөгжиж байгаа энэ үед бүс нутаг руу байгалийн баялаг, өөрдсийн эдийн засгийн оролцоогоор нэг интеграцид орох зорилготой гэсэн үг л дээ. Гэвч энэ нь ердөө л энэ байгууллагын гишүүн болох хоёр том гүрний л тайлбар. Бусад жижиг улсуудын хувьд бол энэ нь ердөө л өр зээл авах боломж гэж л орчуулагдана. Тэгвэл нөгөө утга нь мөнөөх хоёр том гүрний ашиг сонирхолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, улс төрийн буюу цэрэг дайны зориулалттай, терроризм, экстрим үйл ажиллагаа, хил хязгаарын маргаантай асуудлаа шийдвэрлэх зорилготой эвсэл. Аль тайлбарт нь итгэхээс хамаарч, бидэнд ашиг ирэх үү, хохирол учрах уу гэдэг нь тодрох жамтай.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга эхний тайлбарт нь гүн гүнзгий итгэж буй бололтой. Түүний хувьд итгэсэндээ биш, итгэхээс өөр аргагүй болж мухардсандаа энэ замыг сонгож байх шиг. Ийм мухар замаар биднээс өмнө "Стан” орнууд хэдийнээ замнаж яваа. Тэд үнэхээр ч эдийн засгийн "үр ашиг” хүртэж буйг хэлэх хэрэгтэй. Тэр нь дааж давшгүй их өр. Гишүүн болсны дараачаар тэдгээр улсуудад ОХУ, БНХАУ-ын зүгээс үлэмж их хэмжээний зээл олгож, хөрөнгө оруулалт цутгадаг жишиг бий л дээ.

Тухайлбал, Казахстан улс 2018 оны байдлаар 91,7 тэрбум долларын өртэй. БНХАУ-ын "Нэг бүс-нэг зам” бодлогыг дэмжихээ амласан тул БНХАУ-ын зүгээс тус улсад нийт 17 тэрбум ам.долларыг зээлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон.  Харин ОХУ-аас бүр 52 тэрбум долларын зээл авчээ.

ШХАБ-ыг анх байгуулалцсан улсын нэг болох Киргизстан улс мөн ялгаагүй. БНХАУ-д 17.1 тэрбумын өртэй. Тус улс байгалийн баялаг ихтэй ч яг манайх шиг улс төрийн хуваагдал, талцлаас бол түүнийгээ ашиглаж чаддаггүй орон. Тиймдээ ч дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас хэтэрсэн гадаад өртэй болжээ. Тажикстан улс ч мөн ОХУ болон БНХАУ-д үлэмж их өртэй. Хамгийн гол баримт нь эдгээр улсын өрийн хэмжээ ШХАБ гэх байгууллагад элсэн орсноос хойш тогтвортой өсөн нэмэгджээ.

 

ГАЗАР НУТГИЙГ БУЛААХ ХАВХ

Тэгвэл ойрын хугацаанд ШХАБ-ын нэгдсэн банк байгуулагдсан бүс нутаг, хамтын ажиллагааны холбоонд гишүүнчлэлтэй улсуудад аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээ зарлаад байна. Энэхүү байгууллагаар дамжиж, эдийн засгийн нэртэй боловч цэрэг дайны, газар нутгийн, геополитикийн ямар том эрх ашиг, нүүдэл явж буй тухай цухас хөндөе. Анх БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан улсын удирдагчид 1996 онд Шанхайд уулзаж, хуучин ЗХУ-БНХАУ-ынх байгаад, одоо ОХУ, БНХАУ болоод ТУХН-ийн орнуудынх болсон хилийн дагуу төвлөрүүлсэн цэргийн хүчээ татах талаар хэлэлцээр хийжээ. Ингэснээр дээрх улсуудын хооронд итгэлцэл бэхжиж, харилцаа улам ойртох ёстой байв. Хэлэлцээрийн үр дүнд дээр нэр дурьдсан орнуудыг багтаасан "Шанхайн тав” хэмээх бүлгийг байгуулсан юм. Таван жилийн дараа Узбекистан энэ бүлэгт нэгдсэний дараа нэрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болгож өөрчилсөн билээ.

Энэ үед ШХАБ-ыг бүгд л БНХАУ Төв Азитай эдийн засгийн харилцаагаа сайжруулах зорилгоор байгуулсан гэж харж байв. Гэвч эдийн засгаас гадна газар нутгийн ашиг сонирхолтой байсныг хожим болсон үйл явдлууд нотолсон юм. 1996 оны гэрээ байгуулагдсанаар ЗХУ, БНХАУ-ын хооронд мөрдөгдөж байсан хилийн зааг хүчингүй болж, дахин тогтоох шаардлага үүссэн юм. БНХАУ-ын дарга асан Зян Зэминь 1996 оны долдугаар сард Казахстан, Киргизстанд айлчилж, хилийн заагийг шинэчлэн тогтоох саналыг албан ёсоор тавилаа. Харин гурван жилийн турш иргэний дайнтай байсан Тажикистаныг тэрээр алгасчээ.

Ингэхдээ ямар гэрээ хийсэн бэ гэж үү. Казахстантай гэрээ хийхдээ БНХАУ өөрийн нөхцөлөө шууд тулгасан юм. Казахстан улс БНХАУ-тай маргаантай байсан 34 000 км2 газар нутгаасаа татгалзах шийдвэрийг 1999 оны эхээр "сэмхэн” гэж хэлж болохоор байдалд гаргав. Тухайн үеийн парламентад сөрөг хүчний орон зай одоогийнхоос арай илүү байсан тул тэд энэ шийдвэрийг эсэргүүцсэн нь мэдээж. Гэвч төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Казахстан улс БНХАУ-тай маргаантай газар нутгийнхаа 56.9 хувийг авч үлдлээ” гэж сурталчилсаар хоёрдугаар сарын 9-нд Мажилисаар зөвшөөрүүлж, гуравдугаар сарын 10-нд Сенат, есдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгч батламжилснаар хүчин төгөлдөр болжээ. Үлдсэн 43.1 хувь нь БНХАУ-ын мэдэлд шилжсэн байна.   

Киргизстантай байгуулсан гэрээнд ч мөн тулгалт байсан. Хятад-Киргизийн хооронд явагдсан хилийн зааг шинэчлэх хэлэлцээр Казахстаныхыг бодвол хүндрэлтэй явагдсан байдаг. Тэд 1250 км2 газрыг БНХАУ-д шилжүүлэхийг зөвшөөрсөн ч энэ нь сөрөг хүчнийг Ерөнхийлөгч Аскар Акаев руу довтлох шалтгаан болж өгчээ. Хил шинэчлэх ажил 2001 онд эхлэх байсан ч Парламент энэ асуудлыг хэлэлцээд хойшлуулсан юм. Гэвч А.Акаев 2002 онд хил шинэчлэх асуудлыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх гэрээг БНХАУ-ын албаны хүмүүстэй байгуулахаар хилийн чанадыг зорьж байжээ. Асуудал ингээд шийдэгдсэн ч 2003 онд парламентын хэсэг гишүүд дээрх хэлцлийг хүчингүй болгохыг шаардан улс төрийн нюанс үүсгэж байв. Киргизчүүд одоо ч энэ асуудалд эмзэг ханддаг хэвээрээ.  БНХАУ Тажикистантай хил шинэчлэх гэрээг мөн л 1999 онд байгуулсан ч Тажикистан 2002 онд л 1122 км2 газар нутгаа шилжүүлэхээр зөвшөөрчээ. Энэ шийдвэр Казахстан, Киргизстанд гарч байсантай адил хариу үйлдлийг харуулж, нийгэмд ихээхэн эсрэгцэл үүсгэсэн. Ялангуяа БНХАУ-ын харъяанд орохоор болсон Горно-Бадахшанскийн хязгаарын оршин суугчид энэ тал дээр эсрэг саналтай байв. Тэд шийдвэр гаргах эрхийг тухайн орон нутагт өгөхийг шаардсан юм. Энэ асуудал шийдэгдэлгүй явсаар 2011 онд, Парламентад сөрөг хүчний нам хоёрхон суудалтай үлдсэн үед шийдэгдсэн юм. Сөрөг хүчний нэг төлөөлөл Саидумар Хусайни энэ үед "Хэзээ ч Хятадынх байгаагүй газар нутгийг шилжүүлэх гэж байгаа учраас олон нийтийн санал асуулга явуулах ёстой” гэж олонтаа яриад тусыг эс олжээ. Тэр тусмаа Горно Бадахшаны иргэдээс хэн ч юу ч асуусангүй. Энэ асуудал 2013 онд дахин хөндөгдөхөд Тажикистаны сөрөг хүчин Социал демократ намын дарга Рахматулло  Зоиров Ираны "Хорасан” радиод ярилцлага өгч, Тажикистаны эрх баригчид олон нийтэд зарласнаасаа илүү газар нутгаа БНХАУ-д алдсан талаар мэдэгдэж байв. Тажикстаны эрх баригчид дээрх маргаантай шийдвэрийг гаргасныхаа дараа оросуудад эзэмшүүлж байсан Хатлоны бүс нутагт 2000 га газрыг БНХАУ-ын тариачдад эзэмшүүлэх шийдвэрийг мөн гаргасан юм.

БНХАУ энэ бүх ажиллагааныхаа дүнд сүүлийн 15 жилийн дотор 16 мянган км2 нутгийг Төв Азийн орнуудаас "салгаж” дөнгөжээ.  Энэ бүх баримт чухам юуг дохиолно вэ. Монгол Улс ч ялгаагүй яг л ийм өрийн хавханд орохоор тэмүүлж байна гэсэн үг. Монгол Улс өнгөрсөн хугацаанд яагаад ШХАБ-т элсэхээс цааргалан, зай барьсаар ирсний учир нарийн байж таарна аа даа. Гэтэл "Монгол ялна” гэсээр Ерөнхийлөгч болсон Х.Баттулга улс орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө долоон нүүдлийн цаадахыг харж, баримжаалж асан өвгөд дээдэс, мэргэд ухаантнуудынхаа үйлс бүтээл, сэтгэл зоригийг ийнхүү хөсөрдүүлж байна. Өвгөд минь бид хоёрхон хөрштэй гээд хүлцэнгүйгээр бусдын хормой, суганд орж яваагүйг түүх гэрчилнэ. Олон тулгуурт гадаад бодлого гэгчийг хаа байсан 300 жилийн өмнөөс эрмэлзэж ирсэн хичээл зүтгэлийг энэ цагийн нүүрэн дээр эрхэм Ерөнхийлөгч маань үгүй хийхээр сэтгэл шулуудсан бололтой.

ХҮМҮҮСИЙГ СОЛИОРОХОД НЬ СААД БОЛОХ ДЭМИЙ

ШХАБ-д элсэх түмэн шалтаг, шалтгаан, давуу тал, боломжийн тухай тэд ярьж байна. Хэрвээ хөгжие, урагшлая, томоохон төслүүдээ хөдөлгөе л гэвэл үүнээс өөр гарцгүй гэж улайран сурталдаж байх аж. ШХАБ-д элсэн орох нь зүйтэй хэмээн дэмжиж буй төлөөлөл болох Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун "Бид далайд гарцгүй. Дэлхийн хамгийн том хоёр улсын дунд хавчигдмал байдалд байгаагаа  бодитоор хараад, эндээс хөгжлийн гарцаа олох хэрэгтэй. Хаяа дэрлэсэн Орос, Хятадтай сайн хөршийн харилцаагүйгээр Монгол хөгжиж яавч чадахгүй” гэж ярьжээ. Мунхагийн санаа хожуу гэж. Хэрвээ тийм л асан юм бол ШХАБ-т элсэхгүйгээр яавч, бүр яавч хөгжих боломжгүй гэдгийг одоо гэнэт мэдэж, сэхээрч байгаа хэрэг вэ. Аливаа бодлого цаг үеийн салхи дагаж намирч, өөрчлөгддөг байж таарахгүй. Бүр зарим нь Монгол бол газар зүйн хоригдол гэж ч даапаалсан байна билээ. Үнэхээр ч Орос, Хятад гэх хоёр том гүрний дунд хавчигдсан Монгол Улс өнгөрсөн хугацаанд хоригдол байхыг хүсээгүй учраас өөрийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа олон улсын түвшинд нүүр бардам авч яваа билээ.

Гэтэл одоо хүндээ хөнгөнөөр өгөх гэж адгаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс ШХАБ-т элсэх тухай асуудлыг УИХ-ын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, УИХ-ын гишүүдийн нэгээс бусад нь дэмжжээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Монгол Улс 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй байна. Хоёр хөрш Монголыг тойруулаад зам, нефть, газын хоолойгоо татчихлаа. 2017 онд Энэтхэг, Пакистан хоёрыг элсэхээс өмнө манайх элсчихсэн бол төмөр замаа бариулчих байсан юм” гэж ярьж байх юм. Ёстой л ухаанд нь ухна шиг том эд уначихсан хүний үг гэлтэй. ШХАБ-т элсээгүй учраас Хятад, Орос хоёр улс нефтийн хоолойгоо Монголыг тойруулж татчихсан юм гэнэ ээ. Үүн шиг үлгэр байхгүй. Ердөө Монголыг дайруулж татсанаас илүү ашигтай хувилбарыг л тэд сонгосон хэрэг шүү дээ. Түүнчлэн ШХАБ-т элсээгүй учраас л төмөр замаа барьж чадахгүй байгаа мэт уйлан дуугарах нь бүр том тэнэглэл. Бид 10 жилийн өмнө төмөр замаа тавьж, хөгжиж буй бүсийнхээ эдийн засгийн интеграцид орчих боломжтой байсан. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч тэргүүтэн тухай бүрт нь тэдгээр төслүүдийг гацааж, улдуулж, урагш нь гишгүүлээгүйн харгайгаар бид төмөр замгүй хоцорсон билээ. Тэгсэн байж одоо болохоор "Бид ШХАБ-д л элсэхгүй юм бол нүүрсээ зарж чадахгүй” гэх мунхруулахаар оролдож байгаа нь эмгэнэлтэй.

Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө бүх боломжийг эвдэж бусниулж хаячихаад, одоо бусдын дүрмээр л тоглохгүй бол цаашид тоглоомонд оролцож чадахаа болилоо гэж байна. Өөрсдийнхөө хийсэн гайг халхлахын тулд түүгээр яваа гайг үүгээр дуудахын хэрэг бий гэж үү. Наймаалцаж болохгүй эрх ашиг гэж улс оронд байдаг. Одоо харин ноён бизнесмэн Ерөнхийлөгч маань энэхүү наймаалцаж үл болох эрх ашгаар "их гарын панз” үсэргэж сууна.

Тэрбээр "Эдийн засгийн форум” дээр ШХАБ бол Монгол Улсын геополитикийн аргаар хөгжих боломж гэж мэдэмхийрлээ. Гэтэл хөөрхий муу Тажикстан энэхүү геополитикийн аргаар хөгжих боломжийг хаа байсан 20 жилийн өмнөөс эдэлсэн атлаа яагаад өрөнд баригдаж, өтөндөө идэгдээд баларч байгаа юм бол оо. Тус улс Хятадын байгалийн хийн импортын 20 хувийг дангаараа хангаж байна. Тэгсэн хэрнээ эдийн засгийн бүрэн хараат байдалд шилжсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа хамт тус улсын замаар орох гээд байгаа гол шалтгаан нь нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн сураг гэж яригдаад буй. Энэ нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь. Ердөө л үүний төлөө "панз” үсэргэж буй бололтой юм билээ.

Гэнэт ШХАБ-д элсэх зайлшгүй шаардлага гэгчийг сурталдах болсон хүмүүсийн нэг, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун "Бид ШХАБ-д элссэнээр эдийн засгийн ямар ч ашиг тус гарахгүй. Гэхдээ ардчиллаас болоод бид хамгийн дотно хамсаатан, их хөрш Оросыгоо олон жил гомдоож, итгэлийг нь алдсан. Одоо ШХАБ-д элсэж итгэлийг нь сэргээх хэрэгтэй. Энэ бол манай геополитик” гэж цэцэрхсэн байх юм. Юу гээчийн солиорол вэ.

"Хүмүүсийг солиороход нь саад болох дэмий” гэж Антон Чеховын "Палата №6” зохиолд гардаг. Ёстой л энэ хүмүүс Ерөнхийлөгчөөсөө эхлээд солиорчихож. Уг нь улсын гадаад бодлого бол хэн хүний мэдэмхийрч, цуурч байдаг сэдэв биш. Бодлого гаргадаг мэргэжлийн байгууллага авилаа шийдвэр гаргахдаа эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг ил, далд сонсох учиртай хэдий ч "Бид тэр улсыг гомдоож, энэ улсыг баярлуулж байна” гэж ил зарладаг зарлалын самбартай байж яагаад ч зохихгүй. Тэр тусмаа улсын гадаад бодлого, геополитикийг хэрэгжүүлж буй бүтэц дотор ажиллаж буй хүмүүс өөрийн байр суурийг нийтийн сүлжээгээр дайх зохимжгүй. Гадагшаа нэг л амаар дуугарч, нэг л нүдээр ширтэх учиртай.

ГАДААД БОДЛОГЫН ГУРВАН ЧУЛУУ

ШХАБ-д элссэнээр Хятад, Орос хоёртой харилцаа сайжирч, элсээгүй бол илэрхий муудаад хоёр тийшээ хараад суучихдаг мэтээр ярих нь ч хэтэрхий өрөөсгөл юм. Орос хэзээ ч Монголд гомдсон гэж хэлээгүй байхад бид л энд Оросыг гомдоочихсон гээд толгойгоо шаагаад байх нь хөгийн инээдэмтэй харагдаж байна. Хятад, Монголын харилцаа сайн л үргэлжилж байхад ШХАБ-д элсэж л харилцаагаа сайжруулна гээд муйхарлаад байх нь адгийн дорой, эмгэнэлтэй харагдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Үе үеийн Засгийн газар улс орнуудтай тохирсноо хэрэгжүүлдэггүй. Үүнээс л болж итгэлцэл сулардаг. Түүнээс танайх ШХАБ-д элсэхгүй байгаа учир итгэхгүй байна гэсэн юм байхгүй” гэж хэлжээ. "ШХАБ-д л элсэхгүй бол хөгжихгүй” гэсэн тайлбар маш хорлонтой үр дагавар дагуулна. Юун түрүүнд, энэ нь өнгөрсөнд болж бүтээгүй, хөгжөөгүй урагшлаагүй бүхний хамгийн сайхан цагаатгал болж өгнө. Бүх л муу муухайгаа энэ тайлбар руу чихэж орхих сайхан шалтагтай болж авлаа гэсэн үг. Удаад нь ирээдүйд болж бүтэх, хөгжих дэвжих бүх найдлагыг өнөөх ШХАБ гэгчид даатгаад, бүх муу муухай, буруу үйлээ "Ингэж л хийхгүй бол, энэ шаардлагыг л биелүүлэхгүй бол бид хөгжихгүй” гэж ацаглах юмтай болж авна.

Хэрвээ ШХАБ-д элсчихвэл их л сайхан болох мэт сурталчлаад буй хүмүүс сөрөг талыг нь бас ний нуугүй ярих ёстой. Өнөөг хүртэл бие даасан гадаад бодлого явуулж ирсэн боломж маань асар их хумигдаж таарна. ШХАБ-д орсон ч АНУ зэрэг оронтой бид гурав дахь хөршийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэж яриад байгаа. ШХАБ-д тийм боломж нь байдаг юм гэхэд АНУ-д тэгэх хүсэл нь байхгүй болно гэдгийг ойлгохоор ухаантай хүмүүс байлтай. ШХАБ-д элссэний шагнал болох эдийн засгийн дэмжлэг ихээр орж ирэх хэдий ч тэдгээр нь цөм зээл байх болно гэдгийг мартаж болохгүй.

Монгол Улс хоёр хөрштэйгээ найрсаг сайн, тэнцүү харилцаатай. Гэвч хоёр хөршөөсөө гадна гуравдагч орнуудтай ойр дотно харилцаатай байх нь бидэнд бие даасан байдлын асар том мэдрэмжийг өгдөг. Гэтэл ШХАБ-д элссэнээр өнөөг хүртэл барьж ирсэн гадаад бодлогын тулгын гурван чулууныхаа хоёрыг нь бид суга татна гэсэн үг болж байна. Хоёр хөрштэйгээ сайн бөгөөд тэнцвэртэй харилцах, гуравдагч орнуудтай өргөн харилцаатай байх, ямар ч тохиолдолд аль нэг талыг барихгүй байх гэсэн гурван зарчмыг Монгол Улс тунхагласан билээ.

ШХАБ-д элсэх санаачлагыг дэмжихээ илэрхийлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тооцоонд төмөр замаа бариулах, Тавантолгойгоо  хөдөлгөх тухай сэрүүн зүүд л буугаад байх шиг. Харин энэхүү солиотой зүүднийхээ барьцаанд бүхэл бүтэн улсынхаа хувь заяаг тавьж буй гэдгээ ухаарч л байдаг байгаа даа. Тэд сэрэхийн цагт Монгол минь бүтэх байх болов уу...

                                                                                                                                          Б.Хурцболд

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!